Т.Болдбаатарын халиун

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 31 -нд

Гурван бүсийн уралдаанд айрагдаж энэ цагийн хурдан ажнайнуудын нэг гэдгээ таниулсан “Хөвсгөл зам” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун соёолон төрийнхөө их баяр наадамд есөөр хурдалж,  Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой зүүн бүсийн хурдан морины уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж байсан билээ. Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд айргийн гуравт хурдалж, хурдан морь сонирхогчдын хараанд өртсөн халиун үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйрын унаган адуу. Бүр тодруулбал, Халзан сумын наадамд есөн жил дараалан түрүүлж, айрагдсан Д.Цэвэгсүрэнгийн халтар азарганы үр сад юм. 1977 оноос эхлэн сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан хурдан халтар азарганы төл халтар үрээг тус сумын уугуул Энэбиш агсан авч, азарга тавьсан бөгөөд халиун үрээний эх халтар гүү түүний төл юм. Халиун үрээний эцэг нь Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн шарга азарга бөгөөд  мөн л Д.Цэвэгсүрэн уяачийн халтар азарганы үр сад. Өөрөөр хэлбэл, Т.Болдбаатарын халиун үрээ  хоёр талаас Д.Цэвэгсүрэнгийн хурдан халтрын  цустай адуу бөгөөд хөгшин халтрын гурав дахь үе үр төл нь юм.
Халиун  үрээг шүдлэнд нь Я.Буйр Алдартын хүүгийн найз Мөнх-Эрдэнэ  хоёр сая төгрөгөөр худалдан авч, Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрвөөр тус тус хурдлуулжээ. Нутгийнх нь тэгш ойн баярт холоос зорин ирж аман хүзүүдсэн халиун үрээ Т.Болдбаатарын анхаарлыг татаж, сураг ажиг тавьсаар хязааландаа аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлснийх нь дараа өөрийн болгосон хэмээдэг. Халиун үрээ тэр зунаа Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн гурваар хурдалж, 2013 он гарсаар “Жавхлант шаргын хурд” уралдаанд аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, “Эрдэнэт хурд-2013” бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан билээ. Ийнхүү уягдсан цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг Т.Болдбаатарын халиун үрээ одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолт гурван бүсийн наадамд болон гурван аймгийн тэгш ойн баярт айрагдан уясан эзэн, унасан хүүхэд түмэн олноо цэнгүүлжээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна