Өсвөрийн аваргууд Өлгийд тодорно

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 29 -нд

Үндэсний бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаан 2014 оны аравдугаар сарын 3-5-нд Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо болох гэж байна. Барилдаан гурван насны ангиллаар болох бөгөөд нас тус бүрт 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хөвгүүд барилдана. Энэ жилийн улсын аваргаар хэн хэн тодрох магадлалтайг уншигчдадаа хүргэе.
16 нас
Энэ насанд түрүүлэх хамгийн магадлалтай бөх бол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, сүүлийн гурван жилийн улсын баяр наадмын түрүү улсын шонхор Батжаргалын Лхагвадорж юм. Гурван жил улсын баяр наадамд дараалан түрүүлж давтагдашгүй амжилт гаргасан түүний хувьд өсвөр үеийн барилдаанд барилдсан цагаасаа нэг л удаа тахим өгсөн бөгөөд энэ удаагийн улсын аваргад ч мөн тасархай түрүүлэх болов уу. Татаж дүүгүүрдээд, давхар тохоод байхад даваа олныг авна биз ээ.
Өнгөрсөн өвөл Дарханд болсон 15 настнуудын улсын аваргад түрүүлсэн Хэнтийн Дамдинсүрэнгийн Ариунбаатар, өнөө жилийн улсын наадамд үзүүрлэсэн Сүхбаатарын Нямдоржийн Өсөхбаяр нар ч медалийн төлөө өрсөлдөх болов уу. Ариунбаатарын хувьд улсын наадмын их шөвөгт шалгарсан бөгөөд өнөө жил сумандаа начин цол хүртжээ. Харин Нямдоржийн Өсөхбаяр улсын өсвөрт үзүүрлэж, сумынхаа наадамд ч мөн үзүүрлэсэн бөгөөд нутгийн ах нар, нэг дэвжээний бөхчүүд улам дэвжсэнийг хэлж байна лээ.
Бага насанд онцгой байдлын Ц.Нямдаваа, Төвийн М.Жамсрандорж, Баянхонгорын Ч.Алтангэрэл, Завханы М.Лхагвагэрэл, Архангайн Э.Очирхуяг, Баян-Өлгийн М.Еркинбек нар ч дээгүүр өрсөлдөх боломжтой.
17 нас
Дунд насанд Дорноговийн Б.Бат-Эрдэнэ түрүүлэхэд үгүй гэх газаргүй юм. Саяхан “Аварга” сургуульд бэлтгэл хийж буйг нь харахад жин улам нэмсэн харагдсан. Өнгөрсөн жилийн амжилтаа өнөө жил давтаж хошой аварга болохыг үгүйсгэмгүй. “Алдартан” дэвжээний барилдаанд ч мөн унаагүй түрүүлсэн бөгөөд өнөө жил аймагтаа дөрөв даваад унажээ.
Өнгөрсөн жилийн дэд байрын шагналт “Аварга” сургуулийн Даваадоржийн Эрдэнэтулга мөн л бэлтгэл сайтай байгаа харагдсан, өнөө жил Б.Бат-Эрдэнээс даагаа нэхэхийг хичээх болов уу. Уран мэхтэй, зоримог барилдаантай Осгондаваагийн Эрдэнэбат гэж хүү Хэнтийгээс оролцоно. Өнгөрсөн жилийн хүрэл медалиа өнөө жил хувиргах боломж түүнд бий. Мөн Сэлэнгийн Хангайн Наранбаяр, Булганы дүүгүүр Намнансүрэн, онцгой байдлын Б.Түвшинтөгс, Ховдын Н.Даваасүрэн, Өвөрхангайн Г.Хатанбаатар, Б.Төмөр-Очир, Архангайн Э.Ананд, Ховдын Б.Одгэрэл нар ч энэ насанд сайн өрсөлдөх магадлалтай.
18 нас
Ахлах насанд хошой аварга, жүдоч Эрдэнэбилэгийн Амартүвшин, мөнгөн медальт Болдбаатарын Одсүрэн нэлээн дээгүүр өрсөлдөнө. Өнгөрсөн жил зүүсэн медалиудаа өнөө жил ихэрлүүлэх боломжтой юм. Тэдэнтэй Төвийн Г.Амгалан, Завханы Ц.Нямсүрэн нарын “Аварга”-ынхан, мөн хүрэл медальт Булганы Х.Нямдорж, Дорнодын Бямбачулууны Лхагвасүрэн, улсын наадмын их шөвөгтэй, улсын аваргын шагналт байртай Сэлэнгийн Эльбрусын Бат-Эрдэнэ, Увсын Б.Нямсамбуу, Б.Төөрүүлсамбуу нар барилдах юм.
Олон шилдэг бөхчүүдийг нээн хөгжүүлдэг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан онц сонирхолтой барилдаанаар дүүрэн болох болов уу.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна