МУ-ын Алдарт уяач У.Эрдэнэбилэг: Хүрэн азарга хоёр талын хурдны удамтай адуу

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 11 -нд

-Улсын наадамд хүрэн  азаргаа айрагдууллаа. Өнгөрсөн жил зарлагдаж байгаад айрагдаж чадаагүй. Өнөө жил хурдан сайхан байлаа. Баяр хүргэе?
-За баярлалаа. Урамтай сайхан наадаж байна. Сэтгэл өндөр байна. Өөрийн унаган азаргаа төрийнхөө их баяр наадамд айрагдууллаа. Үүнээс илүү сайхан юм гэж юу байхав. Өнгөрсөн жил хүрэн азарга маань гурав, дөрөв дотор дахиж байгаад 12-оор орсон.
-Бүсийн наадмуудад ч гэсэн дээгүүр давхиад байдаг байсан байхаа?
-Тиймээ. Дүнжингаравын хурд болон Хэнтий, Сүхбаатар аймгуудын бүсийн наадмуудад арав дотор давхиж байсан. Энэ жил хавчиг зургаатай азарга.
-Хурдан хүлгийнхээ удам судрыг танилцуулаач?
-За миний энэ хүрэн азарганы эцэг нь Дорнодын зүүн бүсийн уралдаанд гурвалж байсан Гансүх ахын маань хурдан хүрэн азарга. Тэр хүрэн азарганых нь  дээд эцэг нь Халзангийн Гоосой гэж хурдан хүрэн азарга байлаа. Харин эх тал нь болохоор 1999 оны Алтан-Овооны их тахилга наадамд түрүүлсэн  халиун азарганы маань угшилтай. Ерөнхийдөө хүрэн азарга хоёр талын хурдны том угшилтай адуу.
-Өчигдрийн уралдаануудад уясан хүлгэд нь яаж давхисан бэ?
-Өчигдөр шүдлэн хорин хэдээр, хязаалан гучин хэдээр орлоо. Өнөөдөр азарга айрагдсан. Их морь уралдуулахгүй ээ.
-Өнгөрсөн жил улсын наадамд уралдуулсан үрээнүүдээ зарсан сураг байсан..?
-Ноднингийн шүдлэн үрээ энэ жил хязаалан. Азарганд өшиглүүлээд улсын наадамд уралдаж  чадсангүй. Бүсийн наадамд л уралдуулах байх.
-За дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Чимгээ


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна