Халиун азарганы нүнжигтэй эзэн

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 20 -нд

 Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд айргийн гурав, “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, “Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалсан Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга Түвдэндоржийн Болдбаатарын халиун азаргыг морь сонирхогчид андахгүй биз ээ. Дөрвөн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдан энэ цагийн эгэлгүй хурдан ажнай гэдгээ баталсан халиун азарга,  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйрын унаган адуу.
Шүдлэндээ Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэн, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрвөөр  давхисан халиун азарга хязааландаа Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд”  уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан юм. Тиймээс уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн урмыг тэтгэсэн халиун азарганыхаа амжилтын мялаалга болгож, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, “Дэлтэй цэнхэр”МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар “Жавхлант шаргын хурд-2014” уралдааны хязаалан насны морьдыг хувиасаа байлж, мялаасан байна.
Халиун азарганы эзэн түрүүлж айрагдсан хурдан хязаалангуудыг 500.000-2 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагнал, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны лого бүхий медаль, нэмнээ, аймгийнх нь уяачид  хурдан хүлгэдийн үүх түүх бүхий “Тод магнай” сэтгүүлийн тусгай дугаараар тус тус шагнажээ. Дашрамд сонирхуулахад, халиун азарганы эзний энэхүү үйлдэл нь аймгуудын МСУХ биенийхээ  үйл ажиллагааг харилцан дэмжсэн анхны тохиол бөгөөд цаашид энэ мэт дэлгэр үйлсийн эхлэл болж буйгаар онцлог юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна