National Hunt racing буюу Үндэсний ангийн уралдаан

Тэлмэн
2014 оны 4-р сарын 02 -нд

Гуравдугаар сарын 2. Ням гараг байсан хэдий ч Irish Thoroughbred Marketing  компанийн захирал хатагтай Elaine Hatton-ий тусламжтайгаар бид өдрийг тун зугаатай өнгөрөөж чадсан юм. Олон улсад нэр хүнд бүхий том компанийн захирал амралтын өдрөө бидэнд зориулж үндэсний морин уралдаанаа үзүүлж сонирхуулахаар зэхсэнээ дуулгасан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Ингээд бид буудлаасаа холгүй орших Наас хотын морин тойруулгад ирж, National Hunt racing буюу Үндэсний ангийн уралдааныг үзэж сонирхлоо. Зөөлөн бороотой байсан  хэдий ч хүүхдээ дагуулсан гэр бүл, ахмад настнууд уралдаан үзэхээр олноор ирэх бөгөөд үүдэнд нь үнэ төлбөргүй шүхэр тараах аж. Elaine бидэнд газарчлан зоогийн газрын үйлчлэгчээс сул ширээ байгаа эсэхийг лавлаад цонхны дэргэдэх дөрвөн хүний ширээнд суухыг урилаа.
Өнөөдрийн бидний үзэх Ирландын үндэсний уралдаан нь XVIII зууны үед үүссэн гэнэ. Нутгийн өмнөд хэсэгт бий болсон энэхүү уралдаанд эхний үед хоёр морь оролцдог байсан агаад “Pounding Race” хэмээн нэрлэгдэж, ард түмний үзэх дуртай уралдаан болон хөгжсөн байна. Үзэгч сонирхогчдын тоо нэмэгдэхийн хэрээр цар хүрээ хамрах орчин тэлж, оролцогчид уралдааны замд таарсан бүхий л саад тотгорыг даван туулдаг болсон байна. Энэ төрлийн хамгийн анхны бүртгэлтэй уралдаан нь 1752 онд Ирландын өмнөд муж буюу Коркийн хойд хэсэгт орших Buttevant болон Doneraile зэрэг хотын хооронд болж байжээ. Анхны уралдааны зай нь 4.5 милл (7.2 км) байсан бөгөөд эхлэх, дуусах цэгүүд нь хотын сүмийн шовгор орой бүхий барилгаар тэмдэглэгдэж байсан агаад түүнээс улбаалан хожим нь STEEPLECHASE гэгдэх болсон хэмээх нь бий. Point-to-Point, Amateur Steeplechases зэрэг адил төстэй уралдаан нь голдуу фермийн эдлэн дамжин уралддаг байсан учир ард түмний дунд ихэд алдаршиж Ирланд болон Их Британд дэлгэрсэн байна. Харин дэлхийн хамгийн анхны албан ёсны гэж хэлж болох саадат уралдаан Английн Aintree хэмээх хотноо 1839 онд болж байсан бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аж. Өдгөө олон мянган үзэгч, дэмжигчтэй олон зуун сая паунд стерлинг эргэлдэж байдаг Cheltenham уралдааны анхных 1904, 1905 онд болж байжээ.
Хайс, хашаа болон суваг шуудуу зэрэг замд тааралдсан саад тотгор бүрийг даван туулах энэхүү уралдааныг Их Британийн Нэгдсэн Вант Улс, Франц болон Ирландад албан ёсоор Үндэстний ангийн уралдаан хэмээн нэрийдэх болсон бөгөөд Их Британийн Үндэстний ангийн уралдаан нь HURDLE  буюу STEEPLECHASE гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. HURDLE саадтай уралдаан нь Hurdle гэж нэрлэх ижил өндөртэй саадан дээгүүр харайдаг бол  STEEPLECHASE нь өөр төрлийн олон саадыг даван туулах болдог аж /Өөр төрлийн олон саад гэдэгт энгийн хавтгай болон  усан гэх мэт/. Их Британийн хамгийн том уралдаануудад Aintree дахь Grand National Hunt болон Cheltenham Алтан цомын уралдаанууд ордог гэдгийг мөн дуулгах нь зүйтэй байх.
Үндэстний ангийн уралдааны гол улирал нь өвөл. Учир нь зун борооны улмаас хөрс нь хэт зөөлөн, чийг ихтэй болдог тул морь, хүн аль алинд нь халгаатай байдаг аж. Бусад уралдаанаас ялгагдах өөр нэгэн онцлог нь морьд голдуу оролцдог бөгөөд  үнийн хувьд тийм өндөр бус. Морьд нь харайхад зориулагдсан байдаг бөгөөд заавал Англи цэвэр цусны адуу буюу Thoroughbred байх шаардлагагүй. Үзэгчдийн тоогоороо ямагт тэргүүлж байдаг үндэсний ангийн уралдаанд Ирландад үржүүлсэн морьд ноёрхох хандлагатай байгаа бөгөөд ганцхан жишээ хэлэхэд, 2005, 2006 онд Ирландын морьд Cheltenham-ын гурван том шагналыг авсны сацуу Grand National уралдаанд түрүүлж байжээ. Мөн 2002, 2003, 2004 оны Cheltenham-ийн Алтан цомыг дараалан Ирландаас ирсэн морьд авч байсныг хэлэхэд таатай байна.
Нийгмийн бүхий л давхаргын үзэгчид, оролцогчдыг хамарсан энэхүү уралдааны үеэр бид хөрөнгийнхөө хэмжээгээр Ирланддаа тэргүүлэх эгнээнд бичигддэг бизнесмен эртэй таарсан юм.
А.Тэлмэн, А.Наранбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна