Алтангадас хэмээх хүрэн халзангийн төлүүд

Даваадорж
2014 оны 5-р сарын 26 -нд

Алтангадас дуудлагатай хүрэн халзан азарганы төл 1986 онд төрсөн Бага салхин дуудлагатай хүрэн халзан /эх нь Морин тойруулга гаралтай зээрд гүү/ азарга Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хөдөө аралд 1990 онд явагдсан Монголын нууц товчооны 750 жилийн ойн баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд түрүүлж, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмын азарганы уралдаанд хавчиг азарга аман хүзүүнд хурдлахад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Алдарт уяач Х.Сүрэнхорын алдарт хээр азарга түрүүлсэн юм. Бага салхин хүрэн халзан азарга 1993 онд Ардын хувьсгалын 73 жилийн ойн их баяр наадмаар гуравт давхисан.
Алтангадас дуудлагатай хүрэн халзан азарганы төл 1988 онд төрсөн Сэлэнгэ дуудлагатай хээр халзан /эх нь 1981 оны төл, морин тойруулга гаралтай хээр халзан гүү/ морь 1994 онд Ардын хувьсгалын 73 жилийн ойн их баяр наадмын их насны морьдын уралдаанд долоон настай морь түрүүлж, Ардын хувьсгалын 74 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүдэхэд дүү Янзага дуудлагатай зээрд халзан морь түрүүлж байсан юм. Хээр халзан морь 1998 онд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд явагдсан “Их хурд-1” уралдаанд аман хүзүүдэхэд Төв аймгийн Угтаал сумын Алдарт уяач Лхүндэвийн хонгор морь түрүүлсэн. Морин жилийн шинийн гуравны уралдаанд 2002 онд түрүүлж, нохой жилийн шинийн 15-ны хаврын уралдаанд түрүүлж тус тус мотоциклиэр шагнуулсан. Улаанбаатар хотын Яармагийн дэнж дэх Морин уралдааны төвийн ойрын зайн 9 км-ийн хурдан морьдын уралдаанд 2000 онд нэг түрүү, 2001 онд гурван түрүү, нэг айраг, 2002 онд хоёр түрүү, хоёр айраг авч “Оны шилдэг хурдан хүлэг” цол хүртсэн.
Алтангадас дуудлагатай хүрэн халзан азарганы төл 1987 онд төрсөн Идэр хээр их насны морь 1996 онд Ардын хувьсгалын 75 жилийн ойн их баяр наадмын уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Энэ уралдаанд Бага янзага дуудлагатай зээрд халзан морь айргийн тавд хурдалсан.
Алтангадас дуудлагатай хүрэн халзан азарганы төл 1989 онд төрсөн Бага янзага дуудлагатай зээрд халзан морь Ардын хувьсгалын 74 жилийн ойн их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлж, 75 жилийн ойгоор айргийн тавд хурдалж байсан.

МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна