Дорнод аймгийн МСУХ шилдгүүдээ тодрууллаа

Батсайхан
2014 оны 12-р сарын 23 -нд

“Дорнод талын хурд” Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан Дорнод аймгийн МСУХ 2014 оны шилдгүүдээ тодруулж, шинэ жилийн баярын цэнгүүнээ нижгэр зохион байгууллаа.Энэ сарын 21-ний өдрийн морин цагт Ийст палас цогцолборт эхэлсэн баярын цэнгүүнд уламжлал ёсоор улс, аймгийн цолтой ахмад уяачид, холбооны тэргүүлэгч гишүүд гэр бүлийн хамтаар, мөн улиран одож буй 2014 онд хурсан олноо цэнгүүлсэн шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүд урилгаар оролцсоноос гадна салбар холбоодын төлөөлөл нийт 150 орчим зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
2014 оны улс бүсийн наадмуудаас зургаан түрүү, долоон айраг хүртсэн Дорнодын хийморилог уяачдын баярын цэнгүүнийг холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нээж мэндчилгээ дэвшүүлэн, өнгөрсөн жилийн ололт амжилтаа хэлэлцэн, амжилттай наадсан нийт уяач, уралдаанч хүүхдүүддээ баяр хүргэсэн. Үүний дараа  оны шилдгүүдийг тодруулж, шагналыг гардууллаа.
1. 2014 оны шилдэг уяач:
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд хязаалангаа аман хүзүүнд, шүдлэнгээ айргийн дөрөвт хурдлуулсан Халхгол сумын харьяат залуу уяач  З.Хилийнхүү  шалгарлаа. Тэрээр сүүлийн 15 жилийн турш  хурдан хүлгийн уяа тааруулж буй удамт уяачдын нэг билээ.
2. Шилдэг салбар холбоо: Ж.Цогтбаатар тэргүүнтэй Баянтүмэн сумын “Баянтүмэнгийн хурд” МСУХ шилдэг салбараар шалгарлаа. Тус сумын харьяат  Д.Түвшиндондог Ерөнхий сайдын нэрэмжит “Адуучин” тэмцээний уран бугуйлын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ тавдугаар байр эзэлсэн бол нутгийн бахархалт хүлэг Чонон саарал мориныхоо хөшөөг сумандаа барьж байгуулсан байна. Түүнчлэн морь барианы газраа шинэчлэн байгуулж, “Баянтүмэнгийн хурд” хэмээх дуутай болж, доктор Төмөрхадуурыг урьж уяачдынхаа мэдлэг чадварыг сайжруулсан гэх мэтээр  олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн тус сумын холбоог оны шилдгээр тодруулжээ.
3. Шилдэг уралдаанч хүүхэд: “Дорнод талын хурд” зүүн бүсийн хурдан морины уралдаанд Загал хул хязаалангаа аман хүзүүдүүлж, хонгор шүдлэнгээ айргийн дөрөвт хурдлуулан, Халхгол сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадмаас хоёр  түрүү, нэг айраг хүртсэн Халхгол сумын уралдаанч Хилийнчулууны Учрал шилдгээр шалгарлаа.
4. Шилдэг их нас: Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн харьяат, сумын Алдарт уяач Түвдэнгийн Энхцогтын хар саарал морь 2014 оны Дорнод аймгийн шилдэг хүлгээр шалгарлаа.7 сарын 25-26 өдрүүдэд Баянтүмэн суманд зохион байгуулагдсан “Дорнод талын хурд” зүүн бүсийн наадам болон Баян-Уул, Халхгол сумдын 90 жилийн ойн баяр  наадмуудад түрүүлсэн хар саарал морь ММСУХ-ны 2014 оны чансаа өндөр их насны морьдын есөд эрэмбэлэгдсэн билээ.
5. Шилдэг ивээн тэтгэгч: Морин уралдааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан өглөгийн гараа сунгасан “шилдэг ивээн тэтгэгч”-ээр “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболд нэрлэгджээ.
Өвлийн жавар, хаврын хавсарга, зуны халуунд хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг уяачдынхаа аз хийморийг шалган хөгжөөдөг уламжлалтай. Аз нь алгандаа хурсан азтануудыг Араб, Англи угшлын эр, охин дааганууд, мэргэжлийн дижитал гэрэл зургийн аппарат, хоёр нүдний Герман дуран, суран хазаар ташуур, сийлбэртэй хусуур сойз, мөнгөн аяга, виски, уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай зэргээр урамшуулсан бөгөөд
1. Эр даага-Уран бугуйлч Түвшиндондог
2. Охин даага- Гурванзагал сумын МСУХ-ны тэргүүн, сумын засаг даргын орлогч Эрдэнэбаатар /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн унаган адуунаас байлдаг уламжлалт тогтоод дөрвөн жил болж буй юм./
3. Мэргэжлийн дижитал гэрэл зургийн аппарат- 2013 оны аймгийн шилдэг уяач, "Дорнод талын хурд" зүүн бүсийн уралдаанд шүдлэн айргийн тавд хурдлуулсан Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэцогт
4. 2 нүдний Герман дуран- 2005 оны зүүн бүсийн уралдаанд соёолон айрагдуулж байсан Матад сумын харьяат, сумын МСУХ-ны дэд тэргүүн М.Анхбаяр
5. Мөнгөн аяга, виски-“Баянтүмэнгийн  хурд” МСУХ-ны тэргүүн Ж.Цогтбаатар
6. Суран хазаар, ташуур-МСУХ-ны тэргүүлэгч Б.Баатархуяг
7. Хусуур сойз- аймгийн Алдарт уяач И.Намжил
8. Хамгаалалтын малгай-Хөлөнбуйр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Н.Даваагийн хурдан морийг унаж хурдлуулж байсан Чимэд./УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ээж/
9. “Их хурд” ном- аймгийн Засаг дарга С.Ганбат нар тус тус шагналын эзэд болсон юм.
Түүнчлэн сум бүрийн шилдэг уралдаанч хүүхдүүдэд өвлийн өвгөн гарын бэлгээ гардуулсан бөгөөд Халхгол сумын Х.Учрал, Матад сумын Б.Отгонбаяр, Хөлөнбуйр сумын З.Бямбашаарийбуу, Баянтүмэн сумын Ө.Билгүүнтулга, Цагаан-Овоо сумын Г.Дайчинхүү, Баян-Уул сумын О.Ерөөлт, Баяндун сумын Э.Энхманлай, Дашбалбар сумын Ц.Мижиддорж, Гурванзагал сумын М.Баянмөнх, Чулуунхороот сумын Б.Марал-Эрдэнэ, Чойбалсан сумын Р.Энхбаяр, Сэргэлэн сумын Г.Эрдэнэбадрах, Хэрлэн сумын Б.Батбуян нар тэрхүү шагналын эзэн боллоо. 
Ийнхүү гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Дорнод аймгийн хийморилог уяачдын шинэ жилийн цэнгүүн баяр, бахдал инээд хөөрөөр дүүрэн сайхан болж өндөрлөлөө.
Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна