Уралдаанч Б.Ганхүү: Халиун азаргаа хязаалангаас нь хойш унаж байгаа

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 17 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиуныг унаж аман хүзүүнд хурдалсан Батжаргалын Ганхүүгийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа уншигч танаа хүргэж байна.
-АХ-ын 93 жилийн ойн төрийн их баяр наадамд халиун азаргаа унаж аман хүзүүдлээ. Баяр хүргэе. Улсын наадамд морь айрагдуулах ямар санагдаж байна?
-Баярлалаа. Гоё байна.
-Улсын наадамд хэд жилдээ ирж уралдаж байгаа вэ?
-Хоёр дахь жилдээ ирж оролцож байна. Ноднин Болдбаатар ахынхаа халиун азаргыг унаж есөлсөн.
-Мөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдаж байсан шүү дээ?
-Тийм. Хэнтийд өнгөрсөн жил түрүүлж, энэ жил бас түрүүлсэн. Дүнжингаравт дөрөвлөсөн, Эрдэнэтэд аман хүзүү, Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн.
-Ер нь халиун азаргыг хэдэн настайгаас нь унасан бэ?
-Хязаалангаас нь хойш унаж байгаа. Арван хэд уралдсан байх. Удахгүй халиун азаргатайгаа Хөвсгөлийн Хотгойдын хурдад уралдана даа.
-Ганхүүгийн хувьд хэдэн наснаасаа хурдны морь унасан бэ?
-Дөрвөн настайгаасаа эхэлж хурдны морь унасан. Одоо 12 настай, найман жил морь унаж байна.
-Төв цэнгэлдэхэд анх ороход ямар санагдаж байв. Болдоо ах нь ямар урмын үг хайрласан бол?
-Гоё байсан шүү. Болдоо ах намайг “сайн байна” гэсэн.
-Өөр хүний морь унадаг уу?
-Унадаг. Аавынхаа хонгор  морь, хар морийг унаж байсан. Хонгор морьтой Эрдэнэцагаан сумын наадамд гуравлаж, хар морио дөрөвлүүлж байсан. Хонгорыгоо шүдлэнд нь Чандманий овоонд аман хүзүүлгэж байлаа. Бас нэг даага унаж аман хүзүүдсэн.
-Ганхүүгийн хувьд хурдан морь унахын сайхан нь юу вэ?
-Айрагдаж, түрүүлэх дээ.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны хүүхэд. Хамгийн хол очсон нь Хөвсгөл аймаг.
-Ганхүү том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Уяач болно.
-Ах, эгч болон дүүтэй юу?
-Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Би айлын том нь. Хоёр эрэгтэй дүү минь ихэр. Тэд морь унадаг, нэг, нэг түрүүлсэн.
-За баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна