“Буган халиун ажнай” МСУХ-ны тэргүүн Г.Бямбаа: Манайх үйл ажиллагаа нь жигдэрсэн цөөн холбоодын нэг

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 24 -нд

Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэний нэг жилийн ойд зориулсан уяачдын баярын өдөрлөгийн үеэр Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” МСУХ-ны тэргүүн Г.Бямбаагаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Уяачдын баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Морьтон Монгол дэлхийн дээд амжилт тогтоосон түүхэн өдрийг албан ёсоор уяачдын баяр болгох ёстой гэдэг өөрдсийн санаа бодлоо бид ММСУХ-нд уламжилсан. Тэр маань биеллээ олж Монголын уяачид өөрсдийн гэсэн өдөртэй болж байгаад баяртай байна. Энэ нь яваандаа зөвхөн уяачдын бус, Монголын ард түмний баяр болох байх.
-Нэг жилийн өмнөх түүхэн үйл явдалд Сэлэнгэчүүд ямархуу бүрэлдэхүүнтэй оролцож байсан бэ?
-Аймгуудыг оролцсон байдлаар нь жагсаахад Сэлэнгэ аймаг эхний гуравт бичигдэж байсан. Манай аймгаас 210 уяач морио уяж ирж уралдуулан, 500 гаруй морьтон жагссан. Хамгийн гол нь бүх сумдын төлөөллөө бүрэн хамруулж чадсан.  Уяачид маань энэ түүхэн үйл явдалд дор бүрнээ ач холбогдол өгч оролцсон. Өнөөдөр ч ялгаагүй холбооны тэргүүлэгчид бүгд хүрэлцэн ирсэн. Зарим сумын холбоодын тэргүүн, нарийн бичиг дарга нар ч ирсэн байгаа. Уг нь бүх салбар холбоодоос оролцох ёстой байсан ч тариа хураалт эхэлчихээд зарим нэг нь ирж амжсангүй.
-2014 онд Сэлэнгэ аймгийн хичнээн сумын ой тохиосон бэ?
-Долоон сум 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн баяр наадмууд Шаамар сумаас эхэлж Мандал сумаар дууссан. Манай сумдын ойн баяр наадмуудын хурдан морины уралдаан ямар нэг будилаангүй өргөн дэлгэр сайхан болсон өндөрлөсөн.
-2014 онд Сэлэнгэ аймгийн  хэмжээнд хичнэээн уралдаан зохион байгуулагдав. Уралдаанч хүүхдийнхээ амь нас аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?
-Сэлэнгэ аймгийн МСУХ улсын шилдэг холбоогоор шалгарч байсныг та бүхэн санаж байгаа байх.”Буган халиун ажнай” МСУХ үйл ажиллагаа нь жигдэрсэн цөөн холбоодын нэг. Тэр ч утгаараа бид өнөөдрийн энэхүү өдөрлөгт хүүхдийн болон даатгалын байгууллагын төлөөлөлтэйгөө хүрэлцэн ирсэн. Гиннесийн уралдаанд ч гэсэн яг энэ бүрэлдэхүүнээрээ ирж байсан шүү дээ.
-Сэлэнгэ аймгийн уяачид энэ жилийн улс, бүсийн наадмуудад амжилт арвинтай наадав уу?
-Улаанбаатар хотод суугаа, Сэлэнгэ аймгийн харьяат Очирсүхийн даага, шүдлэн “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд айрагдсан. Улсын наадмын тухайд олон сум ойто байсан учраас уяачид маань ирж амжаагүй байх.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна