Аймгийн Алдарт уяач Ц.Амаржаргал: 20-иод жилийн дараа бүсийн наадмаас айраг хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 10 -нд

Хангайн бүсийн даншиг наадамд хязаалан айрагдуулсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Амаржаргалын сэтгэгдлийг хүргэж байна.

-“Хотгойдын хурд-3” уралдаанд хязаалан айргийн таваар хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Нутагтаа болсон бүсийн уралдаанд морь айрагдуулна гэдэг сайхан юм. Би морь уяад олон жил болж байна. 2012, 2013 оны аймгийнхаа баяр наадамд их морь дараалан түрүүлгэсэн. Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол авч энэ жил “Хотгойдын хурд”-д хязаалан үрээ айрагдуулж мялаалаа. Сэтгэл өндөр байна.
-Хурдан хүлгийн уяа тааруулаад хичнээн жил болж байгаа вэ?
-Багаасаа морь уясан даа. Одоо 50 гарч явна. Хориод жил морины хажууд явлаа, угаасаа би хөдөөний хүн шүү дээ. Миний морийг аймгийн Алдарт уяач Амартүвшин дүү маань голчилж уядаг.
-“Хотгойдын хурд-3” уралдаанд хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ. Хязаалангаас бусад нь яаж давхив?
-Хоёр их насны морь явсан. Будилаад хойгуур орохоор нь татуулчихсан. Нэг соёолон үрээ хорь гарч давхилаа. Нийт дөрвөн морь уралдуулсан. Би хамгийн анхны “Хотгойдын хурд” уралдаанд их морь 23-24-өөр давхиулж байсан хүн. Аймгийн чанартай бүсийн наадмуудад харин сайн нааддаг шүү. 2009 онд Булганы баруун бүсийн уралдаанд хоёр их морь дараагаар нь оруулж байлаа. Нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж байсан юм. Мөн “Дүнжингаравын хурд-2009” хаврын бүсийн уралдаанд хул халзан морьтойгоо очиж 16-аар давхиулж байсан. 2012 онд Хүйн долоон худагт болсон төвийн бүсийн уралдаанд мөн их морь арваар давхиулсан.
-Айрагддаг үрээ тань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Буурийн унаган адуу гэсэн. Хэзээ авсан юм бэ?
-Ноднин ирсэн адуу. Шүдлэн үрээ аваад энэ жил нэлээн олон уралдууллаа. Хавар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлсэн. Бүсийн дараа Дамбын Хишгээгийн мялаалга наадам болж тэнд гурваар орсон. Улсын наадамд уралдуулах санаатай аваад очсон, хөл нь эвгүйтчихээр нь уралдуулалгүй буцаагаад аваад ирсэн юм. Харин шарга соёолонгоо мордуулаад 32-оор давхиулсан. Тэр шарга үрээ маань Тосонцэнгэлийн 90 жилийн ойд түрүүлсэн.
-Баяр наадмын зохион байгуулалтын талаар ямархуу бодолтой байгаа вэ?
-Шинэ монгол адууг ялгаж уралдуулна гэж байсан ч хамт л мордлоо шүү дээ. Үүнд аймгийн уяачид сэтгэл дундуур байх шиг байна лээ. Би гэхэд л шинэ монгол адуутай байснаа хэл ам хийгээд яахав гээд өөр тийш нь явуулчихсан байсан. Дээр нь их насны морьд хоёр тасарч уралдсан. Цаашдаа энэ мэтчилэн зохион байгуулалтандаа анхаарах хэрэгтэй байх.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна