АХ-ын дөрвөн жилийн ойн баяр наадам

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 18 -нд

1925 оны наадмыг "Ардын их баяр наадам" хэмээн нэрийдэж орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав, бүх цэргийн жанжин Х.Чойбалсан нарын гарын үсэгтэй 1949 тоот албан бичгийг 1925 оны зургадугаар сарын 4-ний өдөр үйлдэн төв ба орон нутгуудад хүргүүлжээ. Ардын их баяр наадмыг тогтсон ёсоор долдугаар сарын 11-нээс эхлэн зургаан хоног наадаж цэнгэсэн гэдэг.
Наадамд даншгийн арслангууд болох Цэнхэрийн Гэндэндаржаа, Лянхын Самдан, "сундаг" Лувсандаш, Халхын гурван босоо нар болон Арван засгийн заан Лундаа, Сономцэрэн, Банди нарын 640 бөх зодогложээ. Энэ жилийн наадмын өмнөхөн анх удаа Залуучуудын байгууллагаас бөх барилдах, морь уралдах, сур харвах тухай дүрмийг батлан гаргаж орон даяар өрдүүлж эхэлжээ. Наадмын бөхийн барилдаан "босоо" хэмээх Г.Самдан арслан түрүүлж, "Хувьсгалт Монголын аварга", ес давж үзүүрлэсэн аймгийн арслан "буур" хэмээх Н.Жамъянд улсын арслан цол хүртжээ.
Хурдан морины уралдааны азарганд Хар дэл бэйс Пүрэвжав /Хэнтий, Галшар сум/-ын Элбэг хээр, их насанд Цэнд /Богд хан уул. Дэлгэрхаан хошуу/-ийн хээр, соёолон насанд Минжүүр /Богд хан уулын аймаг/-ийн хар хээр, хязааланд Гомбосүрэн /Богд хан уул, Дэлгэрхаан хошуу/-гийн зээрд, шүдлэнд И.Даржаа /Хан Хэнтий/-гийн улаан саарал, дааганд О.Рагчаа /Хан Хэнтий/-гийн халиун магнайлжээ.
Шигтгээ: 1925 оны дөрөвдүгээр сарын 27-нд Алтанбулаг хотын Ардын цэнгэлдэх хүрээлэнд болсон үзүүлэх үдэшлэгийн үеэр Монголын ший жүжгийг үзүүлж, жад эргүүлж байлдах, хөдөлгөөнт тоглолт, шүлэг уншилт зохиогдсоны дотор анх удаа уран хөдөлгөөнт утгачилсан гимнастик хийж сонирхуулсан нь хөдөлмөрчдийн талархлыг их татаж, хөдөө сумд болон аймгийн төв дээр дахин тоглохыг хүссэн саналууд ирж байсан талаар ахмадууд нэг бус удуу дурссанбайдаг. Мөн оноос эхлэн бага, дунд, тусгай мэргэжлийн сургуулиудад биеийн тамирын хичээлийг заах болжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна