Орлой адуу

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 06 -нд


Орлойн унага очтой
Орлойн уяач овтой гэсэн үгсийг эрхэм уншигч та нэг бус удаа дуулсан байх. Эрдэнэ бандид Мэргэн хутагт ламын харьяат Богдын шавь ардууд Орлойн “Гурван булаг”-ийн Цагаан нуруу, Орлойн Гурван зээрдүүдээр нутаглаж байснаас тэр хавийн хүн малыг Орлойнхон хэмээн ерөнхийд нь нэрийдэх болжээ. ХVII-ХVIII зууны заагаар Дарьгангын сүргийнхэн эмхлэн байгуулагдсаны дараа, өөрийн нутагт шүтэн тахиж байх уул овоог сонгох талаар ард түмний дунд санал зөрөлдөөн гарч Жанчхүүгийн Хусай амбанд мэдүүлснээр Манж Чин улсын эзэн хааны зарлигаар сүргийнхний тахиж байх уулыг Захын Хар Өндөр буюу одоогийн Алтан Дарь овоо, шүтэж байх ламыг Орлойн Эрдэнэ Бандид Мэргэн Хутагт лам хэмээн тогтоож овооны тахилгыг Орлой Мэргэн Хутагт удирдаж жил бүр тахиулж байхаар болгосон бөгөөд энэ нь XX зууны эхэн хүртэл үргэлжилж ард түмний дунд ёс заншил болон уламжлагдсаар иржээ. “Орлой гурван зээрдүүд” нэрийн тухай Дарьгангын сүргийн баруун гар адуучинг хээрүүд, зүүн гар адуучинг зээрдүүд гэж нэрлэж байсан бөгөөд зүүн гар адуучин нь Орлой гурван зээрдээс Харгилтай хүртэлх нутгийг хамарч байсан байна. Зүүн гар адуучны 37 сүрэг (суурь) адууны 3 сүргийг Орлойн нутагт адгуулж байснаас Орлой гурван зээрднүүд хэмээн нэрлэгдэх болсон гэсэн таамаг бий.
Богд эзний зарлигаар Монголын хошуу нутгуудын шавь ардыг захирах долоон хутагт томилсны нэг нь Эрдэнэ бандид Орлой Мэргэн хутагт байсан юм.
Ийнхүү Орлой Мэргэн Хутагт ламын нэр нөлөө өсөж өөрийн шавь төдийгүй Дарьгангын сүрэгчин хошууг хамарч өнө удаан хугацаанд үе улиран явж ирсэн нь нэгэн талын Орлойн адуу гэгч хурдан удмын адууны бүрэлдэн тогтох үндсэн нөхцлийн шимт хөрс нь болсон гэхэд хилсдэхгүй болов уу.Орлой Мэргэн Хутагт ламтны сүрэгт олон шилдэг хурдан азарга, зартай хурдан морьд тасрахгүй ирсэн явдал бол газар бүрээс аль шилдэг хурдан хүлгүүдээ өргөлд барьдаг байсан хийгээд тэрхүү Ламтны нэр хүнд ямагт өндөрт явж ирсэнтэй холбоотой юм. Орлой мэргэн хутагтын Эрх саарал, Сэтэрт саарал, Хүүхэний бор зэрэг морьд Дарьгангын овоо тахилгын наадамд түрүүлдэг байжээ. Түүнчлэн Орлой Мэргэн Хутагт ламтанд тахийн үр удмын адууг хол ойроос авчирч бэлэглэж байсан тухай хэд хэдэн сонин домог яриа үлдсэний дотор «Ламтны саарал» гэж алдаршсан алдарт хурдан азаргыг хурдан тахийн удамтай гэж өвгөд хуучилдаг. Энэ домгоос сонирхуулвал:
Ламтны сүргээс нэг азарга адуу алдагдсан бөгөөд хоёр жил болсны дараа хулангийн сүрэгт хураагдсан болохыг олж мэджээ. Азарга нь хөгшин азарга байснаас үхэж, адуу нь хулангийн азарганд хураагдаад зэрлэгшсэн байж. Ингээд адуугаа хулангийн сүргээс салгаж авах гэж их сүр, зар болж, хошуу хотоороо хөдөлж сайн уургын морьд бүхий сайн уургач олон эрчүүдийг татаж нэгэн удаа өртөөлөн хөөж ганцхан хээлтэй хөгшин гүүг барьсан агаад түүний унагаар азарга тавьж, Ламтны саарал азарга нь түүний удмынх ажээ.
1920-30-аад оны үед ламтны (Овжин бор, Загдын хээр, Аюушийн хээр зэрэг хурдан азарганууд ид хурдалж байжээ. Эдгээр нь дандаа өргөлд ирсэн адуунууд байснаас уугуул эзнийхээ нэрээр нэршиж байсан байна. Гэхдээ Орлойн адууны бүрдлийг зөвхөн тус ламын нэр нөлөөгөөр бүрджээ гэж үзэж хэрхэвч болохгүй бөгөөд хамгийн гол нь малч удмын билгийн нүдтэй малчин ардууд, ухаант буурлуудын маань ач гавьяа, ажилсаг хөдөлмөрөөр бүрэлдэн тогтож нэрд гарсан гэж үзүүштэй. Түүнээс гадна хил залгаа нутаг, хошууны адуунууд хурдан удмын хувьд улс орон даяар алдартай байсан нь онцгой нөлөөлсөн гэдгийг дурьдах хэрэгтэй. Тухайлбал: Ёст бэйсийн хошуу дээр үеэсээ хурдан сайн морьдоороо алдартай байсны дээр Эрдэнэ Далай ван буюу Далай жонон бэйсийн хошуу гэж байх үеэсээ адууны тоо чанарын хувьд давуу ойр орчиндоо нөлөөтэй байсан нь зохих нөлөө үзүүлж байв. Орлой угшлын хурдан адуу бий болоход сайн уяачдын хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй байсан нь мэдээж. Жишээлбэл ус нутаг хошууны Орлойн баян Совд хэмээн алдаршсан их шинжээч, алдарт уяач болон түүний ах дүү Давга, Самбуу, Чойнбол зэрэг хүмүүс зонхилох үүрэг гүйцэтгэж ноёлох байр суурьтай явж иржээ. Баян Совд бол морь шинжин таних, уяж хурдлуулах эрдэмд гарамгай, мэргэжсэний дээр тухайн үедээ зохих ёсны боловсролтой, мал аж ахуйн монгол ухаанд нэвтэрхий сайн, байгаль цаг уур, мал, хүнийг хүртэл шинжиж маш зөв тодорхойлж чаддаг эрдэмтэй хүн байжээ. Нэлээд хожуу өвлийн нэгэн уралдаалганд хариг морио уяж очоод:
- Харьсан хүний хариг морь арай барахгүй болов уу нэгэн арга бодно байгаа гээд нутгийнхаа нэгэн залууг дуудаж – “Совд гуайнхаа морийг залуу тарган морь, 100 төгрөгөөр цохичих, түрүүлж чадахгүй бол Совд гуай нь мөрийг нь төлнө” гээд цохиулжээ. Энэ нь юм орох дуртай, хийморьтой яваа залуу хүний мөрий хожих азыг давхар ашигласан хэрэг байж л дээ. Хашир уяачийн тооцоолсон ёсоор тэр уралдаанд морь түрүүлсэн гэдэг. Дээрхи хүмүүс ах дүүсээрээ чинээлэг, орон нутагтаа Орлойн баячууд хэмээн нэрлэгдэж байсны дээр Цэцэн хааны даншиг наадамд болон улсынхаа баяр наадамд шандаст хурдан хүлгүүдээ уяж, уралдуулж явжээ. Мөн өвгөн ноён Пүрэвжав бэйстэн, Мэргэн вангийн Дэндэв тайж зэрэг хүмүүсийг үе үе урьж, хошууны бага наадмуудад байнга очиж уралддаг байсан хэмээдэг. Ганцхан баримт дурдахад 1935 онд Цэцэнханы наадамд очиж Шөвгөр хонгор гэдэг азарга нь аман хүзүүдээд, их насанд Дампилийн хүрэн морь нь гуравт орж, соёолонд Хонин нүдэт гэгч зээрд морь түрүүлж, бор шүдлэн, хүрэн халзан даага нь тус тус түрүүлж байжээ. Энэ хүн хурдан удмын адууг өсгөн үржүүлэх талаар онцгой анхаарч Говь мэргэн вангийн Дэндэв тайжийн адуунаас хурдан удмын адууг олон тоогоор сольж авч байсны дээр Галшарын Догмид мээрэнгээс Цоохор хонгор гэдэг үрээг хазааранд нь залуу морь өгч, 50 лангийн ембүү, хом, шат бүрэн хэрэглэлтэй арван шилдэг атан тэмээгээр авч байжээ. Мөн хорин гүүний Хоргой буурал гэдэг хурдан азарга байсан зэргээс үзэхэд хурдан угшлыг бүрдүүлэхэд онцгой анхаарч байсан нь ажиглагддаг.
Түүнээс гадна Орлойн шавь ардуудаас Шарав зайсан (Галдан, Нацаг нарын төрсөн эцэг малчин хүн байжээ), Хүүхэн Шүүлэн, Лаа, Товуу зэрэг ах дүүс Цээдээ, Гомбо, Орлойн мэргэн хутагтын дүү Ламтны Санжаа зэрэг хүмүүс өөрийн адууны удмаас уяж хурдлуулан хурдан угшлыг бий болгож байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүс Орлойн хурдан адууны цөмийг бүрдүүлэх хийгээд тэдгээрийг уяж, сойж, хурдлуулан нутаг хошууныхаа алдар нэрийг улс орон даяар дуурсгах гавьяат үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж тус сумын хурдан удмын адууны эх суурийг тавьж өгсөн хэмээн дүгнэж болохоор. Орлойн хурдан угшлын бүрэлдэхүүнд орох үндсэн удмууд бол баячууд адууны Сул хонгор, Асман хүрэн, Үйзэн хонгор, Дугай хонгор, Цоохор хонгор, Шөвгөр хонгор, Сүүн шарга, Эвлэг улаан, Мант улаан, Жинст буурал зэрэг азарганууд Шарав зайсангийн хээр, Хүүхэний Дэнхгэр хонгор, Цээдээ борлог, Лаагийн халзан, Ламтны саарал зэрэг удмын адуунууд орох ажээ.
Сүүлийн үед Уулбаян сумын адуунд Дэндэв тайжийн хар, Галсан бандийн цоохор, Ширээтийн цагаан зэрэг сайн удам угшлын адуунуудаар сэлбэгдсэн төдийгүй Н.Доржийн хүрэн, Шунугийн хар, Ойдовын хүрэн, Шарын ногоон, С.Чүлтэмийн бор гэх мэтийн олон хурдан азарганууд төрөн гарчээ.
Эр чадал, эрмэг догшиноороо Д.Шаравдоржийн адуу, алхаа гишгээ, арилжаа сайвар, гоо үзэмж, хатирч хурднаараа Равданжамц, Д.Сүхбаатар нарын адуу нь тус сумандаа зартай байсан гэдэг. Улс орныг хамарсан цагийн хар салхинд хүнтэй, малтайгаа эрсдэж Орлойн адуу ихээхэн хэлмэгдсэн бөгөөд дээрх олон хурдан азаргануудын удам угсаа нэлээд хэсэг нь үгүй болсон билээ.
1924 онд болсон Засаг захиргааны нэгжийн хувьд тус хошуу нутаг задарсан хэдий ч Орлойн адуу нь одоогийн байдлаар Уулбаян, Мөнххөөн, Түвшинширээ, Баяндэлгэр зэрэг сумдад удмынхаа мөн чанарыг хадгалсаар үлджээ. Одоогийн байдлаар Орлойн адууны хурдан удмаас орон нутагтаа хадгалагдан үлдсэн удам угшил бол Баячууд адууны Сул хонгорын удмаас Ширнэнгийн хул, Шадавданзангийн хүрэн, Цоохор хонгорын удмаас Рэгзэнгийн хонгор халзан, Жамсрангийн саарал, Сарт хүрний удмаас элбэг улааны угшил, Мант улааны удмаас Пяранлайн цагаан удам, Сүүн шаргын удмаас Гунгаацэдэнгийн халиун, Борын ногоон, Ядамын шарга зэргийн угшил, Дугуй хонгорын удмаас мэр сэр, Шөвгөр хонгорын удмаас ганц хоёр төл үлдсэний нэг нь Шунугийн хонгор ажээ. Шарав Зайсангийн хээрийн удмаас Хүүхний хээр, Ламтны саарлын удмаас Гэндэнжавын саарлын угшил, Хүүхэн Шүүлэнгийн адуунаас Галшарын Дэнхгэр хонгор, Галшарын адууны гаралтай Халзан сумын Санжаадоржийн адууны Галдангийн Далиу ногоон, Лаа Товуутаны адуунаас Лаагийн Халзангийн, Цээдээ Гомбын адуунаас Цээдээ борлогийн угшил гэх нэрд гарсан шилдэг хурдан хүлгүүд тэдгээрийн бэсрэг угшлыг нэрлэж болно. Орлойн адууны удмаас Мөнххаан суманд, Дархан Түдэвийн хүрний угшил, Цоохор хонгорын удмаас Рэгзэнгийн Хонгор халзан, Жамсрангийн Саарал, Ёндонгийн Халзан, Сул хонгорын удмаас Ширнэнгийн хулын угшлууд бий. Харин Түвшинширээ сумнаа Лаагийн халзан, Цээдээ борлог, Сүүн шаргын угшлууд хадгалагдан үлджээ.
1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдсанаас 1952 онд аймгийнхаа 10 жилийн ойг тэмдэглэх хүртэл хугацаанд аймгийнхаа улсын баяр наадамд Уулбаян сумын Орлойн адууны хурдан хүлгүүдээс түрүүлж айрагдсан морьдыг авч үзэхэд Орлойн адууны хурд шандас ямар хэмжээнд байсныг тодорхой харуулах ажээ.
1942 он
Азарга: Шадавданзангийн хүрэн түрүү
Их нас: Жамбалшануугийн хонгор түрүү, Ма.Лонжидийн хүрэн аман хүзүү
1943 он
Азарга: Х.Жигмэдийн хээр түрүү,  Ч.Галдангийн далиу ногоон аман хүзүү
Их нас: Ч.Галдангийн хонгор аман хүзүүд, Д.Гомбын мөхүү хээр айргийн 3
Даага: Л.Санжаагийн ногоон даага түрүү.
1944 он
Азарга: Ц.Шадавданзангийн хүрэн аман хүзүү
Их нас: Жамбалшануугийн хонгор морь түрүү
Соёолон: Л.Банзрагчийн сүүн шарга түрүү
Шүдлэн: Л.Санжаагийн ногоон түрүү.
1946 он
Азарга: Л.Гэнэнжавын хул турүү,  Нё.Ойдовын хүрэн айргийн 3, Н.Доржийн хүрэн айргийн 4, Б.Банзрагчийн бор айргийн 5
Их нас: Д.Гомбын хонгор түрүү
Соёолон: Л.Санжаагийн ногоон түрүү, Д.Гомбын хүрэн аман хүзүү
Хязаалан:Н.Гэндэнжанмн бор айргийн 3
Даага: Л.Найдансүрэнгийн халзан түрүү, Л.Цагаандугарын хүрэн аман хүзүү, Л.Жамсранжавын хээр айргийн 3, Л.Цагаандугарын хонгор айргийн 4.
1947 он
Азарга: Л .Саижаагийн ногоон айргийн 4, Нё.Ойдовын хүрэн айргийн 5
Их нас: Б.Шагжаагийн цагаан түрүү, Б.Банзрагчийн борлог аман хүзүү
Соёолон: Б.Банзрагчийн хүрэн халзан түрүү.
1948 он
Азарга: Ч.Нацагийн хээр аман хүзүү, Н.Доржийн хүрэн айргийн 3, Нё.Ойдовын хүрэн айргийн 4, Б.Банзрагчийн бор айргийн 5
Их нас: Б.Банзрагчийн борлог айргийн 3
Хязаалан: Р.Дугарсүрэнгийн хүрэн түрүү
Даага: Нё.Ойдовын хяруут түрүү.
1949 он
Азарга: Ц.Содовын хул айргийн 3
Их нас: Б.Шагжаагийн цагаан түрүү, Б.Банзрагчийн борлог аман хүзүү, Жамбалшануутийн ногоон айргийн 4
Соёолон: Б.Шагжаагийн зээрд түрүү, Жамбалшануугийн ногоон айргийн 3
Хязаалан: Б.Самдангийн халтар түрүү, Б.Шагжаагийн улаан халзан аман хүзүү
Шүдлэн: Нё.Ойдовын хяруут түрүү, Жамбалшануугийн улаан айргийн 3, Самдангийн зээрд айргийн 4
Даага: Х.Дамбын хээр түрүү.
1950 он
Азарга: Ойдовын хүрэн аман хүзүү, Санжаагийн ногоон айргийн 3, Ч.Нацагийн хээр айргийн 4, Б.Банзрагчийн бор айргийн 5
Их нас: Б.Банзрачийн борлог аман хүзүү, Ма.Лонжидийн хээр айргийн 3
Хязаалан: Нё.Ойдовын хяруут түрүү.
1952 он
Азарга: Ч.Нацагийн хээр аман хүзүү, Мөнххаан сумын З.Ёндонгийн хүрэн халзан айргийн 3, Жамсрангийн саарал айргийн 4
Их нас: Мөнххаан сумын Балдан-Ёндонгийн хар 2 аман хүзүү
Соёолон: Г.Даржаагийн хүрэн айргийн 3.
Энд айрагдсан Мөнххаан сумын хоёр азарга боп цоохор хонгорын удмын азарга бөгөөд хар морь нь Уулбаяны В.Төмөрөөс авсан морь билээ. 1945 онд наадам хийгээгүй. 1951 онд Уулбаяны нэлээд уяачид улс хувьсгалын 30 жилийн ойд очиж уралдсан. Тэднээс Ойдовын хүрэн азарга наймд орж, Г.Лувсанжамцын зээрд даага аман хүзүүдсэн ажээ. Үүнээс хойшхи хугацаанд Уулбаян сумын уяачид аймгийнхаа наадамд очих нь цөөрч нутгийн дамаар буюу ой тохиох үед ойчин цойчин очиж уралдаж байжээ.
Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадмаар Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ зэрэг сумдаас цөөн тооны уяачид очиж уралдсанаас Мөнххаан сумын уяач Ш.Эрдэнэтуяагийн зээрд халзан морь түрүүлж “Алтан дөрөө”, Уулбаян сумын уяач М.Халтарын хул хязаалан аман хүзүүдэж “Мөнгөн дөрөө”-ний болзолт шагнал хүртсэн билээ.Мөн 1992 онд эзэн Чингисийн мэндэлсний 830 жилийн ойн их баяр наадмаар Уулбаян сумын уяач С.Чалхаагийн хонгор халзан соёолон түрүүлж Орлойн хурдан адууны ид хавыг харуулсан билээ.
Ийнхүү Орлойн хурдан адууны удам угшил өөрийн аймагт төдийгүй улс оронд, хаа ч гэсэн зүй ёсоор нэр нь дурдагдаж яригдсаар байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна