СТА, ДУУЧИН А.МӨНХБАТ: ДУУЛАХ МӨРӨӨДӨЛДӨӨ ХӨТЛӨГДӨН БАГШИЙН АЖЛАА ОРХИСОН

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

“Манай адуу”
Хулангийн сүрэг шиг хул адуу
Хуйлрах салхи шиг хээр адуу
Уургалж барихад ороо ч бий
Унаад мордоход жороо ч бий
       Зүс зүс нь бүрдсэн
       Зүр хүлгийн шинжтэй
       Саран дэвсгэртэй хас тамгатай
       Шагай шиг хэдэн адуу манай адуу
Тахийн удамтай хонгор адуу
Талын салхи шиг зээрд адуу
Ухаа хонгорын  удам ч бий
Улсын наадмын түрүү ч бий
      Хангайн тугал шиг халиун адуу
      Хааны хүлэг шиг загал адуу
      Буруу зөвгүй номхон ч бий
      Булгиж босгох омголон ч бий…

Шадар сайдын Ерөнхий зөвлөх, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Л.Төмөрбатын шүлэг, залуу хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн ая “Манай адуу” ийн эгшиглэдэг. Л.Төмөрбат уяач нэгэн удаагийн их шуурганаар саран дэвсгэртэй хас тамгатай арван хэдэн тооны адуугаа алдсан ажээ. Харамсаж, халагласан  уяачийн сэтгэлээс “Манай адуу” төрсөн юм билээ. Харин дуучин А.Мөнхбат дуулах хүртлээ хоёр ч эзэнд очоод буцсан гэх. Ая зохиогч Б.Пүрэвсүрэн “Манай адуу”-г Батбаяр гавьяатад санал болгосон ч ямар нэг шалтгаанаар дуулахгүй удаж л дээ. Тэгэхээр нь дуучин Намсрайноровт сонсгож үзүүлтэл шүлгийг нь уншиж байснаа “энэ манай адууны тамга биш байна, дуулахгүй” гэх нь тэр. Ингээд Мөнхбатын ээлж болж дээ. Үг ая нь яв цав нийлсэн энэ дуу ийнхүү Мөнхбат гэх дуучнаар овоглон олонд хүрсээр багагүй хугацаа өнгөрч байна.
Дуучин А.Мөнхбат. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүүхэд. Бага байхын л морь малтай ойр өссөн хөдөөгийн эгэл боргил хөвгүүдийн нэгэн. Түүний аав Онгон сумандаа олон жил Засаг дарга, тамгын газрын дарга хийж байсан, багш мэргэжилтэй. Ээж нь ч бас багш. Дуучин залуу айлын ууган хүү гэх. Дороо хоёр охин, нэг эрэгтэй дүүтэй. Мөнхбатын аав, өвөө, өвөөгийн ах нар бүгд л нутаг орондоо айраг түрүү алддаггүй олон сайхан хурдуудтай айлууд. Тэднийхэн нэг жил сумынхаа наадмын морины хоёр түрүүг авч бас өвөөгийн ах нь барилдаж түрүүлсэн тухай Мөнхбат бахдан ярих дуртай. Ер нь удмаараа их биерхүү улсууд байсан гэдэг. Тиймдээ ч Мөнхбат  барилдчихна, бас морь уячихна, дуулна гээд л есөн шидтэй.
 Хүүхэд байхад морь их гишгүүлдэг байсан гэх. Дараагийн морийг иртэл хүлээх хааяа бяцхан хүүгийн тэвчээрийг барах нь амаргүй. Халуун наранд залхана, морин дээрээ унтана гээд хүүхэд насныхаа хөгтэй дурсамжийг сөхсөн нь бий. Одоо эргээд бодоход энэ бүхэн Монгол түмний маань үр хүүхдээ хүмүүжүүлэх ардын арга байж гэж Мөнхбат СТА ярина. Багадаа манай нийтлэлийн баатар нэг л удаа морь унасан гэнэ. Гэхдээ бас их хөгтэйгээр. Тэднийд шомбогор зээрд гэж их хөдөлгөөнтэй агсан морь байсан аж. /Тэрээр 7 сарын 6-нд төрсөн юм билээ/ Хүүгийнхээ төрсөн өдрөөр бэлэг барих гэсэн аав нь “хурдан морь унуулна” гэж ирээд мордуулж дээ. Сунгаа байсан гэдэг. Шомбогор зээрд тар сунгаанд тун сайн байсан юм байх. Үүнд нь баярласан төрсөн өдрийн эзэн энэ эрчээрээ л түрүүлчих юм бодож л дээ. Замд гарлаа даа. Гэтэл хоёр км яваад морь нь суучих нь тэр. Хүүдээ санаа зовсон аав ээж хоёр нь амдаад очтол тавилгын үнэтэй юм ярьчихсан өнөө баатар маань хээвнэг явж байсан гэдэг.
 Дуучин залуу төрсөн нутгаараа ямагт бахархана. Хийморь лундаа цогцолсон сайхан нутаг энэ Сүхбаатар. Алтан овоо, Шилийн богд гээд л магтан дуулна шүү дээ. Тэр дундаа Онгон сум хоёр гурван ч зүйлээрээ алдартай гэх. Халхын сайн эр Торой  банди, Дарьгангын жаахан шаргыг андахгүй, энэ монголчууд. Сүүлийн үед Онгон сумаас 13-р зууны үеийн хаад ноёдын бунхан ч их олдох болсон нь сумын нэрийн эхлэл байсан тухай яригдаад байгаа билээ. Энэ мэт нутаг орныхоо тухай Мөнхбат сэтгэл догдлон хүүрнэх юм билээ. Түүний гэргий бас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Герман хэлний багш, орчуулагч мэргэжилтэй гэнэ.
 Тэрээр төрсөн нутагтаа жилдээ таваас зургаан удаа очоод амжина. Нутаг орныхоо уул овоон дээр гарч хийморио сэргээж залбирна. Залуу хүн гэхэд тэр их монголжуу нэгэн бололтой. Уламжлал ёс заншил өв соёлоо үлдээхийн тухайд бол өөрийнхөө санаа бодлыг хаана ч хэлж л орхино.  Уран бүтээлч хүн болохоор Монгол орныхоо 21аймаг, 300 сумдад хүрээд амжсан аж. Урлагийн буянаар эх орныхоо хаана ч очсон итгэл бишрэл хүндлэлийг  өөрийн эрхгүй л мэдэрдэг гэж бас ярина. Тэр тусмаа өнөө алдарт “Манай адуу”-гаа дуулах болсноос хойш олны дунд хит болоод байгаа гэж болно. Монгол хүн бүр л хурдан морио дээдлэн ха?рлаж бас бэлгэшээдэг. Тиймдээ “Манай адуу”-ны эзэнд талархлаа илэрхийлж илүү их амжилтыг хүснэ. Олны энэ итгэлийг алдалгүй дааж явахыг дуучин бас ямагт санана. Тиймдээ ч “Манай адуу”-ны араас муу бүтээл гарах ёсгүй гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавина. Одоогоор хэдийнэ шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа тэрээр, дуундаа тун нарийн шалгуурыг тавьж байгаа аж.  Улсын наадмын өмнөхөн сонсогч олны гар дээр хүрэх түүний “Манай адуу” цомгийн ажил нэлээн эрчтэй яваа гэх юм билээ. “Манай адуу” дуунд “...хулангийн сүрэг шиг хул адуу, хуйлрах салхи шиг хээр адуу…”гэж гардагчилан олон сайхан морины дуунууд энэ цомогт багтах гэнэ. “Үйзэн зээрд”, “Янзага хээр”, “Амгалан төрийн ажнай шарга азарга”, Монгол Улсын гавьяат хуульч Цэрэнбалтавын “Их зээрд”, “Хээр адуу” компанитай хамтарсан “Хээр адуу”  зэрэг дуунууд багтаж байгаа юм байна. Эдгээр дуу бүр өөрийн түүхтэй гэж байгаа. “Янзага хээр” гэхэд Өвөрхангай аймгийн морины шүтээний нээлтэнд зориулсан наадмын түрүү Хишигсүрэн ламын хээр моринд зориулсан дуу ажээ.  Үүнээс гадна морийг хөглөж явдаг уяач, унаач хүүхэд, галын тухай бас наадмын тухай сэдэвтэй дуунуудыг ч дуучин эрхэм онцлон сонгоод байгаа гэнэ.
Ийнхүү “Манай адуу” булган сүүлтэй байж дараа дараагийн уран бүтээлийн санааг эзэндээ авчирчээ. Энд сонирхуулахад тэрээр өнгөрсөн жил Сүхбаатар  аймгийнхаа 13 сумаар “Аялгуун холбоо” аялан тоглолтоо хийжээ. Нэг суманд тоглоод дуусахад л нутгийн ах нар тайзан дээр гарч ирээд урмын сайхан үгийг хурдан удмын адууны хамтаар бэлэглэнэ.
Одоогоор бэлэгний адууны тоо 30 гаруй болоод байгаа аж. Ер нь ч хурдаараа алдартай сүхбаатарчуудын сэтгэлийн сайхан бүхэн шингэсэн бэлгийн дээд хурдан морь байдаг хойно доо. Олны сэтгэл шингэсэн бэлгийг зүгээр нэг орхичих биш өөрийнхөө хэмжээнд уяж уралдуулан, нутаг орныхоо нэрийг гаргахыг хүссэн дуучин сүүлийн үед морь уях болсон байна. Тэгээд ч хүүхэд байхын л морь малны захад өссөн тэрээр хэзээ нэгэнтээ морь уяна даа гэж бодож явсан нь ийнхүү биелэлээ олоод амжжээ. Өөрийнх нь хэлснээр сүүлийн үед моринд “гүн” ороод байгаа гэнэ. Хааяа бүр морьдоо зүүдэлж сэрдэг гэнэ. Ер нь долоо хоногтоо болж өгвөл ажлаа амжуулаад Өлзийт рүү гарна. Бас морь уяна гэдэг агуу эрдэм. Их ажиллагаатай. Их хөдөлмөр шаардсан ажил гэж боддогоо ч хүүрнэнэ. Тиймдээ  бага ч болов уяачдаа туслахсан гэж зүтгэнэ. Тэрээр Өвөрхангайн  хэдэн залуу уяачдаас бүрдэх “Босоо хийморь” галын гишүүн. Тус галын уяачаар Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Галт ажилладаг.  Мөнхбатын аав ерөнхий уяачийн ажлыг хийнэ гэж байгаа. Өнгөрсөн жил нутгаасаа ирсэн адуунуудаасаа уяж уралдуулаад үзжээ. Дарьганга сумын Эрдэнэбаярын бэлэглэсэн алаг хязаалан Баянзүрх дүүргийн 45 жилийн ойн уралдаанд наймаар давхисан бол Төв аймгийн Баян-Өнжүүл суманд болсон МУ-ын анхны Ерөнхий  сайд Чагдаржавын 130 жилийн ойд Халзан сумын бэлэгний даага нь долоолсон байна. Чамлахааргүй энэ амжилт дуучинг маань тун  их хөглөж байгаа ажээ. Хашир уяачдаас ч “болж байна” гэсэн үнэлгээ аваад байгаа гэнэ дээ. Энд урамшсан тэрээр энэ жил нутгаасаа хэд хэдэн адуу нэмж авчирсан бөгөөд нутгийн хурдан буянаараа наадна гэж ярина.
 А.Мөнхбат спортын хүн юм билээ. Дээр хэлсэн дээ есөн шидийн авьяастай нэгэн гэж. 2000 онд биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч багшаар төгсөөд 2001 оноос дархан аварга Бат-Эрдэнийн  “Аварга” дээд сургуульд багш дасгалжуулагчаар 2007 он хүртэл ажиллажээ. Хүндэтгэн хайрлаж явдаг олон сайхан хүмүүсийн нэг, үлгэр дуурайл болсон Бат-Эрдэнэ аваргаар бахархаж түүний удирдлаган доор ажилласан он жилүүдийг дурсах бас дуртай.  Манай “Аварга”-аас дэлхийн болон олимпийн аварга төрсөн. Бас нэг жил найман  аймгийн арслан төрж байсан түүхтэй юм шүү дээ гэж ирээд л Мөнхбат багш ярина шүү дээ. 2003 оны “Ирээдүйн мистер” тэмцээний хүрэл, 2004 оны “Монголын мистер”-ийн хүрэл медалийн эзэн тэрээр бас сумын заан цолтой гэж байгаа.
Манай сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Нансалмаа гавьяат “адуу мэддэг болгон морины дуу дуулдаггүй юм” хэмээн зангарагтай загнаад авсан. Залуу уран бүтээлчийн хувьд түүнээс энэ тухай асуухад “тэгэлгүй яахав, адууны дууны онцлог гэж байна. Батбаяр, Нансалмаа гуай нарын гавьяатуудын амнаас гарч байгаа үг болгон бидний хувьд үнэтэй юм. Сайн муу ялгаагүй аль алийг нь хүлээн авч, дүгнэлт хийх хэрэгтэй” гэж боддогоо хуваалцана. Бас адууны захад өссөн болохоор адуу мэднэ шүү хэмээн даруу загнана. Өдгөө уртын дуучны ангид сурч байгаа болохоор цээжнийхээ гүнд “Жаахан шарга”-ыг дуулахсан гэж  мөрөөднө. Гэхдээ арай болоогүй гэж хойшлуулна. Мөнхбат  өдгөө СУИС-ийн хоёрдугаар курст оройгоор сурч байгаа ажээ. МУСТА уртын дууч Батболд багшийн шавь гэнэ. Спорт гэх их айлын босгыг алхсан, ажиллаж үзсэн. Бас урлаг гэх яруу сайхан ертөнцөд хөл тавьсан би их азтай хүн шүү гэж тэрээр бахдана. Тиймээ сонин юм. Магадгүй хүний хувь тавилан л гэж энэ гэлтэй. 2006 онд С. Жавхлан гавьяат  “Нутгийн салхи” нэртэй нийтийн дууны наадам зохион байгуулжээ. 1000 гаруй хүн оролцсон энэ наадамд Мөнхбат Цэрэнчимэд агсны дуунуудаар оролцож сүүлийн аравт багтсан нь өдгөө урлагийн замд эргэлт буцалтгүй ороход хүргэсэн ажээ.  Ийнхүү дориун хүү болохоо гавьяатад харуулаад авсан тэрээр багын мөрөөдөлдөө хөтлөгдөн урлагийн замыг жаахан хожуу байж мэдэхээр ч зоригтой сонгосон байна. Бүр хоёр туулай хөөгөөд амжилт олохгүй гэж үзэн спортоо орхижээ. Тийм ээ, тэр амжилтын төлөө эрсдэл гаргасан шийртэй эр бололтой. Нэгэнт дуулах гэж байгаа бол чанаргүй зүйл хийх ёсгүй гэж үзсэн учраас л тэр гэнэ. Түүнийг урлагийн замд ийнхүү эргэлтгүй ороход Жавхлан, Чулуунхүү нарын гавьяатууд их дэм болсон гэдэг. Тиймдээ ч тэдний багшийн дайнд хүндэлж явдагаа ч дуулгана лээ. Сонирхуулахад жилд “Аварга” сургуулиас 150 гаруй хүүхэд төгсч гардаг гэнэ. Тиймдээ ч багшийгаа хаана ч тоглолтоор очсон шавь нараас нь хоол бариад л зогсож байдаг гэнэ лээ.
А.Мөнхбат багшийн хувьд Монгол соёлоо залуу үедээ сурталчлах ажлыг түлхүү хийж байхсан гэж бодно. Монгол хүн бүр энэ том өв соёлоо хадгалан, даяаршлын нийгэмд өөрийнхөө хэмжээнд сурталчлах өвлүүлэх ёстой гэж үздэг болохоороо барилдана, дуулна, морио уралдуулна.
Энд хүрээд тэмдэглэлээ өндөрлөж байна. “Манай адуу”-ны эзэн мэдээж олон сайхан уран бүтээлээрээ сонсогч олноо байлдан дагуулах биз ээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна