Унаач С.Алтаншагай: Өвөл даардаг гэдэг, худлаа. Морь эргэчихээр харин ч халууцдаг

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 25 -нд

Завхан аймгийн Улиастай сумын "Олны хурд" галын унаач Сурмаагийн Алтаншагайтай ярилцлаа. Тэрээр дөрөв дэх жилдээ хурдны морь унаж байгаа бөгөөд том болоод уяач болохыг хүсдэг.

-Алтаншагайгийн хувьд хэдэн настайгаасаа эхэлж морь унаж байна вэ. Морио зайдан унадаг уу?
-10 настайгаасаа эхэлж хурдны морь унасан. Одоо дөрөв дэх жилдээ унаж байна. Дайтуур тохоод л унадаг юм.
-Анх ямар наадамд хэний морийг унаж хурдлуулж байсан бэ?
-Отгон сумын наадамд Шар ахын цавьдар даагыг унаж тавласан. Дараа нь Мөнхбаатар ахын бор соёолонтой айрагдаад, цоохор даагатай нь аман хүзүүдсэн . Их насны морь нь сайн давхиагүй. Дараа жил нь хавчиг бор морио аман хүзүүдүүлж, бас шүдлэн айрагдуулж байлаа. Идэр сумын сургуулийн ойд соёолон бор үрээтэй айрагдаж, бор даага унаж аман хүзүүдсэн.  Өнгөрсөн жил “Олны хурд” галд ирж Галт ахын морийг унаж дандаа арвын дотор давхиулж байна. Энэ хавар Эрдэнэхайрхан сумын овооны баярт их нас гуравлуулчихаад ирсэн.
-Сүүлийн үед морь унадаг хүүхэд ховор болсон. Ер нь морь унахын сайхан нь юу байдаг юм бэ?
-Морь эргээд л урд яваа морьдын хажуугаар сул юм шиг өнгөрч айрагдаж, түрүүлэх гоё доо. Мөн морио айрагдуулсны хойно “энэ мөн сайн унах юмаа” гээд хүмүүс магтахаар бүр гоё байдаг.
-Хэддүгээр ангид сурдаг вэ. Танай ангид морь унадаг хүүхэд олон уу?
-Би нэгдүгээр сургуулийнЭнхжаргал багштай наймдугаар ангид сурдаг. Манай ангид морь унадаг 10 гаруй хүүхэд бий. Бид намар хичээл орохлоор хаана яаж уралдсанаа хоорондоо ярилцдаг юм.
-Хэд сурдаг вэ. Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Хичээлдээ дажгүй ээ. Багш нартаа нэг их загнуулаад байдаггүй. Том болоод уяач болно гэж боддог.
-Ноднин жилээс “Олны хурд” галын унаач болсон гэсэн. Биеэр жижигхэн ч  бусдадаа үлгэрлэдэг туршлагатай “том” унаач нь уу?
-Эхэндээ ч хамгийн бага нь байсан. Одоо ч том нь болох гээд байна. Нэг өдөр томдсон гээд хасагдах байхаа. Бусад ах унаач нараасаа сурсан юм их байгаа. Сурсан зүйлээсээ дүү нартаа ч зааж өгнө. Жишээлбэл, морины амыг зөв барьж явах, морин дээрээ бага хөдлөх, морио эрт шахахгүй хурдыг нь хадгалж байгаад үзүүр дээрээ шахах гээд л.
-Миний дүүгийн унах дуртай ямар морь байдаг вэ?
-Би цоохор азаргаа унах дуртай. Уг нь араас нэхэж уралддаг, шахах тусам явдаг юм. Энэ жил тэжээгээгүй гэсэн, өөд газар амралт өгөөд уруу газар сайн шахаж уралдана гэж бодож байгаа.
-Өвөл морьунахад даарах уу. Ер нь өвөл, зуны ялгаа байна биз?
-Байхгүй ш дээ. Морь айрагдаж л байвал улирал хамаарахгүй сайхан. Хүмүүс өвөл даардаг гэдэг, худлаа. Морь эргэчихээр харин ч халууцдаг.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна