“Цагаан тавагт халтар азарга” дууг олны хүртээл болгожээ

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 12 -нд

Завхан аймгийн Сонгино сум байгуулагдсаны 90 жилийн ойгоор Тэсийн голын удамт хурдан хүлгүүдийн төлөөлөл нутгийн алдарт хурдан хүлэг Цагаан тавагт халтар азарганд зориулсан дууны уран бүтээлийг олны хүртээл болголоо. “Цагаан тавагт халтар азарга” хэмээх дуу нь аймгийн Алдарт уяач Ч.Пүрэвхүү, МУСГЗ Б.Бямбабаяр, МУСТА, дуучин Б.Батболд нарын хамтын бүтээл юм. Уран бүтээлийн эзэн хурдан халтар азарга нь Завхан аймгийн баруун, хойд, Увс аймгийн зүүн сумдын болон бүсийн наадамд олон түрүүлж, айрагдсан хурдан буян ажээ.
ЦАГААН ТАВАГТ ХАЛТАР АЗАРГА
Алтан соёмбот төрийнхөө наадмын асрыг тойроод
Аялгуулах гийнгоондоо товолзонхон дүүхэлзээд
Арга нум эвшээлгэх зурхай эргэх гараанаас
Алдарт хурдуудын магнайд түрүүлэнхэн цойлонхон гарваа хө
ДХ: Цахилаад ирэх бараа нь хийморьтой
Цэцэн Сартуулын цуутай хүлэг ээ хө
Цугласан олныхоо баярын магнайг тэнийлгэсэн
Цагаан тавагт халтар азарга түмэн эх ээ
Хурдны даллагатай уяандаа сортолзонхон дүүхэлзээд
Хулан тахийн төрхөөрөө гайхууланхан янцгаагаад
Торгоны хээ нийлэх шиг уяа эвлэн живхэрсэн
Тэсийн голын унага удамт хурдан хүлэг ээ хө
ДХ: Цахилаад ирэх бараа нь хийморьтой
Цэцэн Сартуулын цуутай хүлэг ээ хө
Цугласан олныхоо баярын магнайг тэнийлгэсэн
Цагаан тавагт халтар азарга түмэн эх ээ
Цагаан зандангийн утлагатай уяандаа эргэцэн унгалдах нь
Царманд урамдан цавчлах халиун бугын шинжтэй
Наран дотор наадах түмэн цэцгийн мандал шиг
Наадамчин олон түмэн ам булаалдан шагширваа хө
ДХ: Цахилаад ирэх бараа нь хийморьтой
Цэцэн Сартуулын цуутай хүлэг ээ хө
Цугласан олныхоо баярын магнайг тэнийлгэсэн
Цагаан тавагт халтар азарга түмэн эх ээ
П.Баатарцогт

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна