“UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин: Хүүхэд насны нандин сайхан дурсамжууд хадгалагдан үлдсэн нутагтаа ирэх дуртай

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 06 -нд

-“UFC” группийн захирлыг Увс нутгийн хүн л хэмээн боддог байлаа.
-Тэгж боддог хүмүүс олон. “Увс хүнс” компанийг худалдан авч, бизнесийн гараагаа тэр нутгаас эхэлсэн учраас тэгж боддог юм шиг байгаа юм. Гэхдээ Булган, Увс аймаг хоёулаа миний төрсөн нутаг. Би ингэж хэлэх дуртай. Нэг нь миний хүн болж төрсөн нутаг, нөгөө нь миний бизнесийнхээ гарааг эхэлж, бизнесменийхээ хувьд төрсөн нутаг.
-Энэ удаа эхээс төрсөн нутгийн тань талаар товч ярилцъя. Баатар вангийн нутгийнхан түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ шүү дээ?
-Хутаг-Өндөр сум маань Манлай ван Хатанбаатар Магсаржавын нутаг гэдгээрээ алдартай. Уул ус нь тэгширч, ургамал ногоо нь жигдэрсэн үнэхээрийн сайхан нутаг. Энэ жил төрөлх сумын маань 90 жилийн ой тохиож өргөн дэлгэр сайхан боллоо. Миний аав Булган аймгийн Сайхан, харин ээж маань Хутаг-Өндөр сумын хүн. Харин миний хувьд Хутаг-Өндөр суманд төрж, бага насаа энд өнгөрөөсөн.Хүүхэд насны нандин сайхан дурсамжууд хадгалагдан үлдсэн нутагтаа ирэх дуртай. Тэр ч утгаараа таван жилийн өмнө Уньт багийн нутагт байдаг сахарын рашаан дээр тулгуурлан амралт сувиллын бааз байгуулсан. Мөн 2000 га-д улаан буудай тариалахын зэрэгцээ Булган аймгийн төв дээр UFC группийн нэртэй томоохон бөөний худалдааны төв ажиллуулдаг. Цаашдаа эрчимжүүлсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх бодолтой байгаа.
-90 жилийн ойн баяр наадмын гол хандивлагчдын нэг байсан гэж сонссон юм байна?
-Энэ нутгийн хүүгийн хувьд гарцаагүй хийх ёстой зүйл. Нутаг орны маань ой сайхан болсонд баяртай байгаа. Хүний хэрэгцээний шатлал гэж байдаг шүү дээ. Анхан шатны буюу өлсөхгүй байх, аюулгүй байх хэрэгцээ хангагдсаны дараа дараагийн хэрэгцээний шатлал руу шилждэг хуультай. Үүнийг нөгөө талаас нь нийгмийн хариуцлага хэмээн ойлгож болох юм. Тэр  утгаараа нутаг орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Сая ч гэсэн сумын ойн үеэр орон нутгийнхаа удирдлагуудтай ярилцаж байгаад боломжийнхоо хэмжээнд дэмжиж оролцсон. Дээрээс нь би зөвхөн Хутаг-Өндөр гэлтгүй Булган аймгийнхаа хэмжээнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах юмсан хэмээн хичээж явдаг. Жишээлбэл, Булган аймгийн үндэсний бөхийн “Булган хангайн хүчтэнүүд” дэвжээний тэргүүнээр ажиллаж, бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.
-Нутгийнхаа ойд соёолон түрүүлгэсэн  гэсэн?
-Манай дүүгийн морь байгаа юм. Миний нэр дээр л цоллуулсан.Түүнээс биш би амжилт гаргахад нь ямар нэг байдлаар оролцоогүй. Бизнесийнхэн гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. Бараг  хоногийн 24 цагийн турш толгой нь ажиллаж байдаг. Энэ их ажлынхаа стрессийг тайлахаар олон бизнесмен хурдан морь сонирхдог болж. Миний хувьд тэдэн шиг хурдан морь сонирхож уядаггүй. Гэхдээ монгол хүн бүрийн цусанд байдаг түрүү, айргийн морьд хараад самсаа шархирах омогших бахархах сэтгэл бол төрнө өө.
-Бид оны зааг дээр ярилцаж байна. Нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
-Уугуул нутгийнхаа зон олонд айлчлан ирж буй 2015 ондоо ажил амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе. Тариаланчдын маань хувьд нартай хуртай ургац арвинтай, малчдын маань хувьд төл бүрэн мэнд байхын ерөөлийг дэвшүүлье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна