Наадам чимсэн Гардиуд

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 08 -нд

1893 оны даншиг наадамд 1032 бөх барилдахад найм даван шөвгөрсөн Сэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошууны Гомбод “үнэн хүчит гарди” хэмээх цол олгожээ. Түүхийн баримт ийм байгаа бол хоёрдугаар мянганы эх, шинэ зууны түрүүнд Үндэсний их баяр наадмын тухай хууль гарснаар улсын баяр наадамд найм давсан бөхчүүдэд “Монгол улсын гарди” хэмээх цолыг олгох болсон байна.
Шинээр олгох болсон гарди цолыг анхлан авсан бөх нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар юм. Түүний хувьд хууль гарсан он буюу 2003 оны улсын наадамд найм даван үзүүрлэснээр “Монгол улсын гарди” болж байв.
2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж урд онуудын улсын баяр наадамд найм давж байсан, амьд сэрүүн байгаа бөхчүүлд “улсын гарди” цол олгосон билээ. Мөн тэр цагаас хойш улсынхаа баяр наадамд найм давж энэ цолыг хүртсэн бөхчүүд цөөнгүй бий. Гарди цол олгох зарлиг гарснаар урд өмнөх амжилтаа үнэлүүлж “Улсын гарди” цол хүртсэн бөхчүүдийн түүх болоод барилдааны амжилтын талаар уншигчдадаа хүргэхийг зорилоо. Энэ дашрамд хэлэхэд нийтээр гарьд хэмээн бичдэг боловч уугуул монгол хэлнээ “гарди” хэмээх бөгөөд монгол бичгээр “гаруди” гэж бичдэгийг бодсон ч гарди хэмээн бичиж хэвших нь зүйтэй юм.
ДАМДИНЫ БАЯРАА
Хорьдугаар зууны алдарт дархан аварга Дарийн Дамдиныг төрийн наадамд хоёр дахиа түрүүлсэн 1957 оны наадмын орой нуган үр заяасан нь хожмын хүчит гарди Баяраа байлаа. Аварга хүүгээ давхар баяртай үед гарсныг бэлгэшээн Баяраа хэмээх алдар хайрлажээ. Аварга аавын хүү өсвөр багаасаа сайн барилдаж байсан агаад чөлөөт бөхөөр голлон барилдаж байсан байна. Сүүлд үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн ч аргагүй их аваргын удамт хүү гэдгээ харуулж ахлах цолтнуудыг давж бас нэгэн “аранга” гарч буйгаа харуулжээ. Улмаар 1979 оны улсын баяр наадамд Архангайн Д.Нанжид, улсын начин Д.Найдан, улсын аварга Ч.Бээжин нарыг өвдөг шороодуулан тав давж “Монгол улсын начин” цолд хүрчээ. Аавынхаа 21 насандаа авсан начин цолд хорин хоёртойдоо хүрсэн байна. Улмаар 1981, 1982 онуудын улсын баяр наадамд дөрөв давсан ч тавын даваанд тунан барилдаад шороодсон байна.
Улмаар 1984 оны улсын наадамд улсын заан С.Хүрэлбаатарыг өвдөг шороодуулан тав давсан боловч зургаагийн даваанд арслан М.Мөнгөний дархан мэхэнд өвдөг шороодож начин цолдоо “өсөх идэр” чимэг нэмжээ. Тухайн жилүүдийн баяр наадамд доогуур даваанд өвдөглөсөн нь нэг талаар барилдааны арга барил дутаж байсантай холбоотой боловч биеийн жин их нөлөөлсөн гэдэг. Энэ талаар нутгийн аварга Ж.Цэвээнравдан “Энэ Баяраа уг нь хөдөлгөөн хурд хэнээс ч илүү. Даанч чөлөөт бөх гэдгээр барилдаж жин  их хасаад түүндээ их ядраад олигтой барилдахгүй байна” гэсэн байдаг. Тийм боловч жил бүрийн наадамд Дамдины Баяраа заан цолд нэрлэгдэж байлаа.
Ардын хувьсгалын 65 жилийн ойн баяр наадмаар начин С.Эрхэмбаяр, заан Д.Амгаа нараар зургаа давсан ч хоёр жилийн өмнөх наадмаар өвдөг шороодсон арслан М.Мөнгөнд амлуулж мөн өвдөг шороодож заан цолны даваанаас буцаж начин цолоо хоёр дахь удаагаа батлав. Гучин настайдаа буюу 1987 оны наадмаар тавын даваанд тухайн үеийн улсын заан Б.Бат-Эрдэнэд амлуулж өвдөг шороодоход аварга аав нь тун их харамсаж байсан гэдэг.
Түүнийхээ хойтон жил урд оны начин Б.Жавхлантөгсөөр дөрөв давахад аварга аав нь амлаж авчээ. Магадгүй урд жил нь тавын даваанд унасан болохоор ч тэр үү, начин болсноос хойш даруй найм, есөн жил болсон болохоор тэр үү хүүгээ амлаж гар амар давуулсан гэдэг. Баяраа гарди аавыгаа өвдөглүүлээд түшиж босгох гэхэд аварга аав нь “Дээш барилдах хүн унасан бөхийн шороонд ордоггүй юм” гэсэн гэдэг. Улмаар зургаагийн даваанд улсын начин О.Балжиннямтай тунаж даваад долоогийн даваанд наадамд хоёр ч удаа өвдөг шороодсон Мядагийн Мөнгөн арсланд амлуулж барилдаад давснаар хүсч хүлээсэн “Монгол улсын заан” цолдоо хүрч аавынхаа итгэлийг дааж, ачийг хариулсан байна. Заан болсныхоо хойт жил тав даван шөвгөрсөн бол 1990 оны “Монголын Нууц Товчоо”-ны ойн даншигт одтой сайхан барилджээ. Тэр даншигт улсын начин Р.Цоггэрэл, улсын начин Н.Мөнхжаргал, дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын арслан М.Мөнгөн нараар найм давж их шөвгийн гуравт шалгарчээ. Энэ даншигт найм давсан амжилтаараа “Монгол улсын гарди” хэмээх цолыг хүртсэн түүхтэй.
Тэрээр улсынхаа баяр наадамд нэг удаа найм, нэг удаа долоо, хоёр удаа зургаа, гурван удаа тав давж нийт долоон удаа шөвгөрсөн бөгөөд чөлөөт бөхөөр тив дэлхийд олон тэмцээнд манлайлж дэлхийн залуучуудын АШТ-ээс мөнгөн медаль, “Интернационал” тэмцээнээс хошой алтан медаль хүртэж байсан ОУХМ цолтой бөх юм.
Хонгодож дайрах, хөл авах, мордох мэхүүдийг даалгаж уран сайхан барилддаг гарди маань өдгөөгөөс долоон жилийн өмнө унаган нутагтаа тэнгэрт хальсан билээ.
Удам сайт, уран барилдаант Гарьдынхаа тухай товч өгүүлэхэд ийм буюу.
ПУНЦАГИЙН СҮХБАТ
Суут их аварга Б.Бат-Эрдэнийн завсаргүй олон түрүүнд салхи оруулсан нэг л бөх бий. Тэр хүн бол Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын үнэн хүчит гарди Пунцагийн Сүхбат юм.
Тэрээр нэгэн мянга есөн зуун жаран дөрвөн он буюу алдарт луу жилтэй бөхчүүд төрсөн онд мэндэлжээ. Луутнуудын тэргүүнд барилдаж явсан энэ бөх арван найман насандаа өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байсан бол хорин дөрвөн насандаа улсын баяр наадамд “онжав” Д.Хишигдоржтой тунан барилдаж начны болзол хангаж, улмаар заан Р.Даваанямаар зургаа давж шинэ цолдоо өсөх идэр чимэг нэмээд дархан аварга Д.Цэрэнтогтоход өвдөг шорооджээ. Түүнийхээ хойтон жил улсын харцага Г.Намсрайжав, улсын заан С.Сүхбаатар, Ө.Тулгаа нартай тунан барилдаж зургаа даваад үеийн бөх, аварга Б.Бат-Эрдэнэтэй тунан барилдаж унасан байна.
Цагаан морин жилийн наадмаар Пунцагийн Сүхбат начин одтой сайхан барилдаж, урд хоёр жилийн наадмаар өвдөг шороодсон долоогийн давааг заан О.Балжиннямтай тунан барилдаад гэтэлж “Монгол улсын заан” цолд хүрчээ. 
Ардын хувьсгалын 70 жилийн ойн түүхт наадмаар заан Сүхбат “зангараг” харуулан барилдсан бөгөөд ид шуугиулан барилдаж байсан Завханы залуу бөх Г.Бат-Амгалан, арал бяр дүүрэн, шинэ начин Архангайн Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарди Д.Баяраа, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг дараалан давж үзүүр түрүүнд заан О.Балжиннямтай шалгаран үлджээ. Залуу дархан аваргыг бариа зөрөөнд давсандаа хэт хөөрсөн бөгөөд таарах бүртээ давдаг Сүхбат заан бушуухан гараад давчихъя, ингээд л төрийн наадамд түрүүлчихлээ гэсэн сэтгэл зүйгээр яаран гарч түрүү үзүүрийн барилдаанд төвлөрөн барилдаж чадалгүй, баруун хавируулаад уначих нь тэр. Магадгүй цаанаасаа зурсан төөргөөр О.Балжинням илүү байсан болов уу. Түрүү үзүүрт шалгарахын урд жил долоогийн даваанд энэ хоёр бөх тунаж П.Сүхбат давсан бол, хойтон нь мөн таарч мөн л П.Сүхбат давсан төдийгүй үзүүр түрүүнд барилдсан жилээ найман удаа таарч барилдахад бүгдэд П.Сүхбат давсан юм гэдэг.
Хэдийгээр улсын наадмын үзүүр түрүүнд харамсалтай байдлаар унасан ч гэлээ агуу их бөхийн, их аваргын түүхэн амжилтад завсар оруулж, бас нэгэн түүхийг бичсэн нь түүний гавьяа юм.
Улсад үзүүрлэсэн жилээ тэрээр тун одтой сайхан байсан бөгөөд чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж “Монгол улсын гавьяат тамирчин” хэмээх эрхэм цолын эзэн болжээ.
Мөн тэрээр чөлөөт бөхөөр Ази тивдээ гурван жил дараалан босоо байж, хоёр олимпт шагналт байрт шалгарч байсан аргагүй дэлхийн бөх юм. Төрийн их баяр наадамд нэг удаа найм, хоёр удаа долоо, дөрвөн удаа зургаа, хоёр удаа тав давж нийтдээ есөн удаа шөвгөрсөн түүний дархан аварга Б.Бат-Эрдэнийг зөрүүлж этэн давсан барилдаан, улсын гарди Б.Гантогтохыг хаяж яваад унасан барилдаан, арслан Мөнх-Эрдэнэтэй барилдсан барилдаанууд гээд л төр түмний наадмын түүхийг нэмж, түүчээг зузаатгасан олон барилдаан, олон түүхийг Монголчууд андахгүй ээ.
Дэлхийн их бөх, дэндүү сайхан гардийнхаа тухай цөөн үгийг чадан ядан эвлүүллээ.
ЦЭДЭНДАМБЫН ЦЭРЭНПУНЦАГ
Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг, Бор хайрхан уулын өвөрт ард Цэдэндамбынд нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо алдраа дуурсгах их бөх байжээ. Бага залуугаас өөрийн ах Ц.Бэгзсүрэнгийн хамт уралдаан тэмцээнүүдэд оролцож, байнга гэмээр түрүүлж байсан бяртай бас шартай шар залуу 1992 оны улсын наадамд дөрөв даваад урд оны начин Д.Мөнх-Эрдэнэтэй начны даваанд тунан барилдаад өвдөг шороодсон бол хойтон жил нь заан Д.Амгаагаар тав давж улсын цолтны их гэр бүлд багтжээ.
Ардын хувьсгалын 73 жилийн ойг Монголчууд тэгш дүүрэн тэмдэглэж 768 бөх барилдуулсан бөгөөд энэ наадамд залуу начин Ц.Цэрэнпунцаг “онжав” у.н А.Сүхбат, шинэ начин Д.Сумьяабазар, долоод у.з Д.Мөнх-Эрдэнэ нарын нэрийг сонсоход халгам бөхчүүдээр долоо даван начин цолоо заанаар солихоор болов. Долоогийн даваа дуусмагц тэр жилийн наадмын бэлтгэлд ахлан гарсан, багш О.Балжинням руугаа гүйж ирээд “Багшаа би заан болчихлоо. Одоо намайг амлаад авчих” гэхэд нь багш нь загнаж “Даваа чинь дуусаагүй” хэмээгээд буцаасан гэдэг. Наймын даваанд шинэ заан Р.Гансүхтэй тунаж ганцхан хавсарчихаад эргэж буй тэр л төрх монгол наадмын нэгэн чимэг, домог мэт яриа болсоор л байна. Ингэж төрийн наадмын их шөвгийн гуравт шалгарч өөрийн багш О.Балжиннямтай тунан барилдаж өвдөглөөд “Монгол улсын заан” хэмээх цолд хүрсэн бөгөөд сүүлд шинэ хуулийн дагуу энэ амжилтаараа “Монгол улсын гарди” хэмээх эрхэм цолын эзэн болжээ.
Их наадмын их шөвөгт шалгарсан цагаас хойш жил бүр түрүү үзүүрт яригдаж байсан боловч хэд хэдэн удаа их шөвөгт шалгараад илүү дээшээ барилдсангүй. Магадгүй сургууль соёл, ажил амьдрал гэж зав зайгүй гүйсээр бэлтгэлээ дутуухан базааж байсантай ч холбоотой байж болох юм. Түүний хувьд үе тэнгийн бөхчүүдээс бүгдийг нь өвдөг шороодуулж явсан бөгөөд амласан ам, давсан даваанууд нь одоо ч бөх сонирхогчдын ярианы сэдэв болсоор байдаг. 1997 оны наадмаар улсын арслан Б.Ганбатыг аймгийн арслан цолтойд нь амлаж давсан барилдаан, 1998 оны наадмаар дархан аварга А.Сүхбатыг улсын заан цолтойд нь амлаж тосгуулж хавсран давсан барилдаан, улсын начин М.Жамьянпүрэв, Д.Пүрэвсүрэн нарыг амлаж даваад сэгсэрч босгож буй байдал гээд л үеийн үе, цагийн цагт монгол бөхийн түүхийг чимсээр л байх билээ.
Түүний хувьд улсын наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэг, А.Сүхбатыг хоёр, улсын аварга Д.Сумьяабазарыг нэг, улсын арслан Б.Ганбатыг нэг, улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг нэг, улсын заан Р.Гансүхийг хоёр, улсын гарди М.Баяржавхлан, улсын заан Ч.Батзориг, улсын харцага Г.Элбэг, Т.Өсөх-Ирээдүй нарыг тус бүр нэг удаа давж байсан бөгөөд ямархан хэмжээний бөх байсныг илтгэх биз ээ. Улсын баяр наадамд хоёр удаа найм, гурван удаа долоо, дөрвөн удаа зургаа, нэг удаа тав даван нийт арван удаа шөвгөрсөн байна.
Гарди маань эдүгээ “GEM” интернэшнл компанийг үүсгэн байгуулж олон салбарт амжилттай ажиллаж явна.
Дайчин сайхан барилдаантай, даруу төлөв гардийнхаа тухайд энэ хүрээд өндөрлөе.

БАЯНМӨНХИЙН ГАНТОГТОХ
Дэлхийн зуун жилийн бөхийн од, их аварга Хорлоогийн Баянмөнхийн бага хүү Гантогтох аавыгаа төрийн наадамд гурав дахь удаагаа манлайлсан жил буюу 1972 онд мэндэлжээ.
Өсвөр багаасаа өнгөнд барилдаж эхэлсэн их аваргын хүү хорин хоёр насандаа улсын баяр наадамд улсын начин С.Эрхэмбаяр, улсын арслан М.Мөнгөн, улсын заан Д.Бумбаяр, улсын заан П.Сүхбат нараар долоо даван “Монгол улсын заан” цолд хүрч байлаа. Түүний зааны даваанд эдүгээгийн гарди, тухайн үеийн улсын заан П.Сүхбатыг давсан барилдаан Монгол бөхийн түүхнээ тодоор бичигдсэн юм.
Заан болсныхоо хойт жил дунд шөвөгт, түүний дараа хоёр жил бага шөвөгт шалгарч, 1999 онд “Их сорилго” барилдаанд үзүүр булааж шинэ зуунтай золгов.
Шинэ мянганы анхны жил аваргын хүү дороо суурьтай, дотроо бодолтой барилдаж, тухайн үеийн улсын начин Г.Элбэг,  аймгийн заан Б.Баттогтох, улсын заан Ц.Цэрэнпунцаг нараар долоо давж их шөвөгт шалгаран заан цолоо баталжээ.
Тэр наадмаас нэг үе буюу 12 жилийн өмнө аварга ааваар нь тунаанаас гарч байсан их аварга Б.Бат-Эрдэнэ ухаан зарж аваргын хүүг амлан тахимаа өгсөн нь мөн л монгол бөхийн түүхийн нэгэн содон түүх болсон юм. Ийнхүү төрийн наадамд анх удаа үзүүр булааж улмаар энэхүү амжилтаараа гарди цол хүртсэн билээ.
Түүний дараа, жил алгасан хоёр удаа үзүүрт үлдэж мөн гурван ч удаа шөвгөрсөн бөгөөд тухайн жилүүдийн наадмуудад дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн, улсын начин Р.Ганхуяг, Г.Олзгэрэл, Т.Энхтуяа, Л.Отгонбаяр нарыг давж байлаа.
Уран хурц, хашир буурьтай барилдаантай түүний 2004 оны наадмын долоогийн даваанд улсын харцага, эдүгээгийн улсын заан Ц.Мягмарсүрэнтэй тунан барилдаж давсан барилдаан түүнийг аргагүй их бөхийн удам, асар мэдрэмжтэй агуу бөх болохыг харуулсан гэхэд болно.
Мөн тэрээр сонирхогчдын сүмо бөхөөр дэлхийд анхлан манлайлсан бөгөөд чөлөөт бөхөөр тив дэлхийд амжилттай өрсөлдөж байсан учир “Монгол улсын гавьяат тамирчин” цолоор шагнуулсан юм. Улсын их баяр наадамд найм даван гурвантаа үзүүрлэж, нэг удаа долоо, гурван удаа зургаа, гурван удаа тав даван нийт арван удаа шөвгөрсөн байна.
Өдгөө “Увс нуур” галаа удирдан залгамж халаагаа тодруулсаар явна.
Төлөв түвшин зантай, төрийн наадмын гурван үзүүртэй, суурьтай буурьтай гардийн маань үйлс өөдөө байг ээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна