П.Цэвэгмидийн хурдан хул

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 16 -нд

Нэгэн цагийн цуут хурдан азаргануудын үр төлүүд соёолонгийн уралдааныг шимтэй сайхан болгосон. Эцгийн шийрийг хатаан хурдалж буй шандаст хурдан хүлгүүдийн нэг нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Цэвэгмидийн хул юм. Өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэн, өнөө жил төрийнхөө наадамд айргийн таваар давхисан хурдан хулыг товч танилцуулвл:
Угшил гарвал: Хул азарга П.Цэвэгмид уяачийн алдарт Тайж халтар азарганых нь төл. Шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд түрүүлж, “Хотгойдын хурд-2007, 2010” хангайн бүсийн уралдаануудад нэг түрүүлж, нэг айрагдсан Тайж халтар азаргыг моринд дуртай монгол түмэн андахгүй биз ээ. Харин эх нь Тод манлай уяач Д.Мөнхбатын шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айргийн гуравт хурдалж байсан ухаа азарганы төл хонгор халзан гүү юм. Ийнхүү хоёр талын хурдны угшилтай хул үрээ хязаалангаасаа эхэлж уягджээ.
Амжилтын товчоон:
2013 онд хязааландаа:
Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
Өвөрхангай аймагт болсон түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд уралдаанд аман хүзүү
2014 онд соёолондоо:
“Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд зургаа
АХ-ын 93 жилийн ой улсын баяр наадамд айргийн тавд тус тус хурдлаад байна. Монголын морины олимпод манлайлагч Тайж халтарын үр хурдан хул молор эрдэнээ дээдлэгч монгол түмнээ олон жил баярлуулах биз ээ. 
"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна