Азын тэнгэр анхны түрүү

Санжаадорж
2014 оны 10-р сарын 28 -нд

Дамдин гуай 1957 оны зун өндөр үнээр авсан “Бугалга” хээр азаргаа уяад  Балсан ах, хүргэн Тоолий нартайгаа хамт Өлзийт сумандаа уралдахаар Бүрэнцогтын баруун Духын дэрснээс хөдлөөд Замтын баруун салаагийн булагт буугаад үдэш чөдөртөй азаргаа хэдэн гүүтэй нь алдчихаад олсонгүй.  Шөнөжин эрж явсаар Сэрвэнгийн хадан дотор нойр хүрээд унтчихсан байж. Маргааш нь усан бороо ороод  байдаг. Гэтэл хээр азарга нь чөдөртэйгөө хэдэн гүүгээ хөөгөөд хөл нь улаан нялга болсон юм анх гарсан Духд ирээд байхад нь олж  аваад  эргээд наадам дээр торгон тарны орой очжээ. Гурван хөлий нь даавуугаар боочихсон ийм адууг мордуулаад яахав гэж бодоод байж байтал уяач богино Аюуш гуай ирснээ харж харж байгаад цааш эргээд явахдаа “за за “Бугалга” хээр азаргыг маргааш юу ч гүйцэхгүй  болж...”  гэж хэлээд явахад нь Балсан ахын   зэвүү нь хүрч “азарганыхаа хөлийг ийм улаан нялга болгочихоод байхад их дайрах нээ, энэ муу чинь гэж шороо цацмаар санагдаж байсан” гэж сүүлд нь  хэлж байжээ. 
Оройдоо яваад  Ламаа гэдэг  лам өвгөн дээр очин “...азаргаа мордуулах уу, яах уу” гэж асуухад “мордуул, мордуул, хөлгүй болдог юм бол би даана...” гэжээ. Ингээд азаргаа мордуулаад явуулсан чинь зудаггүй хол түрүүлээд богино Аюуш гуайн хэлсэн зөрүүгүй таарч өөрийнх нь хээр азарга аман хүзүүджээ. Ингэж л моринд дуртай өндөр ахыг азын тэнгэр ивээж анхны  түрүү  хайрласан ажээ. 
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна