"Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 29 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93, Дорнод аймгийн 83 жил, "Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн наадмын уламжлалт зургаан насны хурдан морины уралдааныг тус аймгийн ЗДТГ, МСУХ хамтран энэ сарын 25, 26-нд зохион байгууллаа. Энэ жилийн зүүн бүсийн ураддаанд Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Булган, Ховд, Дундговь, Архангай, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын уяачид оролцож уясан хүлгэдийнхээ шандсыг сорьсон юм. Долдугаар сарын 25-нд азарга, их нас, хязаалан, шүдлэн, 26-нд соёолон, дааганы уралдаан зохион байгуулагдсан. Сүргийн манлай азарганы уралдаанд 146 хурдан ажнай бүртгүүлснээс үүлдэрлэг байдлаар 2, уралдаанч хүүхдийн хамгаалалтын хэрэгсэл бүрэн биш шалтгаанаар 12 хурдан хүлэг хасагдаж 132 азарга өглөөний 06.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн. Нэг зүйлийг онцлоход, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын албаныхан уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, бүрэн хамгаалалтын хэрэгсэлтэй хүүхэд болон морийг уралдаанд оролцуулж байлаа. Өөрөөр хэлбэл, уралдаанч хүүхэд малгай, цээживч, өвдгөвч, тохойвчоос гадна түрүүтэй гутал өмсөх, мөн эмээлтэй байх шаардлага тавьж байсан. Уяачид эсэргүүцлээ илэрхийлж байсан ч дараа, дараагийн уралдаануудад ийм маргаан гараагүй юм.
Ингээд уншигч та бүхэндээ цувааг танилцуулъя.  
1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ононгийн Батбилэгийн хул. Хул азаргыг 109 дугаартай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гомбожавын Баярцогтын хүрэн халзан. Хүрэн азаргыг 119 дугаартай Мөнхбатын Сэдэнбат унаж хурдлуулжээ.
3. Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, сумын Алдарт уяач Сүхбаатарын Эрдэнэчулууны хүрэн. Хүрэн азаргыг 50 дугаартай Эрдэнэчулууны Цэгмид унаж хурдлуулжээ.
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарын Цогбаярын хүрэн. Хүрэн азаргыг 5 дугаартай Гөлгөөгийн Өсөхбаяр унаж хурдлуулжээ.
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн. Хүрэн азаргыг 136 дугаартай Батжаргалын Эрхчөлөө хүү унаж хурдлуулжээ.
6. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Манлай уяач Чүлтэмийн Улааны бор. Бор азаргыг 135 дугаартай Батбаярын Мөнхжин унаж хурдлуулжээ.
7. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Цэдэндоржийн Батсайханы халтар. Халтар азаргыг 85 дугаартай Гончигдоржийн Мөнх-Эрдэнэ унаж хурдлуулжээ.
8. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хүрэн. Хүрэн азаргыг 55 дугаартай Соронзонболдын Отгонтөгс унаж хурдлуулжээ.
9. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Алтангэрэлийн Батпүрэвийн сартай ухаа. Ухаа азаргыг 140 дугаартай Амартайваны Эрхэмбаяр унаж хурдлуулжээ.
10. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ухны Адъяагийн хар. Хар азаргыг226 дугаартай Батнасангийн Даваасүрэн унаж хурдлуулжээ.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна