Уралдаанч Х.Учрал: Шилдэг унаач болохыг хүсдэг

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 15 -нд

Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Хилийнчулууны Учрал хэмээх энэ бяцхан охин мундаг уралдаанч. Биедээ баймгүй авхаалж, самбаатай энэ хэвлүүхэн охин Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд хязаалан, шүдлэн насны морьд айрагдуулан наадамчин олноос магтаалын үг дуулсан билээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Учралыг мундаг уралдаанч гэж сонссон. Энэ жил ямар ямар наадамд уралдав?
-Зүүн бүсийн наадамд нэг морио хоёрт /хязаалан аман хүзүү/, нөгөөг нь дөрөвт /шүдлэн/ оруулсан.
Нөгөө хоёр нь арай айрагдаагүй.
-Дөрвөн насны морь унасан юм уу?
-Тийм. Нэг өдөр хоёр морь унасан.
-Ядардаг уу?
-Жаахан л. Гэхдээ морь түрүүлвэл гоё.
-Халхгол сумын 90 жилийн ойд хоёр насны морь түрүүлгэсэн. Унасан морио түрүүлгэхээр өвөө нь Учралыг юугаар шагнадаг вэ?
-Чихэр, бас мөнгө өгдөг. Тэр мөнгөөр нь би гоё юм авдаг.
-Хэзээнээс морь унаж байгаа вэ?
-Гурван настайдаа анх морь унаж сурсан. Уралдахаар явахад Шинээ ах гаргаж өгөөд, зам зааж өгдөг. Бас морио сайхан унаарай гэдэг. Миний морь ахыг шүгэлдэхээр яваад байдаг юм. Тэгсээр байгаад түрүүлчихдэг.
-Шинээ ах нь оны шилдэг унаач болж байсан. Түүн шиг амжилт гаргахыг хүсдэг үү?
-Тийм. Тэгвэл гоё.
-Морь сайн унасны шагналд ямар бэлэг авахыг хүсдэг вэ?
-Дугуй.
-Удахгүй хүссэн бэлгээ авна гэдэгт итгэлтэй байна.  Амжилт хүсье.
-За.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна