Уяач Г.Батсайхан: Энэ жил хонгор хязаалан гурав түрүүлж, нэг айрагдсан

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 10 -нд

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уяач Г.Батсайхан нутагтаа зохиогдсон хангайн бүсийн даншиг наадамд хонгор хязаалангаа аман хүзүүдүүлсэн юм. Түүний сэтгэгдлийг хүргэж байна.

-Нутгийн дэвжээнээ хязаалан айрагдуулж, бүсийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө моринд хайртай, моринд элэгтэй Монголынхоо бүх уяач, тэр тусмаа Хөвсгөл нутгийнхаа нийт уяачдадаа мэндчилгээ дэвшүүлье. Мөн  “Хотгойдын хурд” хангайн бүсийн даншиг наадамдаа одтой сайхан наадсан нутгийн түмэндээ баяр хүргэж, цааш цаашдын уралдаануудад амжилт хүсье. Энэ наадамд миний  хул хонгор хязаалан аман хүзүүнд хурдалсан. Хонгор хязаалан маань энэ жил дөрөв уралдаад гурав түрүүлж, нэг айрагдсан. Уг нь эрлийз морьдоо ялгана гэж байсан ч ялгаагүй хамтад нь уралдуулсан нь монгол адуутай хөдөөгийн уяачдын хувьд хүндрэлтэй байлаа. Нэг өдөр болсон бусад бүсийн уралдаан эрлийз морьдоо ялгасан байсан. Түүн шиг ялгасан бол уяачид, наадамчид сэтгэд хангалуун байх байсан болов уу гэж бодож байна. Цаашдаа энэ байдлаараа эрлийз адуугаа хольж уралдуулаад байвал сүүлийн үед морь мал сонирхож байгаа залуу уяачдын сонирхол буурч мэдэх юм. Бид чинь өөрсдийн идэхээсээ хумслан байж, зүүн аймгуудаас хурдан авчирч байгаа шүү дээ. Гэтэл эрлийз адуутай нийлүүлээд уралдуулчихаар бидний хөдөлмөр зүтгэл талаар болчихоод байна. Тиймээс аймгийн МСУХ-ны удирдлагууд цаашдаа энэ тал дээр анхаарал хандуулах биз ээ.
-Таны ижил санаа бодолтой уяачид цөөнгүй байна. Хул хязаалангийн амжилт Засгийн газрын тогтоолт наадмын анхны айраг уу?
-Тиймээ. Хул үрээ маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Амараа гэдэг найзын маань адуу. Ноднин шүдлэн үрээ авчраад тав ч уралдуулж тав айрагдуулсан. Тэгэхдээ дандаа  аман хүзүүнд хурдалсан. Надад ирэхээсээ өмнө  даагандаа жижиг наадамд нэг айрагдаж байсан юм билээ.
-Бүсийн наадамдаа хэдэн насны морь мордуулав?
-Хязаалангаас гадна их морь, даагатай очсон. Даагаа мордуулаагүй ээ. Их насны морь гараа руу очоогүй байхад өмнөх морьд нь эргээд 27-гоор давхисан. Гараан дээр тийм алдаа гараагүй байсан бол уг нь гайгүй л давхичих байсан байх.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад хичнээн жил болж байгаа вэ. Удам дамжсан уяачдын нэг үү?
-Манай аав Гэндэн гэж нутаг орондоо нэртэй сайн уяач байсан. Би 15-16 настайгаасаа эхлэн хурдан морины уяа тааруулж байгаа. 2002 онд аймгийн аварга уяачаар шалгарч байсан.
-Дээр зүүн зүгээс адуу авдаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас адуу авсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ч авсан. Ер нь урдаас цөөнгүй адуу авсан шүү. Хөлийн бэлэн хурдтай ч арьс нимгэнтэй байдаг юм билээ.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна