Аймгийн Алдарт уяач Д.Жадамба: Сумандаа таван жил дараалан морь түрүүлгэсэн ганц хүн нь би

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 24 -нд

Завхан аймгийн хийморилог уяачдын ээлжит хууч уншигч танаа хүрч байна. Энэ удаагийн зочны хойморт Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдоржийн Жадамба уригдлаа. Сайн адуунд үнэ хайрлаж үзээгүй буурал уяач МУ-ын өсөх идэр начин Оргилын аав гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй биз ээ. Ингээд Алдартын яриаг таалан болгооно уу?
-Өсөх идэр начин Оргилын аавтай энд таарна хэмээн санасангүй. Удам дагаж бөх болно гэлцдэг. Алдарт өөрөө барилдах уу?
-Үгүй ээ. Манай удамд барилдаж ноцолдож байсан хүн байхгүй. Миний аав насаараа мал малласан малчин хүн. Харин би 43 жил нягтлан хийсэн. Хүү маань ээж талаа дагаж бөх болсон хүн. Манай эхнэрийн талд цэргийн заан Дэмбэрэл гэж бөх байлаа. Мөн манай хадам аав их сайхан бие хаатай, начин цолтой хүн байсан. Хүү маань багаасаа барилдах дуртай  хүүхэд байсан юм. Тосонцэнгэл сумын дунд сургуулийн есдүгээр ангид байхад нь биеийн тамирын багш  Пүрэвдорж нь анх анзаарч бэлтгэж эхэлсэн. Тэгээд тэр жилээ сумынхаа баярт зодоглож одоогийн улсын начин Бадамдоржийг даван начин болж байлаа. Бадамдорж миний хүүгээс насаар ах, бүр цэргээс халагдаад ирчихсэн байсан.
-Дунд сургуулийн хүү цэрэгт явж бие нь задарсан хүнийг давж цолд хүрэхийг харах сайхан байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Хүү маань түүндээ их урамшсан байх. Анх Зартын наадамд дан залуу бөхчүүд барилдахад одоогийн арслан Мөнхбаатарыг хаяж түрүүлэн даагаар шагнуулж байсан. Тэр жилээ Алдархаан суманд бас түрүүлсэн юм байна. Тэгээд оюутан болоод бэлтгэл сургуулилт нь жигдэрч эхэлсэн байх. Бэлтгэлтэй гээд гэртээ цөөхөн ирдэг байсан юм. Нэг жил аймгийн наадмын өмнөхөн ирчихээд “аймагт барилдаж начин болох санаатай” гээд ахтайгаа хамт явсан юм.  Хэд хонолоо, сураг байдаггүй. Тэгсэн нэг орой бөөн улстай баяр хөөр болсон амьтан ирээд “аймгийн арслан болчихлоо” гэсэн. Тэгсэн ээж нь “тэгээд нөгөө начингаа авч чадсангүй юу” гээд манайхан бөөн инээдэм болж байсан юм. Тэрнээс хойш дандаа Улсын наадамд барилдаж гурван удаа дөрөв давсан.
-Хэдэн онд начин цолоо авлаа?
-2008 оны наадмаар  улсын заан Батзоригоор улсын цолны болзол хангаж, дараа нь 2012 онд Мөнхбаатар арслангаар өсөх идэр начин болж байсан юм.
-Хүүгээ начин цолны болзол хангах тэр агшинд хэр догдолж байв?
-Анх удаа дөрөв давахад нь жигтэйхэн баярлаад дээлээ өмсөөд төв цэнгэлдэх рүү гарах гэтэл Элбэг харцагад уначихсан. Түүний дараа хэд хэдэн удаа дөрөв давчихсан болохоор ерөнхийдөө тайвширчихдаг юм билээ. Яг начин цолоо хүртэхэд нь хөдөө радиогоор чагнаж байсан юм. Тав давчихлаа гэж дуулаад мотоциклиороо сум орж холбооноос утсаар ярьсан. Уйлчих гээд эвгүй юм билээ.
-Баяр жаргалтай дурсамж сонсох надад ч таатай байна. Ингэхэд начин багадаа хурдан морь унадаг байсан уу?
-Би Шинэ-Идэр сумаас нэг хээр морь аваад аавдаа харуултал “явахгүй морь авлаа. Наадахыг чинь унах хүүхэд ч олдохгүй” гээд их ая муутай байна. Тэгэхээр нь Оргилоор унуулъя гэж бодоод хадмынхаас очоод аваад ирлээ. Наадам их дөхчихсөн, хээр мориндоо ажил хийсэн арай л орохооргүй янзтай. Наадмын өглөө мордуулж гаргачихаад тосоод дурандаж суутал  үзүүрийн морьд гараад ирлээ. Харсан хоёр хээр морь их хол тасарч. Нэг нь  даргын хээр, нөгөөх нь Цагаан-Уул сумын Дагвадорж гэж хүний хээр морь байх шиг байна. Тэр хоёрын ар дээр  манай уяаны хэдэн морь гараад ирлээ. Морьд ч  хажуугаар яваад өнгөрлөө. Манай Оргил байдаггүй.”Уначихаж дээ, машинд суусан байгаа” гэж бодоод бариа руу явж байсан, том хүү эхнэрийгээ сундалчихсан мотоцикльтойгоо эхний хоёр морийг дагаад байх юм. Харсан чинь харин хоёр хээрийн нэг нь миний морь байдаг байгаа. /инээв/ Тэгээд анх удаа морь унаж удаалж байсан юм. Би гэдэг хүн тэгж хүүгээ танихгүй, морио танихгүй хөглөж байлаа. /инээв/
-Яриагаа Алдартын амжилтын түүх, хурдан хүлгүүдийн талаар үргэлжлүүлье?
-Хүрэн халзан мориныхоо тухай яримаар байна. Би 1973 онд  Дэмчиг гэдэг хүнээс дааганаасаа эхлээд соёолон болтлоо түрүүлсэн хүрэн халзан морийг нь авсан юм. Дэмчиг гуайнх мал цөөтэй, олон хүүхэдтэй айл байсан юм. Халзан морио зарж магадгүй гэж дуулаад яваад очтол “халзан морио хэргийг нь хийх сайн хүнд  өгье гэж бодож байсан юм. Чи ав. Тэгэхдээ 3000 төгрөг өгөөрэй” гэсэн. Тэгээд л хэлсэн өртгийг нь өгч аваад  тэр жилээ сумандаа түрүүлгэж байлаа.
-3000 төгрөг гэдэг бас ч хөөрхөн ханш шүү. Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан юм бэ?
-Сарын цалин 450 төгрөг байлаа. Би 3000 төгрөгөөр олон морь авсаан. Ер нь адуунаас өртөг харамлаж үзээгүй. Хүмүүс гэртээ толь авах юмсан гэж боддог байхад би хаана сайн морь байна л  гэж сурагладаг байлаа.
-Халзан морь тань дээр ирээд яаж давхисан юм бэ?
-Сумын баярт таван жил дараалан түрүүлж, хоёр жил аман хүзүүдсэн. Мөн Тосонцэнгэл сумын наадамд  айрагдсан. Түмэн үхрийн баярт мөн түрүүлж байсан. Халзан морио сайн байх үед Шинэ- Идэр сумын  Ванчиндорж гэдэг хүнээс сайн халтар морь 3500 төгрөгөөр бас авсан юм. Сайн адуу л даа. Манай энэ хавийнхан “энэ халтар морь манай морьдыг хүргэхээ байлаа” гээд л шуугиад байсан. Наадам болж халтар морь, хүрэн халзан морь хоёроо мордууллаа. Эхний морьдон дунд миний хоёр, Банзрагчийн хар, Чүлтэмийн улаан гэсэн хэдэн адуу харагдана. Би халтар морио нэг шахуулсан тасраад явчихлаа. Энэ ингээд түрүүлнэ биз гэж бодчихоод арынхаа морьдыг харж явтал  Дашпунцаг дарга дайран алдаад л зогссоноо  бууж ирээд “чи адгуусаар тоглож байдгаа болиорой” гээд цохих гэж зангаснаа болиод давхиад явчихлаа. Би юу болсныг нь мэдсэнгүй. Тэгсэн нэг мотоцикльтой нөхөр миний халтар морийг шахаад нөгөөх нь үргэж үзэгчид рүү ороод  бүтэн тойрч зургаад орсон байсан. Дарга намайг тэр нөхрийг гэж бодоод загнасан юм билээ. Түүнээс хойш халтар морь ойр зууртаа сайхан уралдаж, Тосонцэнгэлд нэг түрүүлсэн.
-Үнэтэй авсан адуу урам хугалдаггүй л байж?
-Идэр сумынхаа ойд түрүүлсэн сайхан бор морийг бас 3000 төгрөгөөр авч, тэр  жилээ сумандаа түрүүлгээд, хийдийн нээлтэнд дахиад түрүүлгэсэн. Ер нь Идэр сум гаднаас адуу авдаггүй хэрнээ  хурдтай. Гаднаас очсон морь айрагт багтдаггүй газар байгаа юм. Бор морины дараа Баянтэсийн гаралтай хээр алаг морь авсан. Аварга том биетэй сайхан морь л доо. Түүнийг гурван  морь, гурван тугалтай үнээ, гурван унагатай гүүгээр авч байлаа. Баянтэсээс бас нэг шар хээр морь авсан нь 1997 онд 30 мянган үхрийн баяраар айрагдсан. Тэгэхэд 300 морь уралдсан юм. Тэгээд маргааш нь Хуягтын сургуулийн ойгоор ахиж уралдуулаад хөлийг нь муутгачихсан. Би ер нь олон морины хөл муутгасан тааруу уяач шүү. Сүүлд нь Баянтэсээс бас нэг улаан хээр морь аваад сумандаа хоёр айрагдуулсан. Оргилын унаж айрагдуулсан хээр морины байнд ирсэн халтар үрээгээ бас олон бага наадамд айрагдуулж, сүүлд нь хангай хүртчихсэн.
-Танай ийшээ боохой элбэгтэй юмаа даа?
-Тийм тал бий ч, манай нутагт сайн адууг боохой хүртдэг гээд бэлгэшээдэг талтай.
-Ингэхэд та дандаа нэрд гарсан морь авдаг байв уу. Эсвэл бас битүү адуу авч хурдлуулж байсан уу?
-Нэрд гарсныг ч авсан. Битүү адуу ч авсан. Хурдалсныг нь өөрт чинь яриад байгаа болохоос биш давхиагүй адуу ч бий.
-Өөрийн унаган адуу хэр давхиж байна?
-Өөрийнхөө адууг уядаг ч тэр бүр айрагдаад байдаггүй байсан. Сүүлд Оргилын сургасан хул морь харин гайгүй давхих гээд байсан шүү.
-Та хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн бэ?
-2013 онд Алдарт уяач боллоо. Медальгүй өгдөггүй байх үеийн уяачид сүүлд болдог бололтой юм. Манай суманд таван жил дараалуулан морь түрүүлгэсэн хүн ганц би байх. Нэг үе морь уралдвал Жадамбын хүрэн халзан, бөх барилдвал Банзай түрүүлдэг байсан юм шүү дээ.
-Хоёр дүү тань мөн аймгийн Алдарт уяач цолтой гэж дуулсан?
-Манай хоёр дүү  хоёулаа аймгийн Алдарт уяач. Банзрагч нь Тэлмэн сумын  залуу малчны сургуульд сурсан.Жигжидлхам нь бас морины өвчтэй хүн. Нас өндөр болоод таяг тулаад гэрт байгаад байсан өнгөрсөн жил Сүхбаатар аймгаас нэг морь авсан байна лээ. Энэ жил сумын төв дээрээс утсаар яриад л “миний морь өнөөдөр ямар байна. Тэгвэл тийм ажил хий” гэж зөвлөөд байсан. Сая овооны наадмаар очсон таягаа хаячихсан дэвхийгээд явж байна лээ. Моринд дуртай хүн тэгдэг юм даа. /инээв/
-Хүлгийн хийморьт сүсэглэсэн танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Ярилцсанд баярлалаа.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна