МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг: Тариа хийгээд л хурдлаад байдаг юм бол уяачдын хэрэг гэж юу байхав

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд

-Олон жилийн яриа биеллээ олж Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх дээд цолтнуудын нэг нь боллоо. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд, тэр дундаа уяачид, хурдан морь сонирхогчиддоо мэндчилгээ дэвшүүлье.
-Уг нь болзол нь биелчихсэн л дуулдаад байдаг байсан. Яагаад өгдөггүй байсан юм бол?
-Морины эзэн биш уяач гэдэг шалтгаанаар л хасагддаг байсан юм байлгүй дээ. Манай Ганбат амжилтаа уяачдаа шилжүүлнэ гээд оролцуулсан чинь тооцоогүй байсан. Уг нь давхардаагүй л дээ. Ер нь улсын алдар цолны асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол олон уяач хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй үлдэж байна.
-Өнгөрсөн зун буюу АХ-ын 89 жилийн ойн наадмуудаас Бандгаа нэлээд хэдэн айраг түрүү хүртсэн байхаа?
-Тэгсээн. Гэхдээ тэрний өмнөх жил илүү амжилттай наадаж, оны  шилдэг уяачаар шалгарсан. Улсын наадмаас долоо, бүсийн наадмуудаас арав гаруй айраг хүртсэн байдаг юм.
-Сүүлийн үеийн халуун сэдэв болж, уяачдын дунд мэтгэлцээн үүсгээд буй эрлийз адууг ялгаж уралдуулах тухай шийдвэрийн талаар таны бодлыг хуваалцах нь зүйтэй байх?
-Би зөв зүйтэй асуудал гэж бодохгүй байна. Гэнэт л саяхнаас эрлийз адуу бий болчихсон юм биш. Бидний бахархан ярих дуртай Жаргалантын морин заводын болон морин тойруулгын адуунуудыг эрлийз биш гэх үү. 60-аад оноос хойш эдгээрийн нэг хоёрдугаар үеийн эрлийзүүд улсын наадамд уралдаж байгаа. Түүнээс хойш гээд яривал 90 хэдэн онд Зүүнбүрэн, Сэлэнгийн Орос зүгийн цустай адуунууд бас л уралдсан. Тэгэхээр л энэхүү шийдвэр бол өнгөрснөө үгүйсгэсэн эсвэл аавын хүүг алаг үзсэн явдал боллоо гэж би хувьдаа үзэж байгаа. Даваахүү Тод манлай гэхэд л морин тойруулгын эрлийз адуугаар уралдаад алдар цолонд хүрсэн. Тэглээ гээд өнөөдөр энэ хүний амжилтыг үгүйсгэх аргагүй биз дээ. Ер нь аливаа юм цаг хугацааны аясаар хувирч дэвшиж  байх учиртай. Дэлхий нийт тэр чигээрээ хөгжлийн төлөө алхаж байхад бид ухарч байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ учир шалтгаантай байх л даа.
-Ямар?
-Улс төрийн. Энэхүү шийдвэрийг гаргах хурал дээр УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд голдуу  ярьсан. Сонгууль дөхөөд ард түмнээс дэмжлэг авах ёстой болохоор тэр биз. Түүнээс биш Батхүү гишүүн ч өөрөө эрлийз адуутай.Сайн давхихгүй л байгаа болохоос биш. Зөв бурууг мэдэхгүй ч минийхээр хурдан моринд ингэж улс төр орох нь яавч сайн зүйл биш. Харин ч монгол наадмын жинхэнэ утгыг алдуулж байгаа явдал. Ер нь  сонгуульд ялалт байгуулахын тулд л махны үнийг төдөн төгрөгт барина, эрлийз адууг ялгаж уралдуулна гэх мэтийн өнөө маргаашаа аргацаасан шийдвэрийг гаргадгаа болимоор байна л даа. Өнөөдөр гоё сайхан харагдах нь чухал биш. Өнө хойчдоо хэрхэн үнэлэгдэж, үр дүн нь ямар байх нь чухал биз дээ.
-Гэхдээ нөгөө талаараа  жил бүр улсын наадамд уралдах морьдын тоо цөөрч, гарын арван хуруунд багтах хүмүүс л хоорондоо нааддаг боллоо шүү дээ?
-Нэг өдөр олон газар зэрэг наадаж байгаа болохоор уралдах морьдын тоо цөөрч байх талтай. Жишээлбэл өмнө нь Төв аймгийн улсын наадамтай давхцдаггүй, өөр өдөр болдог байсан бол одоо нэг өдөр болж байна.
-Нэгэнт шийдвэр гарчихсан юм чинь дараагийн нөхцөл байдлын талаар ярилцах нь илүү өгөөжтэй байх. Жишээлбэл адуугаа хэрхэн хэл амгүй ялгах вэ?
-Хамгийн хүндрэлтэй асуудал наадах чинь. Үүнээс болж маш их маргаан үүснэ. Миний сонсож мэдсэнээр ялгах техник төхөөрөмж байхгүй гэсэн. Тэгэхээр бусад улсуудын жишгээр сэрвээний өндрөөр л ялгах болов уу.
Гэтэл харахад монголжуу хэр нь яах аргагүй эрлийз адуунууд маш олон байна. Тэднийг яахав. Ийм шийдвэр гаргахаасаа өмнө ядаж адуугаа ялгах асуудлаа нэг мөр шийдэх ёстой байсан юм. Өөр нэг маргаантай асуудал бол хэддүгээр үеийн эрлийз гэдгийг нь яаж ялгах тухай юм. Улсын наадамд нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүдийг уралдуулахгүй гэсэн журам гарсан. Гэтэл гаднаас орж ирсэн гүү азаргануудыг яг цэвэр гэдгийг хэн батлах юм. Бид л цэвэр гэж байгаа болохоос биш эрлийз ч юм билүү хэн мэдлээ. Голдуу Англи, Араб, Будённын эрлийз азарганууд л орж ирсэн дуулддаг ш дээ.
-Таны Станбул азарга цэвэр үү эрлийз үү?
-Эрлийз. Англи-Кабердин үүлдрийнх. Англи эцэгтэй. Гэхдээ Каберди гээд уулын адууны цустай. ОХУ-аас Европын цомыг хүртсэн хоёрхон адууны нэг нь Станбулын эцэг. Станбулыг энд ирэнгүүт нь монгол гүү хураалгасан. Миний ногоон, Тэмүүлэнгийн хар, Бат-Эрдэнийн  халтар зэрэг сайн давхиж буй үрээнүүд бол Станбулын төл эцэг нэгтэй эх ондоотой ах дүүс.
-Таныг шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адууны уяаг сайн тааруулдаг гэдэг. Уяаны арга барил, онцлогоосоо манай уншигчидтай хуваалцаач?
-Цаанаасаа л хурдан амьтан болохоор бяр тамирыг нь гүйцээгээд хөлс энэ тэрийг нь хөнгөхөн гаргачихад л болдог юм даа.  Тэжээл авахдаа сайн. Дороо л сэргээд ирнэ. Бага насны тухайд шүү дээ. Түүнээс яг энэ эрлийз адуунуудаас их насанд нийлсэн нь одоогоор алга.  Соёолондоо түрүүлдэг Максын халзангаас өөр.
Харин соёолонгийн тухайд гэвэл Бат-Эрдэнийн халтар, Батсайханы хонгор, Цэрэнжигмэдийн зээрд  гээд гарын таван хуруунд багтахаар цөөхөн хэдэн үрээ гарч байна. Бага насанд овоо олуулаа байгаа ч янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас дээшлэх тусам цөөрч байна.
Сүхбаатар зүгийн адуунууд улам  үнэ хүрч эрэлттэй байгаа сурагтай?
-Ганцхан Сүхбаатарт хурд байдаг юм биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод байх шиг байгаа юм. Манай Дорнодод ч хурдан буянгууд зөндөө байна.
-Танай  галынхан улсын наадамд уралдах морьдоо товлосон уу?
-Ямар  дан эрлийз адуу үржүүлж байсан биш, сургаж бэлтгээгүй болохоос биш гайгүй давхичихаар монгол үрээ  байлгүй яахав.Тэд нараасаа л давхиулна даа. 
-Нэг хэсэг Америкт амьдарч байгаа дуулдсан. Морин спорт өндөр хөгжсөн улс орноос суралцах зүйлгүй бишгүй л байсан байлгүй? 
-Байлгүй яахав. Адууг зиндаачилж уралдуулдаг нь их аятайхан санагдсан. Түрүү өөрөө ярьж байсан л даа. Наадамд уралдах морьдын тоо цөөрч байна гэж. Хөгжилтэй орнуудад тоог бус чанарыг чухалчилдаг юм байна.
Хаанахын хэнийх нь мэдэгдэхгүй хэдэн зуун адуу уралдахын оронд тоотой хэдэн шигшмэл морьд л уралдана. Гаргасан амжилтаараа нэг зиндаанд бичигдсэн адуунууд нэг дор уралдаж шилдгийн шилдэг нь тодорно. Цөөн морь уралдаж байгаа болохоор уралдсан болгон нь шагналтай. Энэ нь уралдааныг сонирхолтой болгох төдийгүй хүн морины аюулгүй байдалд ч таатай байдаг байх. Манайх шиг хэдэн зуун жил задгай тал дээр хэдэн зуугаар тараад уралдаад сурчихсан. Тэр нь өв соёлынх нь салшгүй нэг болчихсон улс оронд үүнийг шууд тусгана гэвэл худлаа л даа. Харин түүний оронд зиндаачилж байгаа хэлбэрийг нь өөрийн орны нөхцөлд тохируулж ашиглах хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээлбэл бүсийн наадамд үүнийг хэрэглэж болж байна. Улсын наадамд уралдаж айрагдаж түрүүлсэн адуу бүсийн наадамд уралддаггүй байх. Аймгийн наадамд айрагдсан бол сумд уралддаггүй байх гэх мэт. Америкт  манай бүсийн наадам шиг уралдаанууд болдог. Гэхдээ тэрхүү уралдаанд нь орон нутгийн морьд л уралдаж, цол хэргэм, шагнал авдаг юм билээ. Энэ мэтчилэн өөрсдийн орны нөхцөл байдалд тохируулаад ашиглавал олон л давуу талууд байлгүй яахав.
 -Максын морьдын уяаг тааруулж байгаа дуулдсан. Ер нь хэр давхиж байна?
 -Яахав давхиж л байна. Бага саг уралдаануудад амжилт гаргаад л байдаг юм билээ. Яваандаа Монголын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан хурдан хүлгэд төрөх биз дээ.
 -Унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж гарц хайж байна л даа. Америкчууд жокей нарынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаардаг юм байна. Тэр талаар туршлага судлав уу?
-Олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн тамирчин, иж бүрэн хамгаалалтын хувцастай унадаг учраас эрсдэл харьцангуй бага байдаг байх л даа. Мэдээж манай орны хувьд насанд хүрсэн том хүнээр морь унуулна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл энэ бол хэдэн мянган жилийн түүхтэй бидний түүх өв соёлын салшгүй нэг хэсэг. Ерөнхийдөө бол өнөөдөр Монголын наадам л илэрхийлж байна ш дээ. Цаг үеийн байдлаас болоод зан заншил, соёлын олон хэлбэрүүд устсан ч монгол наадам л  хэлбэрээ алдалгүй хадгалагдаж ирсэн. Тэр утгаараа хүүхдээр унуулахаас өөр аргагүй. Харин унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Уг нь ч арга хэмжээ авч хэрэгжүүлээд л байх шиг байнаа. Ямар ч байсан нэг үеээ бодвол дандаа даатгалтай хүүхдээр морь унуулж байна. Хүүхдийн эрхийн байгууллагууд ч олон болсон байна. Гол нь гарсан хууль дүрмээ л ягштал мөрдөж байх учиртай.
-Та болон танай галынхан тэгвэл хэрхэн биелүүлдэг вэ?
-Анхааралгүй яахав. Эмээлтэй уралдуулах шаардлага тавьдаг ч уг нь аюулгүй байдал талаасаа эмээлгүй нь дээр юм байгаа юм. Ямар нэг юм боллоо гэхэд дөрөөнд чирэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Минийхээр гол нь уралдааны зам, зохион байгуулалт л байгаа юм. Түүнээс биш Монголчууд чинь бараг төрөөд л морины нуруун дээр гардаг хүмүүс. Барагтай бол уначихгүй шүү дээ.
  -Ажлын шугамаар хүмүүстэй уулзаж явахад уяачийн ёс зүй гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй болжээ гэдэг хүсэлтийг тавьдаг. Тод манлай үүнийг хэрхэн хүлээн авч ойлгож байна вэ?
 -Би хувьдаа харин уяачид ёс  зүйтэй хүмүүс байдаг гэж ойлгодог. Уяач гэдэг нэрийг зүүж яваа бол хүссэн хүсээгүй тэр ёс заншил уламжлалыг дагах учиртай. Дээр нь морь гэж нэг айхтар цээрлүүлэлт байна шүү дээ. Ёс зүйгүй аашлаад эхэлбэл яаж ч тордоод яаж ч уяад морь давхихгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй сахилга бат сайтай байх ёстой.
 -Манай сэтгүүл бол уяачид, хурдан морь сонирхогчдын хүрээнд  уншигддаг. Тэгэхээр тогоондоо асуудлаа ний нуугүй ярилцах нь зүйтэй байх. Хамгийн наад зах нь хурдан морины үнэ өссөнтэй холбоотойгоор адууны удам угшлыг худлаа хэлдэг явдал  цөөн бус гарч байна. Гэтэл бидний өвөг дээдэс үүнийг “нүгэл”-д тооцон цээрлэдэг байсан шүү дээ. Энэ бол ёс зүйн наад захын асуудал?
-Тийм явдал гардаг байхаа. Гэхдээ тэр хүнийг худлаа хэллээ гэдгийг юугаар нотлохов. Манайд адуу паспортжаагүй байна. Худлаа хэлснийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээлгэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр одоохондоо хувь хүний совест хүн чанар зэрэгт найдахаас өөргүй. Гэхдээ ер нь цаашдаа уяачдын нэр төрд халдсан энэ мэт явдлуудыг хэрхэхэв гэдэг талаар ярилцах хэрэгтэй л дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг биз дээ.
-Тод манлай адууны наймаа хэр хийж байна?
-Хийнээ хийнэ. Ийш тийшээ зарагдсан адуунуудаас гайгүй давхилаа гэж дуулдаж л байдаг юм.
“1989 онд сумандаа гурван адуу түрүүлгэчихээд хөл газар хүрэхгүй баярлаж байсан маань хамгийн сайхан дурсамж”
 -Мориныхон таныг Ганхуяг гэхээсээ илүүтэй “Бандгаа” гэдэг. Багын нэр үү?
-Багын нэр л дээ. Тэр нь явсаар байгаад олонд түгчихлээ. /инээв/
-Дүү чинь ахын шийрийг хатаасан чамгүй уяач болж буй бололтой. Сүүлийн үед уясан морьд нь ч гайгүй давхиж байна?
-Ганзориг уу?
-Тийм?
-Би эхээс  долуулаа. Дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй. Хэдийгээр аав морь мал гэдэггүй хүн байсан ч манайхан өвөөгөө /ээжийнх нь аав/ дуурайсан адуунд хорхойтой хүмүүс байгаа юм. Би багадаа хурдан морь унадаг адуунд жигтэйхэн дуртай хүүхэд байсан. Томдоод ирэхээрээ өөрөө уяад дүүгээрээ унуулдаг байлаа. Тийм болоод ч тэрүү манай дүү нар морь маланд дуртай. Ганзоригоос гадна Ганбаатар гээд бас нэг залуу бий. Уг нь морь уядаг байсан ч одоо Солонгост амьдарч байгаа.
-Ахын гарын шавь нар юм байна шүү дээ?
-Ерөнхийд хэлж зөвлөнөө. Ганзориг овоо л уяад байх шиг байгаа юм.
-Ингэхэд ер нь хэзээнээс уяач хэмээн нэрлэгдэх болов?
-1985 оноос морь уяж эхэлсэн. Тэгэхээр хорин хэдэн жил болчихсон байна уу.
-Тийм байна, 26 жил болчихож...
-1995 онд наашаа ирээд анх Онон Тод манлайтай морь уяж байлаа. Тэрнээс хойш энэ Ганбат, Билигдэмбэрэл нарын олон улсуудтай нийлж морь уялаа. Сүүлд  “Дорнын унага” гээд галтай болсон.
-Мон-Эрдэнийн морийг уяж байсан бил үү?
-Тийм. Цандэлэгийн морьдыг ч уядаг байсан.
 -Танаар уяаны эрдэм сургасан шавь нараас хамгийн том цолтой нь Цандэлэг үү?
-Тийм байхаа. Дээр нь Э.Ганбат Алдарт, Б.Билигдэмбэрэл Манлай болсон. Мөн Зоригоо, Чимэдбаатар гээд аймгийн Алдартууд бий.
-Уяачийн хөдөлмөр үнэлэгдэж чадаж байгаа юу? Энэ талаар бодлоо хуваалцаач?
-Нэг үеэ бодвол үнэлэгдэж байгаа. Гэхдээ гадныхантай харьцуулахад юу байхав дээ. Гадаадад тогтсон ханштай. Нэг удаагийн шагналын 20 хувийг уяач, 10 хувийг унаач гээд автоматаар дансанд ордог юм билээ. Манайд бол нөгөө сүсгээрээ гэдэг шиг. Өгөх нь өгнө. Өгөхгүй нь өгөхгүй.
 -Сэтгүүлийн маань уламжлалт асуулт л даа. Хамгийн их сэтгэлд хоногшсон наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1989 онд сумандаа гурван адуу түрүүлгэчихээд хөл газар хүрэхгүй баярлаж байсан маань л байх даа. Тэр ер нь санаанаас гардаггүй юм. Мөн 1992 онд анх улсын наадамд уралдаад хязаалан айрагдуулахад бас л сайхан байлаа. Төрийн наадмын хишиг хүртэнэ гэдэг уяач хүнд юугаар сольшгүй жаргал байдаг юм шүү дээ. Жилийн дараа 1993 онд соёолон түрүүлгэхэд бас л сайхан байсан. Ингээд яриад байвал олон жишээ дурьдаж болно доо. Энд нэг зүйлийг сонирхуулахад 1992 онд айрагдсан хязаалангийн охин  төлөөс  миний ногоон үрээ, Бат-Эрдэнийн халтар гарсан юм.
-Хаана ч явсан цуг байдаг жаахан охин Тод манлайн амины хүүхэд үү?
-Тийм./инээв/Манайх хоёр охин нэг хүүтэй. Хүүхдүүд маань ер нь малд элэгтэй.Хүү маань намайг дагаад адуучин болсон. Бага охин маань намайг хаана л явна дагаж явдаг. Сая ч гэсэн өдөржин цуг явж байгаад бууж байгаа нь тэр.

-Наадам дөхөж байна. Наадамтай хамт урган гарч ирдэг жирийн иргэдийн сониуч асуултанд  хариулт авъя.Магадгүй та ч гэсэн нэг бус удаа сонсож байсан байх. Сэргээш буюу элдэв төрлийн тарианы талаар?
-Хүмүүс ярьж л байдаг юм. Тэр үед нь би хэлдэг л дээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй ээ гэж. Тариа хийгээд л хурдлаад байдаг морь гэж юу байхав дээ. Үнэхээр тийм бол уяач бидний хэрэг юу байгаа юм. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг өөрийнх нь уясан морь давхихгүй болохоор тиймэрхүү таамаг дэвшүүлдэг байх л даа. Байх л даа гэж надад хүртэл тэгж бодогдож байлаа шүү дээ. Морьд маань овоо сайхан давхиж байснаа нэг хэсэг давхихаа больчихгүй юу. Тэгсэн тэрхэн зуурт нээрэн л тариа мариа хийдэг юм болов уу хэмээн бодогдож билээ. Бас манай ангийн хүүхний нөхөр нь морь уядаг болжээ. Тэгсэн нэг өдөр эхнэртээ  “ хэлж өгөхгүй л байх л даа. Гэхдээ чи асуугаад үз. Морьдоо тарьдаг тариагаа хэлээд өгөөч” гэж хэлүүлсэн байсан. Максийн халзанг соёолондоо айрагдахад би уяж байсан юм. Тэгсэн хөдөөгийнхөн “нөгөө галзуугийн тариа хийчихсэн халзан чинь тэр” гээд ярьж байсан гэдэг. Энэ мэтчилэнгийн ул суурьгүй яриа явсаар байгаад л сэргээшийн төрөл яриа хэрэглэдэг мэтээр ойлгогддог байх л даа. Ер нь морь уяна гэдэг санаан зоргын асуудал биш шүү дээ. Элдэв аргаар үзсээр байгаад арга мухардчихаараа янз бүрийн л юм толгойд ордог биз. Тариа хийгээд хурдлуулчихдаг бол бүгд л тэгнэ ш дээ.Тэгээд ч манайх өмнө нь хоёр ч жил сэргээшийн шинжилгээ авсан биз дээ. Шаардлага хангахгүй байна гээд больсон болохоос биш. 
-Бидний ярилцлага өндөрлөж дөхөж байна. Тод манлай Монголын хурдан морины цаашдын хөгжилд өөрийн саналаа нэмэрлээч. Таныхаар хамгийн ойрын хийж хэрэгжүүлэх алхам юу байх ёстой вэ?
-Үгүй ээ одоо юу ч гэж хэлэхэв дээ. Монголынхоо морин уралдааныг хөгжүүлэх бус ухраах шийдвэр гаргаад байхаар ер нь юу ярихав дээ. Цаашид аль болохоор өнөө маргаашаа аргацаасан явцуу эрх ашгийн шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй л гэмээр байна. Өөрөөр хэлбэл Монголынхоо хурдан морины хөгжлийг түргэтгэсэн шийдвэр бодлогуудыг хэрэгжүүлж байгаасай хэмээн хүсэх байна даа. Моринд хайртай Монгол түмэн минь бүгд хурдан хурц адуутай болоорой гэж хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа.
                                                                       "Тод магнай" сэтгүүл 2011 оны 5 сар № 16

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна