Хурдан морь унаач О.Батболд: Морио амрааж байгаад явуулахаар сайн давхидаг юм

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 23 -нд

-“Дүнжингаравын хурд” уралдаандаа их морь айрагдуулсанд баяр хүргэе. Уралдаанч хүүгийн нэр хэн билээ?
-Миний нэрийг Отгонбаярын Батболд гэдэг. Энэ жил 11 настай. Гурав дахь жилдээ хурдан морь унаж байгаа. Өнөөдрийн уралдаанд их морь, соёолон унаж, хээр морио айргийн таваар хурдлуулаад их баяртай байна.
-Хэзээнээс Шинэбаатар уяачийн морийг унаж байгаа вэ?
-Угаасаа л Шинээ ахын морийг унадаг юм. Өөр хүний морь унаж байгаагүй ээ.
-Хурдан морь унах болсоор ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-2012 оны улсын наадамд Од хээрээ айргийн таваар давхиулсан. Түүний дараа бас Луус суманд очиж тавлуулсан.
-Олон газрын наадамд оролцож байв уу?
-Дүнжингаравын хурдад гурав дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил Дүнжингаравын дараа Эрдэнэтийн уралдаанд очиж уралдаад зургаагаар давхиулсан. Бас өнгөрсөн зун Өвөрхангайн  Арвайхээрийн наадамд явсан.
-Хурдан морь унах эрсдэлтэй гэдэг. Чамд тийм зүйл тохиолдож байсан уу?
-Эргэхдээ л шахалдах нь хэцүү. Түүнээс бусдаар гайгүй ээ. Морь унаад эрүүл агаарт явж байх сайхан ш дээ.
-Гэрийнхэн тань хориглож байсан удаа бий юу?
-Би Төв аймгийн Баян сумынх. Бид эцэг эхээс дөрвүүлээ. Агаа маань 11-р ангид сурдаг. Бас моринд дуртай. Би болохоор тавдугаар ангид сурдаг. Морь унах дуртай болохоороо сургуулиа дөнгөж амраагаад л хөдөө явдаг.
-Уралдааны үед ямар тактик барьж уралддаг вэ?
-Морио амрааж байгаад жаахан явуулдаг.Тэгэхээр морь маань сайн давхидаг  юм.
-Батболд унаачийнхаа хувьд гаргасан амжилтаа хэрхэн үнэлүүлдэг вэ?
-2011 онд спортын дэд мастер цол авсан ш дээ.
-Мундаг юмаа. Дараа дараагийн уралдаануудад чинь амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна