Т.Болдбаатар: Хөвсгөлийн уяачид хаа ч очоод уралдсан нүүр улайхааргүй болжээ гэдгийг баталлаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 04 -нд

-“Хотгойдын хурд” хангайн бүсийн наадам гурав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уралдааны онцлог нь юу байв?
-Засгийн газрын тогтоолт “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Наадмын бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн ИТХ-аас хэд хэдэн тогтоол гаргаж, баяр наадам зохион байгуулах хороо, салбар хороодыг байгуулж, үүрэг чиглэл өгч үйл ажиллагаанд нь зориулсан тодорхой хэмжээний хөрөнгийг аймгийн төсвөөс гаргасан.Түүнээс гадна энэхүү баяр наадмыг сайхан зохион байгуулахад хамгийн ихээр хувь нэмэр оруулсан хүмүүс бол моринд сэтгэлтэй нийт уяачид, морины зүтгэлтнүүд, ивээн тэтгэгч, хандивлагчид маань байлаа.Уралдааны бай шагналыг 100 хувь хандивлагчдын тусламжтайгаар бүрдүүлж, наадмын урьд өдөр албан ёсоор хүлээн авч, талархал илэрхийлэн бэлэг дурсгалын зүйл гардуулсан.Улсын чанартай томоохон уралдааныг орон нутагт зохион байгуулна гэдэг ихээхэн хичээл зүтгэл чармайлт шаарддаг.Энэ тал дээр “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон холбооны тэргүүлэгчид сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласан үр дүнд том ажлын ард гарч чадлаа.Гэхдээ салбар хорооны зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн буруугаас болоод гарааны төхөөрөмжин дээр бага зэргийн асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Дараагийн удаа дээрх алдааг давтахгүйн тулд анхаарч ажиллах болно.Уралдааныг хамтран зохион байгуулсан зарим нэг төрийн албан хаагч үүргээ зохих түвшинд гүйцэтгээгүйн улмаас уяачдын олон сар, жилийн хөдөлмөр салхинд хийсэх аюултайг сая харцгаасан байх.Энэ байдлыг эс тооцвол уралдаан маань сайхан болсон.“Хотгойдын хурд-3” уралдаандаа манай Хөвсгөлийн уяачид амжилттай сайхан наадаж, олон айраг, түрүү авлаа. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр манай Хөвсгөлийн уяачид хаа ч  очоод уралдсан нүүр улайхааргүй болсон гэдгийг бас нэгэн баталгаа болж өглөө.
-“Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдааныг зохион байгуулахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бэ?
-Хандиваар 168 сая төгрөг цугларч бай мөрийнд өгсөн.Бид нас болгонд уралдсан нийт морьдын 30 хувийг урамшуулсан.Өмнөх хоёр уралдаанд нэг насанд дунджаар 100 гаруй морь мордож байсан бол энэ удаа 150-230 адуу мордож байна.Тэгэхээр цар хүрээний хувьд нэлээд өргөн болсон гэж ойлгож болно.Дээр нь хамгийн чухал нь урьд жилүүдэд тоосонд нь орно, морио мордуулъя гэсэн хүмүүс ирдэг байсан бол энэ удаа айрагдаж, түрүүлчих болов уу гэсэн итгэл найдвартай дан шигшмэл морьд нь ирсэн бүртгэлээс харагдаж байна лээ.Ер нь анзаарч байхад уяачдын маань ур чадвар сайжирч, морьдын уяа засал Төв Халхын уяатай дүйцэхүйц болсон нь мэдрэгдэж байна лээ шүү.
-“Хотгойдын хурд-3” уралдаан хоймор нутгаас МУ-ын Манлай уяач цолтныг төрүүллээ гэж байсан?
-Тиймээ, Тариалан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэв гуай маань “Хотгойдын хурд-3” уралдаандаа одтой сайхан наадаж, Манлай уяачийн болзол хангасан. Сар шинийн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын Манлай уяач гэдэг хүндтэй цолыг авах байхаа.Энэ завшааныг ашиглаад Доржпүрэв гуайдаа баяр хүргэе.
-Таны хувьд бас нэлээд дөхөж байгаа байх шүү?
-Нэг айраг дутаж байгаа.Сүүлийн жилүүдэд манай Хөвсгөлийн уяачид улс, бүсийн чанартай наадмуудад одтой сайхан наадаж, улсын цол хэргэмд ойрхон яваа.Жишээлбэл, Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнбат, хүү Чимэдбавуу нар байна.2013 оны бүсийн уралдаануудад амжилттай наадаж олон айраг, түрүү авсан.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна