С.Төгөлдөр: Бор морины түрүү бүсийн наадмын анхны хишиг

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 23 -нд

-Морин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд”  уралдаанд их морь түрүүлгэсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Уяачид бидний хүсэн хүлээж байдаг “Дүнжингаравын хурд” уралдаан маань энэ жил товлосон хугацаанаасаа хожимдсон ч дэлгэр сайхан боллоо. Газар газрын хурд цугласан энэ том уралдаанд их насны морь түрүүлгэсэндээ маш их баяртай байна. Ингээд “Тод магнай”  сэтгүүлээрээ дамжуулаад уяач Буянтогтох, унаач Дугарваанчиг нартаа болон “Агт-Эрдэнэ” галынхаа хамт олонд баярласнаа илэрхийлье.
-Бор морь хаанахын адуу вэ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан хүлэг вэ?
-Бор морь маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Надиа гэдэг хүний унаган адуу. Надиа ах маань сум, аймгийнхаа баяр наадмаас олон айраг, түрүү авсан их хурдтай хүн л дээ. Миний буурал морь хавчиг зургаан настайдаа аймгийнхаа наадамд долоод давхиад, тэгээд л надад ирсэн адуу. Миний найз Содномын Аюушдаваа маань авчирч өгсөн юм. Энд ирсэн хойноо улс, бүсийн чанартай томоохон наадамд түрүүлж, айрагдаагүй ч Алтанбулаг, Нөхөрлөл орчмын бага наадмуудад 13-14 удаа орчихсон  адуу.
-Энэ жил хэдтэй вэ?
-Энэ жил 11 хүрч байна.
-Уралдаанууд хориглочихсон байсан болохоор хавар уралдаж чадаагүй юу?
-Цагаан хөтөлд болсон бооцоотой сунгаанд аман хүзүүдсэн.
-Төрийн наадмын түрүү азарга, “Их хурд”-ын түрүү их насны морь тодорсон “Агт эрдэнэ” гал уяанд хэзээнээс нэгдсэн бэ?
-Энэ жил шинээр орсоон. Манай галын тэргүүн, Сүмбэн зээрд азарганы эзэн Цогтсайхан ах маань намайг сайхан хүлээн авч, бусад гишүүн маань ч гэсэн халуун дотно угтан авсан.
-“Дүнжингаравын хурд-2014” уралдаанд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц бор морьтойгоо л ирсэн.
-Түрүү хүлгийн эзэн хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хүн. Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байгаад, морь уядаг болсоор найман жил болж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд том бага наадмуудаас 34-35 айраг, түрүү авсан байна лээ. Миний адууны гол суурь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Цэрэнтогтохын адуунууд байдаг. Цэрэнтогтох ахын маань хээр азарга анхны Алтан-Овооны наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян.
-Хэний морьдыг унадаг байсан юм бэ. Аав тань морь уядаг байсан юм уу?
-Миний аав Мал эмнэлгийн даргаар олон жил ажилласан. Мөн хязаалангийн даамал ч хийж байсан. Аав маань адуу малд ойр байсан нь намайг морь сонирхоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл болсон.
-Бор морины амжилт улс, бүсийн наадмын анхны хишиг үү?
-Тиймээ. Түүнээс өмнө бүсийн наадамд хоёр ч удаа зургаалуулж, хоёр удаа наймаар давхиулж байсан. Мөн Улсын наадамд уясан морьд маань 12, 16-гаар давхиж байсаан.
-Хийморилог залуу уяачийн цаашдын уралдаануудад амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна