Буриад сурын улсын аварга шалгаруулах харваа боллоо

Гарамдорж
2014 оны 6-р сарын 12 -нд

Улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, есөн удаа айрагдан, улсын наадмын Буриад сур харваанд 10 удаа түрүүлсэн Монгол Улсын Мэргэн, спортын мастер Дондогнямын Цэцэгт хүндэтгэл үзүүлж, алдрыг нь тэмдэглэх буриад сурын 2014 оны улсын аварга шалгаруулах харваа 6-р сарын 7, 8-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баяндун суманд өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Д.Цэцэг Баяндун сумаас төрсөн МУ-ын хоёр дахь мэргэн бөгөөд анхны эмэгтэй мэргэн харваач билээ. Энэ харваанд Улаанбаатар хот, Төв аймаг, Багануур дүүрэг болон Дашбалбар,Баяндун, Баян-Уул, Хэрлэн сумдаас хүрэлцэн ирсэн Гоц мэргэн Х.Оюунчимэг, Хошой мэргэн Ч.Баасанхүү, Мэргэн С.Энхтунгалаг, спортын мастер Б.Батбаатар, Г.Баярсайхан, Г.Амарсайхан, Ж.Нямдаваа, ахмад харваач Л.Раднаасүрэн, Б.Баатарцогт нарын 80-аад харваач оролцлоо. Эрэгтэй харваачдын төрөлд спортын мастер Б.Батбаатар, О.Сүхбаатар нар 64 сумнаас 51 онож, О.Сүхбаатар  ласжины оноогоор илүүрхэн түрүүлж, Б.Батбаатар удаалсан бол гурваас тавдугаар байранд Баяндун сумын харьяат аймгийн Мэргэн Б.Батдорж, Цагаан-Овоо сумын харьяат спортын мастер Б.Баярсайхан, Улаанбаатар хотын харьяат, Хошой мэргэн Ч.Баасанхүү  нар тус тус шалгарав. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Гоц мэргэн Х.Оюунчимэг 64 сумнаас 57 онож хол тасархай түрүүлсэн бол , удаах байранд  Баяндун сумын харьяат спортын мастер Ч.Гандаваа, Дашбалбар сумын харьяат Э.Оюунжаргал, Улаанбаатар хотын харьяат, МУ-ын Мэргэн С.Энхтунгалаг, Баяндун сумын харьяат Мэргэн Д.Цэцэг нар тус тус шалгарлаа.

Буриад сур харваанд уламжлал болсон ласжийн бооцоот харваанд эрэгтэйчүүдээс Мухардааны удмын харваач Ц.Пүрэв мэргэний зээ хүү Б.Нямбаяр 554,000 төгрөг, эмэгтэйчүүдээс аймгийн Мэргэн, спортын мастер Б.Цэндбазар  393,000 төгрөг гардан авлаа. Харвааны үеэр Дорнод аймгийн ИТХ-ын дарга Зоригтбаатар, сурын холбооны дарга Ш.Баттөмөр нар Д.Цэцэг мэргэнд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулсан бол төрөл садангууд нь 3,5 сая төгрөг бэлэглэсэн юм. Ийнхүү Баяндун нутгийн уул хад, ой модонд нь хөхөө шувуу донгодон  хөдөө тал нь цэцэг ногоо  халиуран очсон айл бүр цөцгийтэй халуун талхаар дайлж, хөгшин залуу, хүүхэд багачуул хотлоороо уухайн дуундаа ёохор хатиран өргөн дэлгэр цэнгэн наадлаа. Д.Цэцэг Мэргэнд хүндэтгэл үзүүлэхээр сум даяараа хөдөлж, өндөр хэмжээний хүндэтгэл үзүүлсний буян хишиг дэлгэрч энэ сумаас олон арван мэргэчүүл төрөн гарах болтугай хэмээн хүсэн ерөөе.

Монгол Улсын Мэргэн П.Гарамдорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна