Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 14 -нд

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо амжилттай болж дүнгээ гаргав. Хорин нэгэн аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан өсвөрийн бөхчүүд гурван насны ангилалд барилдан аваргуудаа тодрууллаа. Бид энэ барилдаан болохын өмнө улсын аварга шалгаруулах барилдаанд дээгүүр барилдах бололцоотой хөвгүүдийг таамагласан билээ. Бидний таавар хэр оносныг хамтдаа сонирхъё.
1. Бага насны ангилалд бидний таамагласан улсын шонхор Б.Лхагвадорж тасархай түрүүлжээ.Түүний хувьд нэг оныхондоо төдийгүй дээд насныхандаа ч уналгүй гурван жил өсвөрт манлайлсан билээ. Түүнд өсвөрийн улсын аваргад оролцох боломж ахиад хоёр тохионо. Төрсөн нутаг Нарийнтээл сумаас улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, улсын улам нэмэх харцага Чогжинмөнсөлийн Даваадорж, улсын начин Доржжанцангийн Батмөнх нарын улсын цолтнууд төрөн гарсан бөгөөд эдгээр алдартнуудын залгамж болохыг бөхийн хорхойтнууд түүнээс хүлээж буй нь лавтай.
Мөнгөн медалийг мөн манай тааварт багтсан Хэнтийн Д.Ариунбаатар авчээ. Мөн л алдарт аварга Б.Бат-Эрдэнийн нутгийн хүү бөгөөд улсын наадамд их шөвөгт шалгарч байсан хүү билээ.
Гутгаар байрт Баянхонгорын Чинбатын Алтангэрэл шалгарсан бөгөөд энэ насанд дээгүүр өрсөлдөх боломжтой Сүхбаатарын Нямдоржийн Өсөхбаяр сар нь хүрээгүй/иргэний үнэмлэх аваагүй/ тул оролцон барилдаагүй байна. Дөтгөөр байрт Сүхбаатар аймгаас оролцсон Баярсайхан шалгарчээ.
2. Дунд насны ангилалд манай тааварт дэвшүүлсэн Дорноговь аймгийн Батсуурийн Бат-Эрдэнэ тэргүүлсэн байна. Хүнд жинтэй, биеэ сайн суллаж, бярдаж барилддаг онцлогтой энэ хүү хошой аварга болж буй нь энэ.
Дэд байрт уран барилдаантай унаа холтой Осгондаваагийн Эрдэнэбат шалгарлаа. Сумандаа жил дараалан түрүүлсэн Баян-Адаргын энэ хүү өнгөрсөн жилийн хүрэл медалиа өнөө жил өөрчилж чадлаа.
Гутгаарт мөн л манай тааварт нэрлэгдсэн Булганы “дүүгүүр” хэмээх Намнансүрэн шалгарав. Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт дөтгөөр байрт шалгарсан бол өнөө жил байраа ахиулжээ. Арал бяртай суурьтай хүү дээ.
Энэ насанд Аварга сургуулийн “баавгай” хэмээх Даваадоржийн Эрдэнэтулга, Ховдын Н.Даваасүрэн нар удаах байруудыг эзэлжээ. Мөн л манай тааварт нэрлэгдсэн хөвгүүд.
3. Ахлах насанд түрүүлэх магадлалтай бөх хэмээн нэрлэсэн хошой аварга Э.Амартүвшин самбо бөхийн дэлхийн аваргад оролцохоор болсон тул барилдаагүй аж. Удаад нэрлэсэн “Аварга” сургуулийн Болдбаатарын Одсүрэн босоо байж аварга болжээ. Түүний хувьд өнгөрсөн жилийн мөнгөн медалиа өнөө жил алт болгож чаджээ.
Харин мөнгөн медалийг Увс аймгийн Түргэн сумын харьяат Баттулгын Нямсамбуу авсан байна. Алдартан дэвжээнд болсон барилдаанд алдраа дуурсгаж байсан энэ залууг алс баруун хязгаарт мөнгөн медаль хүртэж байхад төрсөн ах, чөлөөтийн Нямдорж хойд хөршид хүрэл медаль авч байлаа.
Хүрэл медалийг Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ авчээ. Унаа холтой, уян барилдаантай энэ залуу шилдгүүдтэй тун сайн барилдсаар ийн хүрэл медалийн эзэн болжээ.
Дөтгөөр байрт Төвийн Амгалан Хэнтийгээс оролцож, тавдугаар байрт өнгөрсөн жилийн хүрэл медальт Булганы Х.Нямдорж нар шалгарсан байна. Нямдоржийн хувьд хэдийгээр байр ухарсан ч түрүү бөхийн шороодуулжээ. Энэ насны эхний таван байр эзэлсэн залуусаас гурав нь Аварга сургуульд у.н Б.Адьяахүүгийн удирдлагад хичээллэдэг юм.
Нэгдсэн дүнгээр улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай “Аварга” сургууль тэргүүлж, аймгийн начин Ц.Нэргүйбаатар ахлагчтай “Хэнтий” аймаг дэд байр эзэлж, МУГД Ш.Эрдэнэ-Очир багштай Булган аймаг гутгаар байрын эзэд болжээ.
Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна