Сумын Алдарт уяач Х.Сүхбаатар: Манайхан дөрвөн түрүү, 12 айраг хүртэн сайхан наадлаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 15 -нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хийморилог уяачид түүхт 90 жилийнхээ ойн баяр наадамдаа 16 айраг хүртэж одтой сайхан наадсан. Тэдний нэг нь сумын Алдарт уяач Хачингийн Сүхбаатар юм.

-Эрдэнэцагаан сумынхаа түүхт 90 жилийн ойд даага түрүүлгэсэн Алдартад баяр хүргэе?
-Баярлалаа. 90 жилийн ойн баяр наадам сайхан болж, олон газрын шилдэг хүлгэд ирлээ. Дааганы уралдаанд улаан үрээ маань түрүүлж, нутгийн олноо баярлууллаа. Сайхан байна. Даагыг маань Лхамзавын Амаржаргал гэдэг дүү хүү уясан. Унага байхад нь харчихаад “ахдаа уяж өгнөө” гэж байсан юм. Тэгээд өөрөө тэжээгээд, өөрөө  уяад түрүүлгэлээ. Энэ дашрамд Амаржаргал дүүдээ баярласнаа илэрхийлье. 
-Таны мэндийг хүлээн авах бизээ. 90 жилийн ойдоо хэдэн насны морь мордуулав?
-Зургаан насны морь  мордуулсан. Соёолон наймаар, их морь долоогоор, бусад нь арван хэд, хорин хэдээр давхилаа. Одоогоос арван жилийн өмнө 80 жилийн ойд миний ухаа шүдлэн айргийн таваар давхиж байлаа. Түүнээс хойш сумын наадамд азарга гурав орчихоод байна.
-Дааганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Дарьганга сумын харьяат, олон жил багийн Засаг дарга “солгой” Бямбаа гэж найзаасаа авсан адуу. Алтан-Овооны тахилгат аман хүзүүдэж байсан Айлтгүйн хээр гэж хурдан азарга байсан. Тэр азарганы төл улаан азарганы хүүхэд байгаа юм, миний улаан даага. Харин эх тал нь Махбуриадын улааны угшилтай гэнэ лээ. Наадмын дараа Говь-Алтай аймгийн харьяат Баянаа гэдэг залуу сонирхоод байхаар нь “зарахгүй ээ” гээд өгөөгүй.
-Эрдэнэцагаанчууд нутгийн дэвжээнээ сайхан нааджээ хэмээн баяр наадмын цуваа хараад бодож байлаа?
-Тэгсээн. Энэ жилийн тухайд үнэхээр сайхан наадсан. Зургаан насны морьдын 30 айргийн 16-г нь манайхан өөрсдөө авлаа. Хэдэн жилийн өмнө манай Эрдэнэцагаанд Хатагин гурван хошууны наадмыг хийж байсан юм. Тэгэхэд манай сум ганцхан айраг авч байлаа. Мөн Егүзэр хутагтынхаа мэндэлсэний 140 жилийн ойн баяр наадмаас хоёрхон айраг аваад бусдыг нь алдаж байсан. Тэр үед манайхан адуугаа тэжээж мэддэггүй байлаа. Сүүлийн үед залуучууд маань шинэ цагийн уяаны арга барилд сайн суралцаж байна. Түүнийгээ дагаад ч амжилт нь ч нэмэгдэж байна шүү дээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна