Унаач М.Мөнх-Ирээдүй: Саарал үрээтэйгээ олон амжилт гаргалаа

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 13 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил Үндэсний  их баяр наадмын хурдан морьдын эрлийз дунд насанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Батсүхийн саарал үрээ аман хүзүүнд хурдалсан билээ. Энэ үрээг 11 настай Мөнхбүрэнгийн Мөнх-Ирээдүй хүү унаж хурдлуулсан юм. Ирээдүйдээ алдар цолоо дуудуулсан эрдэмт уяач болохыг хүсдэг уяач аавын унаач хүүтэй ярилцсанаа хүргэж байна.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Мөнхбүрэнгийн Мөнх-Ирээдүй гэдэг. Зүүнхараагийн нэгдүгээр сургуулийн 4г ангид сурдаг. Ам бүл долуулаа амьдардаг.
-Энэ жил /2013 он/ хаагуур хаагуур наадсан бэ?
-Энэ жилээс л /2013/ анх удаа хурдан морь унаж байгаа юм. Сумандаа Батсүх ахын саарал үрээг аман хүзүүдүүлж, Сэлэнгэд түрүүлгэсэн. Дараа нь улсын наадамд очиж аман хүзүүлээд, Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншигт 9-өөр давхиулсан. Саарал үрээтэйгээ жижгээс нь эхлээд улсын наадам хүртэл уралдаж, ийм амжилт гаргасандаа баяртай байгаа шүү. Манай ах нар  бас хурдан морь унацгаадаг. Гэхдээ би эднээс улсын наадмаас анх удаа удаа айраг авсан  нь. Өөрөөр хэлбэл, гэр бүлдээ Улсын наадамд уралдаад үзчихсэн унаач нь даа. /инээв/ Үүнээс гадна Зүүнхараагийн наадамд аавынхаа уясан азаргыг унаж аман хүзүүдүүлсэн. Аав маань уяач.
-Энэ жил /2013/аав нь яаж наадсан бэ?
-Аав азарга, шүдлэн, соёолон, даага уяад азарга нь аман хүзүүдсэн. Бусад нь арван хэдээр давхисан даа. Манай аав ч Зүүнхараад л ихэвчлэн нааддаг хүн дээ.
-Улсын наадамд анх удаа ирж уралдлаа гэсэн. Ямар санагдсан бэ?
-Сум, аймгаас наадмаас өөр юм билээ. Гэхдээ их гоё санагдсан. Мэдээж уралдаж байгаа морьд, үзэгчдийн тоог сумынхтай яаж харьцуулах билээ. Тэр утгаараа жоохон сандарсан шүү.
-Аав нь морь уяад удаж байна уу?
-Аав маань хурдан морь уяад таван жил болж байгаа. Аавын Зүүнхараад аман хүзүүдсэн азарга, бас нэг шүдлэн үрээ их хурдан байгаа. Олон удаа түрүүлж, айрагдах байх аа. Энд сонирхуулахад, манай ах нар бүгдээрээ л хурдан морь унадаг юм. Би том болоод аавынхаа удмыг залгаж уяач болно гэж боддог. Ааваараа заалгаж байгаад сайн уяач болно оо.
-Ярилцсан дүүдээ баярлалаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна