Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Нутгийн маань дэвжээ ивээж нэг түрүү, хоёр айраг хүртлээ

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 09 -нд

Нутгийн дэвжээнээ буюу "Хотгойдын хурд-3" хангайн бүсийн уралдааны соёолон насанд хоёр үрээгээ айрагдуулсан аймгийн Алдарт уяач Л.Ганболд бидэнтэй баярынхаа сэтгэгдлийг хуваалцсан юм. 

-Аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд хоёр ч үрээ айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Хангайн бүсийн уралдаан өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. “Хотгойдын хурд-3” уралдаанд манай аймгийн уяачид урьд өмнөх амжилтаа бататгаж одтой сайхан наадлаа. Үүнд бид сэтгэл их өндөр байгаа. Миний хувьд соёолон насанд хоёр үрээ айрагдуулсан. Энэ бол залуу хүний хувьд, эр хүний хувьд, нутаг усныхаа хувьд ч сайхан бахархууштай үйл явдал. Нутагтаа болж буй том наадамд нас болгонд морь мордуулсан. 10-30 хооронд сайхан наадлаа.
-Өмнөх “Хотгойдын хурд” уралдаануудад оролцож байсан уу?
-“Хотгойдын хурд-2” уралдаанд нэг үрээ мордуулсан.
-Адуунд угшил, хүнд удам гэдэг. Айрагдсан соёолонгуудынхаа удам угшлыг танилцуулахгүй юу?
-Гуравт давхисан бор халзан үрээ өнөө жил улсын баяр наадамд айргийн гурваар хурдалсан адуу. Булган аймгийн МСУХ-ын тэргүүн Ж.Бат-Эрдэнэ бид хоёр сайн азарган үрээг дундаа эзэмшиж, үр төлийг нь авахаар тохиролцсон юм.
-Тэгвэл таваар давхисан саарал нь?
-Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэндбаатарын унаган адуу. Өмнө нь нэг их уралдаж байгаагүй гэнэ лээ. Энэ жил найм уралдаж, долоо айрагдаад байгаа юм. Би хоёр жилийн өмнө Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ухнын Адъяахүү гэдэг найзаасаа авсан. Ноднин шинэ нутагтаа дасаг гээд өнжүүлсэн.
-Өмнө нь Засгийн газрын тогтоолтой томоохон наадмуудаас хишиг хүртэж байв уу?
-Ноднин Завхан аймгийн 90 жилийн ой “Очирваанийн хурд”-д оролцож соёолон үрээгээ азарганд мордуулаад 18-аар давхиулсан. Нутгийн маань дэвжээ ивээж энэ жил бүсийн наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртлээ. Түүнээс аймгийн чанартай наадмаас нэлээд хэдэн айраг, түрүү аваад байгаа. Энэхүү амжилт маань миний адууг харж маллаж, уяа сойлгыг нь тааруулдаг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Батбаяр гэдэг залуутай салшгүй холбоотой. Энэ дашрамд Батбаяртаа баярласнаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ер нь хурдан морины амжилт гэдэг олон хүний хичээл зүтгэлтэй холбоотой шүү дээ. Миний энэ сайхан хурдан буянгуудыг унаж уралдуулсан хөөрхөн унаачдадаа ч гэсэн баярласнаа илэрхийлмээр байна.
-Талархлын үгс хаягласан эздэдээ хүрэх биз ээ?
-Би ноднин аймгийнхаа баяр наадамд дээд гурван насны морь айрагдуулаад даагаа зургаагаар давхиулсан. Баянзүрх сумынхаа тэгш ойн баяр наадамд азарга, их насны морь түрүүлгэсэн. Энэ жил даншгийн өмнө ээжийнхээ төрсөн нутаг Тосонцэнгэл суманд очиж, үрээ маань айрагдаж, даага дөрвөлсөн.
-Одтой сайхан наадаж байгаа таны дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Монгол сайхан өв соёлоо авч явахын төлөө уяачид, уяачдынхаа холбоотой хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна