Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүнээр Б.Нямдорж сонгогджээ

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Өдгөөгөөс найман жилийн өмнө байгуулагдсан Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” МСУХ энэ оны нэгдүгээрр сарын 14-ний өдөр бүх гишүүдийн хурлаа хийсэн байна. Энэ хуралд нийслэлийн МСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр, тэргүүлэгч Ц.Баянжаргал нар оролцож ММСУХ-ны 2015 оны бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар уяачдад танилцуулж, Баянзүрх дүүргийн дөрвөн уяачид, тухайлбал, хурдан хүлэг нь ”Эрхэм төрийн идэр түмний эх” цол авсан Д.Болдбаатар, Гиннесийн уралдаанд хурдан морио 88-д хурдлуулсан дүүргийн Алдарт уяач Х.Батсайхан, улсын наадамд гурван удаа морь айрагдуулсан С.Монхор, хурдан морины төлөөх үйлсэд идэвх санаачилгатай оролцож, залуу хойч үедээ үлгэр дуурайлал үзүүлж яваа Л.Нармандах нарт хүндэтгэл үзүүлж, талархал гардуулжээ.
Түүнчлэн “Гачуурт хурд”-ын уяачид удирдлага, зохион байгуулалтаа шинэчлэх талаар голчлон ярилцаж, холбооны тэргүүнд Ү.Атарсайхан /дахин нэр дэвшсэн/, Б.Нямдорж нар нэр дэвшсэн байна. Улмаар нийт уяачдын 17 нь Ү.Атарсайхны төлөө, 68 нь Б.Нямдоржийн төлөө санал өгч холбооны шинэ тэргүүнээр залуу уяач Бямбадоржийн Нямдорж сонгогджээ. Шинэ тэргүүнд НМСУХ батламж гардуулж, Ү.Атарсайхан холбооны тамга тэмдгээ ёслол төгөлдар гардуулан өгсөн байна. Мөн тус холбооны дэд тэргүүнээр Дашжамцын Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар “Мэдрэхүйн мэлмий” ХХК-ийн захирал Ганбаатарын Алдартбаяр нар сонгогджээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна