Гоц мэргэн цолтой харваачид

Гарамдорж
2014 оны 3-р сарын 13 -нд

Улсын баяр наадмын харваанд олон удаа түрүүлнэ гэдэг харваач бүхэнд тохиолдоод байдаг зүйлийн нэг биш билээ. Одоогоор 1923-1933 оны баяр наадмын харвааны материал тодорхой болоогүй байгаа нь судлаач, сонирхогчдын олж тодруулах ажлын нэг болоод байна. Энэ 10 жилийг оролцуулахгүй бол 1921 оноос хойш болсон 82 удаагийн Улсын баяр наадамд эрэгтэй харваачдаас найман хүн Гоц мэргэн цол хүртсэнээс таван харваач цолоо ахиулсан байдаг. Одоо Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харьяат Түвшинбаярын Лонжид , Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Цэрэндоржийн Гэнин, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Жанчивын Баттөмөр нар Гоц мэргэн цолтой байна. 1958 онд болсон АХ-ын 37 жилийн ойн баяр наадмаар эмэгтэйчүүд цэц мэргэнээ уралдуулах болсон түүхтэй. Эмэгтэйчүүд наадамд харвадаг болсон цагаас хойш зургаан харваач Гоц мэргэний болзол хангаснаар гурван харваач цолоо ахиулжээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Ч.Цэрэндулам, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Дашнямын Борохин, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Холхорын Оюунчимэг нар Гоц мэргэн цолд хүрчээ. Т.Лонжид, Ц. Гэнин, Ж.Баттөмөр нар Мэргэн цолд хүрснээс хойш 5-7 жилийн дотор цолоо ахиулсан бол эмэгтэй харваачдаас Ч.Цэрэндулам, Д.Борохин нар 9-13 жилийн дотор цолоо ахиулсан байхад Х.Оюунчимэг гурван жил дараалан түрүүлж Гоц мэргэн болсон байх жишээтэй. Т.Лонжид мэргэнээс хойш 37, Ц.Гэнин мэргэнээс хойш 26 жил өнгөрсний дараа Ж.Баттөмөр Гоц мэргэн болсон бол Х.Оюунчимэг мэргэн Цэрэндуламаас 37, Борохиноос 31 жилийн дараа ийм цол хүртжээ. Энэ нь Гоц мэргэн цолд хүрнэ гэдэг харваачаас асар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан ажил болохыг харуулж байна. Гоц мэргэн цолд ойрхон байгаа харваачид гэвэл Хошой мэргэн Ц.Баасанхүү, Д.Эрдэнэтуяа нар төдийгүй Ж.Баттөмөр, Х.Оюунчимэг нарт цолоо ахиулан Гарамгай мэргэн цолд хүрэх цаг хугацаа тийм ч хол биш байгаа гэдэгт олон харваач итгэл тавьж байгаа билээ.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна