Их Монголын хүчтэнүүд их сайн барилдлаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 22 -нд

Монгол бөхийн өргөөнд сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд сумын цолтой 256, цолгүй залуу бөх 128, нийт 384 бөх бүртгүүлэв. Сумын заан Н.Ширчинхүү, Х.Энхчулуун, Г.Биндэръяа, Б.Улаалзгана, Б.Цэрэндагва нарын түрүүтэй заануудаар манлайлуулсан барилдаан нэгийн даваанаас өрсөлдөөнтэй сайхан боллоо. Таванханы Нямжавын Ширчинхүү энэ өдрөөс эхлэн өөрийн унасан газар Увс аймгийн Ховд сумаар дуудуулан барилдахаар болжээ.
Нэгийн даваанд “Алдартан”-ы Х.Баярнэмэх “Аварга”-ын Ч.Дашийг уран гоё зайлж татаад, МУИС –ийн Ш.Базарсад Архангайн М.Мөнхтулгыг өмсөөд давсан бол Өмнөговийн Б.Мөнхтүшиг, Булганы О.Сугардаваа, Завханы Э.Шийрэвнямбуу, Архангайн Б.Батсайхан нарын залуу бөхчүүд Сүхбаатарын Б.Ганбаатар, Ховдын М.Пүрэвхүү, Завханы М.Даваасүрэн, Төвийн О.Пүрэвдорж нарын сумын заануудаар давав.
Хоёрын даваанд Завхан аймгийн Цагаанхайрхан с.з Ц.Нямсүрэн Их Богдын с.з Н.Жанчивдоржийг босоо өмсөөд, Өмнөговийн с.н Л.Отгончулуун Завханы с.з Д.Хандсүрэнг мушгиж тонгороод, Өвөрхангайн С.Даваадорж “Аварга”-ын с.з Б.Алтангэрэлийг хонгодож цацаад, Завханы с.з Б.Жигжидсүрэн Баян-Өлгийн Ш.Еркинбекийг барьцгүй тахимдаад давсан барилдаанууд үзүүштэй байлаа.
Гурвын даваанд Завханы Д.Батхүрэл Ховдын Б.Ганзоригийг гар талласан ч дутуудаж шороодсон бол Өвөрхангайн С.Төмөрбаатар Завханы Б.Хүдэрчулууныг сугадаж даацтай тонгороод, Өвөрхангайн С.Даваадорж Баян-Өлгийн Ж.Ескиндерийг хонгодож цацаад, Хөвсгөлийн П.Доржрагчаа Булганы Б.Галт-Эрдэнийг хөнтөрч суйлаад, Таванханы О.Болд-Эрдэнэ Их Богдын Ж.Дэлгэрсайханыг мушгиад, Увсын Д.Батмөнх Төвийн Д.Мөнхбаярыг дагуулж хөмрөөд, Төвийн П.Эрхэмжаргал Их Богдын П.Чадраабалыг мордоод дутуудангуут солгой мушгиж тонгороод, Өвөрхангайн Б.Бямбадорж Увсын Х.Эрдэнэтогтохыг дагуулж нааж хавираад, ЗХ-ий 017-р ангийн М.Амарсанаа ИМХ-ий О.Бат-Эрдэнийг зүүн мордоод, ХЦ-ийн 0166-р ангийн М.Лувсандорж Завханы Ш.Очирбатыг сугадаж дайраад, Өвөрхангайн Н.Загархорол Төвийн Б.Гүррагчааг давхар хамаад, Завханы Д.Дэмиддорж Алдартан дэвжээний Х.Баярнэмэхийг татаж хавираад тус тус давав. Мөн энэ даваанд МУИС-ийн оюутан, с.з Ш.Базарсад Хэнтийн С.Тэмүүлэнг уран гоё өмсөөд давав. Тэрээр нэгийн даваанд Архангайн М.Мөнхтулгыг, хоёрын даваанд Аварга ДС-ийн Д.Лхагвасүрэнг мөн өмсөж давсан бөгөөд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн заан Ширээбазарын хүү юм.
Дөрвийн оноолтод ИМХ-ий Б.Цэрэндагва Бөх Билэгтийн С.Түвшинжаргалыг хөнтөрч суйлаад, ИМХ-ий Н.Загархорол Таванханы Х.Жанболатыг мордоод, Увсын Э.Гансүх Таванханы Б.Улаалзганыг мушгиад, ИМХ-ий С.Даваадорж ЗХ-ий 017-р ангийн М.Амарсанааг хонгодоод, Увсын М.Улаанхүү Ховдын Б.Баярааг хонгодоод, ИМХ-ий С.Төмөрбаатар Завханы Т.Хайдавдоржийн мэхийг дагуулж зайлаад, Төвийн Б.Содхүү Увсын Д.Батмөнхийг хутгаад тус тус давлаа.
Тавын даваа эхлэнгүүт Булганы Ө.Эрдэнэбат өөрийг нь амласан Таванханы Н.Ширчинхүүг их холоос давхар ачаад тун чимээтэй орхив. Эрдэнэбатын хувьд өнөө жилийн Булганы түрүү бөх Өрнөхбаярын Сүхбат арслангийн төрсөн дүү бөгөөд сумынхаа наадамд жил дараалан түрүүлсэн бөх юм. Манлай заан Х.Энхчулуун, Г.Биндэръяа нар амласан Сэлэнгийн Б.Баатарболд, Хөвсгөлийн П.Доржрагчаа нарыг шахаж татаад төвөггүй давав. Энэ даваанд ИМХ-ий Б.Цэрэндагва Завханы Д.Дэмиддоржийг хөнтөрч суйлаад, Говь-Алтайн Г.Батмөнх Увсын А.Болдбаярыг дугтраад, ОБЕГ-ын Ц.Ганхөлөг ИМХ-ий Ж.Бямбадоньдыг сугадаж зүүн мушгиад, Булганы Б.Түмэндэмбэрэл Увсын М.Улаанхүүг шахаж нэлээн дээр өргөөд, ИМХ-ий Н.Загархорол Таванханы С.Оргилбаатарыг татаж хавираад, ИМХ-ий Г.Цэнддорж Төвийн Б.Содхүү шахаж татахад үлдээд, Увсын Б.Алтангэрэл Ховдын Б.Батбаярыг хавираад, ИМХ-ий С.Даваадорж Увсын Э.Гансүхийг хутгаад давсан бол тунасан хоёрын барилдаанд С.Төмөрбаатар хөмрөөд дутуудангуут буцааж баруун талдаа мордоод давав. Энэ даваанд Өвөрхангай аймгийн харьяат найман сумын заан барилдсанаас зургаа нь давж шөвгөрлөө.
Зургаагийн даваанд ИМХ-ий Х.Энхчулуун нэг дэвжээний Н.Загархоролыг хавираад, Бөх Билэгтийн Г.Биндэръяа Булганы Ө.Эрдэнэбатыг зүүн сугадаж мушгиад, Булганы Ц.Ганхөлөг ИМХ-ий Б.Цэрэндагвыг тэвэрч шидэхэд голлож дараад, ИМХ-ий С.Төмөрбаатар Говь-Алтайн Г.Батмөнхийг дутуу бусгахад дагуулж тонгороод, Булганы Б.Түмэндэмбэрэл ИМХ-ий Г.Цэнддоржийг зайлаад, Увсын Б.Алтангэрэл Өвөрхангайн С.Даваадоржийг суганд нь сэжиж эргээд тус тус давлаа.
Долоогийн даваанд Өвөрхангайн Х.Энхчулуун урд хоёр даваанд нутгийн заануудыг шороодуулсан Булганы Ц.Ганхөлөгийг даацтай шахаж татаад, Булганы Б.Түмэндэмбэрэл Увсын Б.Алтангэрэлийг баруун хутгаад давав. Харин Г.Биндэръяа С.Төмөрбаатар нарын барилдаан маргаантай болж цэцийн шийдвэрээр Төмөрбаатар давлаа.
Их шөвөгт Х.Энхчулуун гоцлож Булганы Б.Түмэндэмбэрэл Өвөрхангайн С.Төмөрбаатартай барилдлаа. С.Төмөрбаатар харцагадсан барьцнаас мушгиж тонгороод давснаар сумын заануудын нээлтийн барилдаанд Өвөрхангайн хоёр заан шалгарч үлдлээ.
Үзүүрт Х.Энхчулуун сугадсан барьцнаас мушгиад давснаар сумын заануудын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ.
Ийнхүү сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын заан Хэвэлхүүгийн Энхчулуун түрүүлж, мөн аймгийн Өлзийт сумын заан Санжаагийн Төмөрбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл шалгарсан бол дунд шөвөгт Архангайн Хотонтын Гэлиймаагийн Биндэръяа, Булганы Тэшигийн Цогтбаярын Ганхөлөг, Увсын Өмнөговийн Болоогийн Алтангэрэл нар үлдлээ.
Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна