Сумын Алдарт уяач Ж.Гомбожав: Халтар үрээ маань энэ жил зургаа түрүүлж, тав айрагдаад байна

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 10 -нд

"Хотгойдын хурд-3" хангайн бүсийн уралдаанд халтар үрээгээ айргийн дөрөвт хурдлуулсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, сумын Алдарт уяач Ж.Гомбожав ийнхүү баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

-Хязаалан айргийн дөрвөөр хурдлуусан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Халтар үрээ маань Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ууганбаяр гэдэг найзын маань адуу. Тэдний Буган халтар гэдэг хурдан азарганых нь төл. Би өнгөрсөн жил шүдлэнд нь авчраад уралдуулж байгаа. Өнгөрсөн жил сумын баярт аман хүзүүдээд Хатгалд болсон хоёр, гурван наадамд айрагдсан. Ер нь уралдсан болгондоо шөвөг алдаагүй адуу.
-Тэгвэл 2014 он гарсаар яаж давхисан бэ?
-Энэ жил сумынхаа хаврын баярт соёолонд тавьж аман хүзүүдүүлээд зургадугаар сард болсон Завхан аймгийн зүүн бүсийн уралдаан болон Тэлмэн суманд болсон түмэн адууны баярт тус тус түрүүлсэн. Ер нь энэ жил 11 уралдаж, зургаа түрүүлж, тав айрагдаад байна.
-Хангайн бүсийн уралдаанд хэдэн насны хичнээн морьтой очсон бэ?
-Хоёр адуутай ирсэн. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын гаралтай даага маань есөөр давхилаа.
-Авмал адуугаар голдуу наадаж байна уу?
-Энэ жилийн хувьд давхисан нь авмал голдуу  адуунууд байлаа. Шарга даага маань хурдан байсан, даншигт түрүүлгэж чадсангүй. Би морь уяад 5-6 жил болж байгаа, сая сумын Алдарт уяач цол хүртсэн.
-Шинэхэн цолтонд баяр хүргэж, амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна