Л.Одхүү: Биднийг авч үлдэх гол баталгаа бол монгол хэл соёл, зан заншил маань юм

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 07 -нд

Өвөрхангай аймгийн Бүрд суманд хоёр гал уяа байдгийн нэг нь “Од хийморь” гал юм. Галын тэргүүн Л.Одхүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-“Од хийморь” гал хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
-Уншигч олныхоо амар амгаланг айлтган мэндчилье. Манай гал албан ёсоор 2013 онд байгуулагдаж Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгээ авсан. Анх Даваасүрэнгийн Мөнхжаргал, Самбилсүрэнгийн Ганзориг, Нямбуугийн Сэр-Од, Батмөнхийн Батбаатар, Нацагийн Баяртогтох, Дашдооровын Батболд, Мишгээгийн Уламбаяр, Баяраагийн Пүрэврагчаа, дээр нь би нэмэгдээд есөн сайхан найз сэтгэл санаа нийлж үүсгэн байгуулсан. Эдгээр найз нөхөд маань бүгдээрээ Монголоо гэсэн сэтгэлтэй, монгол ёс заншил, түүх соёлоо хүндлэн дээдэлдэг хүмүүс байгаа юм.
-Гал байгуулах болсон гол учир шалтгаан нь юу байв?
-Монгол хүн гэдэг нутаг амьтай. Яваад очих нутаг ус, ах дүү, ард олонтой байх үнэхээр сайхан. Ямар ч сайхан барилга байшингаас илүү уул усаа харж баясаж сэтгэл тэнийдэг. Тэгээд ч энэ сайхан нутгийн хүү нь болж төрснийх сум орондоо хувь нэмрээ оруулъя, хүн ардад нь тус нэмэр болъё, адууных нь үүлдэр угсааг сайжруулахад дэмжлэг үзүүлье гэсэн сэтгэлээс үүдэлтэй юм даа.
-Зорилгын тухайд?
-Ерөнхийд нь тоймлон хэлбэл уяачид болон хурдан морь унаач хүүхдүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, тэднийг урамшуулах, дэмжих, монгол адууны үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулах, монгол ёс заншил, мэдлэг ухааныг хадгалж үлдэх, сурталчлан таниулах зорилготой.
-Та яагаад энэ ажилд цаг заваа зориулах болсон юм бэ?
-Би дунд сургуулиа дүүргээд гадаадад их сургуульд суралцаж төгссөн юм. Хүнийг үнэ цэнэтэй болгодог нэг том зүйл бол өөрийн гэсэн угсаа гарвал, үүх түүх, соёл уламжлал юм байна гэдгийг тэр үед маш сайн ойлгож авсан. Тэр тусмаа Монгол шиг агуу түүхтэй үндэстэнд энэ үг бүр их хамаатай. Өөрийн гэсэн юмтай байж, түүнийгээ ойлгож ухаарч, эзэмшиж ашиглаж, сайн сайхнаар авч явж чадна гэдэг соёлт хүмүүний нэгэн бахархал. Ингэхийн тулд маш их сэтгэл, зүтгэл, чармайлт, хөдөлмөр шаардлагатай. Хийж бүтээх хэрэгтэй, хоосон шүүмжлэл хэрэггүй. Нөгөө талаас өнөөдөр Монгол Улс маань эдийн засаг, шинжлэх ухааны хүчин чадлаараа хараахан дэлхийд товойн ялгарч чадахгүй байгаа нөхцөлд биднийг авч үлдэх гол баталгаа бол монгол хэл соёл, зан заншил маань юм шүү дээ. Хэрхэвч монголоо алдаж болохгүй гэж дээдэс маань захиж үлдээсэн.
-Галын тухайд бусдаас ялгагдах онцлог бий юу?
-Мэдээж бид тодорхой хугацааны дараа улсын наадамд амжилт үзүүлэхийг хүсч, зорилго тавьж ажиллах нь гарцаагүй. Бид бусад галтай адил төстэй үйл ажиллагаа явуулахаас гадна тухайн нэг сумаас манай галд элссэн гишүүд уяачдаа нэгтгэн зохион байгуулах, хамтын хүчээр уралдаан тэмцээнд оролцох, туршлага солилцох, сургалтанд хамруулах, тодорхой асуудлыг хамтаар шийдэж ард нь гарах гэх мэт ажлыг хийхээр хичээж байгаа нь манай галын онцлог гэж бодож байна. Бид сумын түвшнээс ажлаа эхэлье гэж анхнаасаа ярилцаж тохирсон. Тиймээс 1-3 суманд л төвлөрч ажиллана.
-Бүрд сумаас хичнээн уяач “Од хийморь” галд харьяалагддаг вэ?
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шаалайн Лувсаншарав, Таравдоржийн Мөнхсүх, Дэнсмаагийн Жаргалсайхан, Нямбуугийн Лувсанцэрэн, Ням­­­буугийн Содномпил, Нямбуугийн Содномжамц, Нямбуугийн Батжаргал, Гэрэлт-Одын Гансэлэм, Зэвгийн Цэдэнсодном, Гомбосүрэнгийн Туул, Гомбосүрэнгийн Ивгээлт, Сэр-Одын Батзаяа нар манай галын гишүүд. Тэднийг Удирдах зөвлөлийн гишүүн, сумын алдарт уяач С.Ганзориг ахлан ажиллаж байна. Галынхаа үйл ажиллагаанд сэтгэл гарган идэвхтэй оролцож, байнга дэмжиж байдагт баярлаж талархаж явдгаа энэ дашрамд та бүхэндээ илэрхийлье.
-Морин жилийн амжилтаа дүгнэвэл?
-2014 онд улс, бүсийн чанартай уралдаанаас 2 айраг, сумдын төрийн наадмаас 8 айраг, түрүү, сумын 90 жилийн ойн наадмуудаас 1 түрүү, 3 айраг, бусад уралдаанаас 30 гаруй айраг, түрүү авчээ. Гал маань байгуулагдаад удаагүй гэхэд чамлахааргүй амжилт гэж бодож байна. Энэ амжилт дээр нэр дурдсан гишүүд, уяачид, найз нөхдийн минь ач тус, дэмжлэг туслалцаа, хөдөлмөр чармайлтын үр дүн юм шүү дээ.
-Ер нь таныхаар морин спортод тулгамдсан ч гэх юмуу, төвөгтэй ямар асуудал байна вэ?
-Аливаа ажил үйлсээс асуудал бэрхшээлийг нь нэрлээдэх гэвэл зөндөө л юм байдаг. Тэр бүхний дундаас нэгийг нь гол болгон хэлмээр байна. Манай уламжлалт хурдан морины уралдааны тухайд унаач хүүхдүүдийн асуудлыг анхаарах ёстой. Хүүхдүүдийнхээ эрх ашиг, эрүүл мэнд, шагнал урамшууллыг ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй. Хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоё гэж зарим нь ярьдаг. Энэ буруу. Гэтэл “өөрийнхөө нялх үрийг моринд мордуулаад уралдуул” гэвэл олон хүн бодох, зохицуулах юм их байна аа гэж хэлэх биз. Ийм болохоор энэ асуудлыг уламжлалаа хадгалж, бас бидний хамгаас илүү хайрлах ёстой хүүхдүүд маань ямар нэгэн байдлаар хохирдоггүй байхаар бодож шинэчилж зохицуулах нь зүйтэй.
-Хурдан морь сонирхогчдын эгнээ жил ирэх тусам өргөжин тэлж буй. Харин таны хувьд хэзээнээс хурдан морь, морин спортыг сонирхох болсон бэ?
-Монголынхоо түүхээр үнэхээр бахархдаг, тиймээс агуу эцэг өвгөдийн бий болгож бүтээсэн сайн сайхан уламжлал бүхэнд хайртай, энэ бүхэн мартагдаж гээгдэлгүй үр хойчист маань хүрээсэй гэж хүсдэг. Харин хувь хүнийхээ хувьд ний нуугүй ярихад энэ ажилд монгол соёл, монгол хүн гэдэг талаасаа хандаж оролцдог болохоос биш төрийн өндөр албан тушаалтан, алдарт уяач болох, асар үнэтэй адуу мал арилжиж худалдах гэдэг талаас нь бол таашаадаггүй. Монгол хүн бүр эх орондоо хэрэгтэй зүйл хийж бүтээх, Монголоо авч үлдэх, хөгжүүлэх гэдэг бодлоор ажил хөдөлмөртөө зүтгэх ёстой болохоос биш нэр алдар хөөцөлдөх, гайхуулах, хий хоосон чамирхах зэрэг нь үнэндээ ямар ч утгагүй зүйл шүү дээ. Тэгээд ч өнөөдөр ард олны минь амьдрал бүгдээрээ тэгтэл элбэг дэлбэг болчихоогүй байхад гайхуулах сэтгэлгээтэй байвал энэ нь оюуны хоосролын шинж. Нөгөө талаас нь яривал, аливаа уралдаан тэмцээнд, тэр тусмаа хурдан морь гэдэг зүйлд багагүй хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Дөмөгхөн шиг хөгжүүлье гэвэл санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Тэгэхлээр энэ бүхэнд мэдрэмжтэй, ухаалаг, жор тунг нь тааруулж ажиллах хэрэгтэй гэж боддог юм.
-Ажилд нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Галынхаа УЗ-ийн дарга Д.Мөнхжаргал болон гишүүд, уяачид, уралдаанч хүүхдүүд, анд нөхдөдөө шинэ оны мэнд хүргэж, ирж буй 2015 ондоо аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байж, аргамаг сайн хүлэг морьд нь айраг, түрүү олныг хүртэх болтугай гэсэн ерөөл дэвшүүлье.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна