Н.Давааням: Бүсийн наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 22 -нд

Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст 130 хүлэг уралдсанаас аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Даваанямын бор хурдалсан билээ. Түүнтэй уулзаж баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
-Баруун бүсийн наадамд бор соёолон аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Баруун бүсийн наадамд бор үрээ маань хоёр дээр ирлээ. Морь сонирхогчид  “Партизаны бор үрээ” гэхээр андахгүй байх даа. Өмнө нь Партизан, Баянчандмань хавийн уралдаануудад гайгүй уралдаж байсан. Энэ жил төрийнхөө наадамд уралдаад 50 гаргаж ирсэн. Шүдлэн, хязааландаа Төв аймгийн Баянчандмань сумын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, Партизаны наадамд гурваар давхиж байсан юм.
-Бор үрээнийхээ удам угшлыг танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын адуу. Бүр дээд талыг нь хөөвөл Ширээтийн цагааны угшилтай гэдэг юм билээ.
-Баруун бүсийн наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ? Бусад насны морьд яаж давхив?
-Ер нь нас болгонд хоёр, хоёр адуутай ирсэн. Манай ах Говь-Алтай аймгийн Алдарт уяач “алиа” Лхагвадорж гэж хүн биднийг ахалж яваа. Бидэнтэй яваа нэг дүүгийн маань даага гурав, таваар ирлээ.
-Анх удаа Засгийн газрын тогтоолт наадмын айраг хүртэж байгаа юмаа даа?
-Тэгж байна.
-Дахин баяр хүргэж, амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна