Дөрвөн түрүү, гурван айргийн эзэн Хөөрхөн зээрд

Үндэсний морин уралдаан мэргэшлийн чиг хандлага руугаа хазайсан энэ цаг үед нэг адуугаар  олон жил тогтмол амжилттай наадах амаргүй болсон гэдгийг уяачид хүлээн зөвшөөрдөг. Чухам тиймдээ ч өнгөрсөн зууны домогт хүлгүүд шиг амжилтаа олон жил хадгалж, алдар нэрээ цуурайтуулсан хурдан буян хуруу дарам цөөн тодорч буй бизээ. Гэхдээ шинэ цагийн монгол адуу буюу эрлийз ангилалд уралдсан цагаасаа эхлэн түрүүлж айрагдан алдраа дуудуулж буй нэгэн хурдан буян бол Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд азарга юм. Дааган цагаас эхэлж уягдан төрийн наадамд зургаалж, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн наадамд айргийн гуравт хурдлан өм нээсэн зээрд үрээ, 2012 онд АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд уралдаж, магнайдаа тоосгүй түрүүлэн морь сонирхогчдын танил болсон билээ. Ийнхүү алс холын Америкт амьдардаг эзнийхээ эх орондоо тэмүүлэх нэгэн шалтаг болсон зээрд үрээ  төрийн наадмаас арваадхан хоногийн зайтай болсон Да лам Цэрэнчимэдийн мэлмий гийсний 140 жилийн ой буюу  төвийн бүсийн уралдааныг мөн л өнгөлж, улс, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн болох нь тэр.
Харин дараа жил нь могой жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд зургаалж, улсын наадамд гуравлан давхар уяагаар Завхан аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, баруун бүсийн наадамд очиж аман хүзүүдсэн Хөөрхөн зээрд өнөө жил “Дүнжингаравын хурд”-д зургаалж, төрийнхөө их баяр цэнгэл болон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд тус тус түрүүлж, амжилтаа ахиуллаа. Ийнхүү Алтай нутгийн хүү  хурдан зээрдийнхээ буянаар улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, гурван айраг хүртэн, улсын цолонд ойрхон уяачаар нэрлэгдэж байна.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна