Тод манлай уяач Д.Онон: Насаараа хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг амсаад сайхан байна

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 10 -нд

-Төрийн наадмын эхний өдөр унаган адуунуудаа айрагдуулан одтой наадаж буй танд баяр хүргэе. Үрээнүүдийнхээ удам  угшлыг танилцуулаач?
-Хоёулаа манай унаган адуунууд. Тойруулга адууны тав дахь үеийн төлөөлөл гэж хэлж болно. Тойруулгын хурдан азаргануудын нэг Сартын дүү Шонхор гэдэг азарга надад байсан. Энэ хоёр түүний төлүүд. Эхэд нь мөн адил тойруулга цус орсон.
-Хоёр талаасаа тойруулга цустай юм уу?
-Тиймээ. Эргээд л цусанд хийгээд байгаа юм. Хээрийнх нь дунд Тогоруу адуу нэг орсон. Зээрдэд нь Салхин тэр чигээрээ дангаараа явж байгаа. Батхүүгийн Соёмбо зээрд сая айрагддаг жижиг Янзага хоёр төрсөн эгч дүү хоёрын төл. Насаараа хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг амсаад сайхан байна.
-Хэдэн үрээ мордуулаад хоёр нь айрагдчихав?
-Үндсэндээ долоон үрээ мордлоо. Хоёр нь 10 дотор ирсэн юм шиг байна.
-Сүхбаатарын аварга хүлэг шалгаруулах уралдаанд танай хоёр үрээ дараагаараа орсон. Ер нь бага адуунууд хурдан байгаа юм байна даа?
-Тиймээ. Хэдэн адуу минь дажгүй л байна. Миний насаараа хийсэн хөдөлмөр шүү дээ.
-Энэ жил зургаан насанд хэдэн морь уясан байгаа вэ?
-Нас насны өөрийн 30-40-өөд, хүмүүсийн 20-иод юм бий.
-Баяр наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Наадам сайхан байна. Морь мал будилах юм байхгүй болсон. Төхөөрөмжөө өргөн болгосон харагдана лээ. Хөндлөнгийн тоос ч алга. Үүнээс сайхан юм гэж хаа байхав дээ. Бүгдээрээ сэтгэл нэг байх юм бол бүх юм тэгш сайхан байдаг учиртай.
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. Сайхан наадаарай.
А.Тэлмэн 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна