Их морь өм нээдэг

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 28 -нд

Сайн их морь өм нээдэг хэмээн эртнээс бэлгэшээсээр ирсэн сайхан уламжлал бий. АХ-ын 93 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд унаган үрээгээ аман хүзүүдүүлж, их насны морь айргийн гурваар хурдлуулсан Сонгинохайрхан дүүргийн уяач, “Хөх чоно” группийн захирал Өлзийхутагийн Пүрэвбаатар ч мөн ийн бэлгэшээж сууна.  
Угшил гарвал: Төр түмнийхээ цэнгэлд баяр нэмсэн саарал морь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Цэдэн-Ишийн Түвшинтөгсийн унаган адуу. Эцэг хонгор халзан азарга нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат олноо “чоно” хэмээн алдаршсан Эрдэнээгийн унаган адуу бол эх нь Түвшинтөгсийн унаган гүү. Даагандаа Дорнод аймгийн Матад суманд болсон овооны тахилга наадамд аман хүзүүдсэнээс хойш дахин айрагт багтахгүй байсан морио Ц.Түвшинтөгс найз Эрдэнэдээ санал болгож  2012 онд найман настайд нь өгчээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн саарал морь шинэ эзэндээ  ирсэн даруйдаа хурдлан цулбуур өргүүлэх болж, хэд хэд түрүүлж айрагдаад наадмын өмнө одоогийн эзэндээ иржээ.
Амжилтын товчоон:
2013 онд естэй морь:
Сүхбаатар аймгийн  зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв
Сүхбаатар сумынхаа баяр наадамд түрүү
Хэнтий аймгийн 90 жил, зүүн бүсийн уралдаанд  хүүхэдгүй зургаа
2014 онд аравтай морь:
Эрдэнэцагаан сумын “Егүзэрийн хүлэг” МСУХ-ны наадамд түрүү
Сүхбаатар сумын Баянцагаан овооны тахилга түрүү
АХ-ын 93 жилийн ойд айргийн гуравт тус тус хурдалжээ.
Саарал морийг зуучлан хүргэсэн  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, сумын Алдарт уяач Эрдэнийг морь сонирхогчид эчнээ мэдэх учиртай .Түүний Жанжин бор морийг Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ авч “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдлуулж байсан, Л.Цандэлэг Тодманлай Гоё саарлаар урамтай сайхан наадаж байсан билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна