Галдангийн Далиу ногоон

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 28 -нд

Халзан сумын харьяат Дуужаа хэмээх Дорж аргалын ацагт /хөлсөнд/Хэнтий аймгийн Галшар сумаас ногоон үрээ авсан нь нутаг руугаа гүйж явахдаа Уулбаян сумнаа саатаж, айлын адуунд саатаж. Гүү тасдах гэж айлын адуу хуйлартал хөөж буй ногоон үрээг харсан Ламтаны Санжаа / хурдан морь таньдагаараа нутаг орондоо зартай нэгэн байж/ Гомпил гэгчийг дуудан “Энэ үрээг барьж аваад уначих. Эзэн нь гэж хаанаас ямар хүн ирэх нь вэ чи надад хэл өгөөрэй” хэмээн захижээ. Гомпил ч Санжаагийн хэлсэн ёсоор ногоон үрээг барьж аваад унаж байж. Удалгүй  Дуужаа Дорж ирээд үрээгээ аваад явчихаж. Санжаа тэрхүү хурдан хүлгийн тухай нэг нутгийн Галданд / Хүүхэн Шүүлэнгийн хээр азарганы унаган эзэн Шарав зайсангийн дунд хүү Галдан / хэлж, нөгөөх нь Дуужаа Доржийн араас очин жороон морин дээрээ 1000 төгрөг өгөн ногоон үрээг авчээ.Тэгэхдээ тэнд нь хурааж байсан хоёр гүүг хураалгаж, үр төлийг нь Дорж авахаар тохирсон аж. Ногоон үрээг авчраад Санжаа уябал том жижиг ямар ч наадамд уралдсан Хүүхэний хээр азаргатайгаа өмнө хойноо орж уралдаж байгаад үзүүр дээрээ хээр нь дийлж ногоон нь ямагт аман хүзүүддэг байж.
Санжаа,Галдан, Нацаг нар ногоон азарганд гүү тавьж, олон сайхан хурдан буянгууд гарган авсан бөгөөд Санжаагийн ногоон, Нацагийн хээр,Жамсранжавын хээр,Шарын ногоон зэрэг хурдалсан адуунууд олон бий. Санжаагийн ногоон азарга Сүхбаатар аймаг сумандаа хэд хэд түрүүлсэн бол, Нацагийн хээр мөн л айраг түрүүнд хурдалж байсан адуу. Жамсранжавын хээр азарга хурдан ч эцэг шигээ түрүүлдэггүй аман хүзүүнд голдуу давхидаг адуу байсан гэдэг. Мөн Дуужаа Доржийн ногоонууд ихээхэн хурдан байсан гэлцдэг. Халзан сумын харьяат, адуу судлаач С.Жамъяаншарав Галдангаас ногоон азарганы төлийн төл саарал азарга авч тэр нь их хурдалсан гэдэг. Харин морины тухайд сумынхаа наадамд хэд хэд түрүүлж, айрагдсан Гэндэнжавын халтар,  сумынхаа наадамд 2-3 түрүүлсэн Дугарсүрэнгийн хээр, сумандаа хэд хэд түрүүлсэн  Шагдаржавын хээр зэрэг хүлгүүд төржээ. Галдангийн Галшар угшилтай ногоон азарга ийнхүү Уулбаян цаашлаад Сүхбаатар даяар хурдны үр цацсан бөгөөд  өрөөсөн чихээ азаргатай ноцолдож байгаад хулгар болгосон тул түүгээр нь Далиу ногоон хэмээн нэрийдсэн гэдэг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна