Ц.Дуламсүрэн: Уяачийн ажлыг би салхи нь баруун хоймортоо яваа хийморилог эрчүүдийн хийдэг зүйл гэж боддог
Архангай аймгийн Хотонт сумын уугуул Цэвээнжавынхан 1970 оны наадмыг дурсах дуртай. Учир нь хүү Юүвээ нь улсын наадамд зургаа давж цол аваад нутагтаа ирэхэд нь хүү Ванчигцэрэн сумандаа анх удаа барилдаж үзүүрлэн, аавынх нь бор морь аман хүзүүдсэн гээд аз од гийсэн өдрүүдийн нэг байлаа. Нутаг нугынхан Цэвээнжавынд цуглан ааль сайт эхнэрийнх нь гарын хоол цайнд хорхойсно. Ер нь тэднийхэн байнга л бум бужигнаж байдаг айл. Ийнхүү баярт өдөр Цэвээнжав гуай “Морь уралдуулж, бөх барилдах нь хувь хүний бус төрийн хэрэг юм аа. Ганц миний, манайхны биш нутаг усныхны баяр хөөр” хэмээн хэлсэн нь отгон хүү Дуламсүрэнгийн сэтгэлд ихэд тодоор үлдсэн гэх. Морь уралдаж, бөх барилдаж, сур харваснаар ард түмнийг цэнгүүлж байна. Тухайн барилдаж буй хүн, уралдаж буй морины эзэн гэхээсээ илүү өргөн олноороо сэтгэлийн таашаал эдэлж, түрүүлсэн морь, бөхөд цол, одон медаль шагнаж төрийн хэрэг гэдгийг нь нотолж байгаад л аавын үгийн утга учир оршиж байгаа байхнээ хэмээн жаалхүү дорхноо ухан ойлгожээ. Энэ бол Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн юм. Долоон хүүхэдтэй айлын отгон хүү дөрвөн настайдаа “Ява” мотоциклийн үнээр номхон бор морь авч унан, таван настайдаа трубка зууж тамхи баагиулсан “билэг танхай” хүү явжээ. Эжий аав хоёр нь долоон хүүхдээ хайрлахын дээдээр хайрлаж өсгөсөн гэдэг. Ямартаа л отгон хүүгээ эрхлүүлэхдээ чихийг нь цоолон ээмэг зүүж өгсөн учраас Цэвээнжав бариачийн “Ээмэгт” Дууяа хэмээх нэрээр нутаг усандаа хар багаасаа л алдаршсан нэгэн байж. Энэ тухай Тод манлай “Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэдэг дээ. Гэхдээ бидний хувьд ээж аавынхаа хайраар бялхаж өссөн” гэж өгүүлсэн нь бий. Түүний аав Цэвээнжав хугарч, хэмхэрсэн яс барьчихдаг, бас хийморийн сангаас эхлээд тавьчихдаг, адуунд дуртай, шаггүй уяач чамбай малч хүн явжээ. Бас “хөөрхөн” барилдчихдаг байсан гэх. Тиймдээ ч хүүхдүүд нь бөх барилдчихдаг, адуу маланд дуртай нөхдүүд болон өссөн аж. Цэвээнжав гуайн гэр бүлээс Монгол бөхийн цолтон гурав бий. Юүвээ харцага, Ванчигцэрэн, Дуламсүрэн нарын начингууд. Манай тэмдэглэлийн баатар Тод манлай чинь 21 насандаа улсын цолонд хүрсэн адтай нөхөр. Даанч шуналгүй зан нь дийлээд начин цолондоо “ханачихсан”. Тэр бас хуульч мэргэжилтэй. Харин нэг л өдөр хот газрын их дуулианыг эргэлзэлгүй орхиж, цээж дүүрэн амьсгалах хөдөөд адуу маллаж, уяж сойхыг илүүд үзсэн нь энэ байлаа. “Хүн зорилготой амьдарч түүндээ хүрэх шиг жаргал гэж үгүй. Бөх болж нэгэн үеийн хүчтэнүүдтэй торгон зодогноос атгалцаж, уясан хүлэг төрийн наадамд өнгөлж, айрагдан түмний сэтгэлийг хөвсөлзүүлэх үед төрдөг тийм нэг сайхан сэтгэлийн таашаалыг би амсдаг. Монголчууд уяач, бөх хүн орж ирэхэд гэрийн жавар үргэлээ гэж баярлан хүндэтгэдэг. Энэ их хүндлэл хайрын дунд хийж байгаа ажил үйлстээ бууж өгч, тэргүүндээ залбирч өөрийгөө ямагт зөөллөж явдаг хүн дээ” хэмээн сэтгэлээ уудалсан нь бий.
1970 онд сумын наадамд анх морь айрагдуулж байсан тэрээр ийнхүү хорь шахам жилийн дараа улсын наадамд морь уяж эхэлсэн байдаг юм. Улс, бүсийн наадмаас есөн түрүү, 20 гаруй айраг авч Монгол улсын Тод манлай уяач цол хүртсэн тэрээр өдгөө гарын олон шавьтай “ардын багш” болсон байх ажээ. МУ-ын Манлай уяач Т.Энхбат, МУ-ын Алдарт уяач Нямдаваа, МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэл, МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, Аймгийн Алдарт уяач Д.Ганбат, Н.Даш-Өлзий, Ц.Баянжаргал, Л.Мөнхбаясгалан гээд л шавь нарыг нь нэрлэж болох байна. Ингээд олныг эс нуршин Тод манлайн яриаг хүргэе.
Чингисийн монголчууд морьтойгоо байхад ямар сүр хүчтэйг дэлхийд дахин нэг удаа харууллаа
-Энэ жил Монголын хурдан морины түүхэнд олон чухал түүхэн үйл явдлууд тохиосон. Энэ түүхэн үйл явдлуудад Архангайчууд ямархуу байдлаар оролцсон бэ?
-Сүүлийн дөрвөн жилд ММСУХ-ны үйл ажиллагаа идэвхжиж, хамрах хүрээ нь далайцтай болсон гэж уяач хүний хувьд нөгөөтэйгүүр ММСУХ-ны тэргүүлэгч гишүүний хувьд бодож явдаг. Дэлхийн даяарчлалын үед бидэнд авч үлдэх ёстой нэг зүйл бол өв соёл байх ёстой. Ийм ч үүднээс холбооны зүгээс монгол адууг дэлхийд алдаршуулъя, түүнийг дагасан өв соёлоо сурталчилъя гэсэн мөрийн хөтөлбөртэйгээр ажиллаж байгаа. Үүний үр дүнд ММСУХ 10000 морьтны жагсаал, 3000 морины уралдааныг амжилттай зохион байгуулж, Чингисийн монголчууд морьтойгоо байхад ямар сүр хүчтэйг дэлхий дахинд дахин нэг удаа харуулж чадсанаа бахархан харж суулаа. Энэхүү үйл явдалд монголын адууг дээдэлсэн, адуугаар унаа хийж, адуугаар амьдралаа залгаж яваа бүх хүн баярлах ёстой юм гэж би бодож байна. Үүнд аймаг, аймаг янз бүрээр л оролцсон. Төв, Булган аймаг үнэхээр санаачлагатай, хүч тавьж анхаарч оролцлоо. ММСУХ төрийн бус байгууллага учраас өөрийн санхүүгээр л хийж байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээнд үндэсний морин уралдаан, адууны өв соёлоо таниулах гэж байхад хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй байсан болов уу. Манай Архангай аймгийн Иргэдийн хурлын дарга өөрөө ирж морьтойгоо жагссан. Хашаат сумын Засаг дарга, Өлзийт сумын Засаг дарга уяачдаа дагуулж ирээд морьтойгоо жагслаа, морьдоо уралдууллаа. Уяачид маань ч бас өөрийн хэмжээгээр оролцсон. Тухайлбал, уралдсан бүсдээ манай нэг морь түрүүлээд, нэг морь аман хүзүүдлээ. Аймгийнхаа 90 жилд түрүүлж, аман хүзүүдсэн морьд байраа солиод орлоо. Боломжгүй байсан сумд байна. Тухайлбал, Архангайн Цахир, Тариат гээд хойд талын сумдаас үнэхээр ирэхэд хэцүү. Зарим улс эмээл, хазаараа авчирч оролцсон. Ер нь Архангайчууд маань энэхүү түүхэн арга хэмжээнд өөрсдийн боломж бололцооны хэрээр оролцсон.
-Энэ бахархал бардамнал төрүүлсэн үйл явдалд та ММСУХ-ны тэргүүлэгчийнхээ хувьд ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Нэг зүйл хэлэхэд ММСУХ-ны ажлын албаны дарга Я.Болдбаатар, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн, жагсаалыг зохион байгуулах комиссын дарга дарга Н.Мөнхбаясгалан, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн, уралдааныг зохион байгуулах комиссын дарга Ц.Баянжаргал нар нь манай “Талын хүлэгч” галын гишүүд. “Талын хүлэгч” дотор тогтсон нэг зүйл бий. Нэг нь сайн үйл хийж байвал тэрний төлөө чадлынхаа хэмжээгээр хүн болгон оролцох ёстой гэсэн. Тэгэхээр миний хувьд галынхаа гишүүдийн өмнөөс тодорхой үүрэг хүлээж оролцох нь тодорхой. Нөгөө талаар тэргүүлэгч гишүүний хувьд ч гэсэн үүрэг бий. Жагсаалын морь бүрдүүлэхэд би бүх адуугаа тууж ирээд, Хүйн долоон худагт барьж уясан. 30-40-өөд морь барьж, эмээл хазаартай ч морьгүй хотын хүмүүст унуулж жагсаалд оролцууллаа. Гиннесийн номд бүртгэхээр ирсэн дэлхийн шүүгч ганц нэг уяачдын гэрээр орж танилцсан. Тэр нь манайх байсан. Төрийн наадамдаа монгол уяач гэр орноо барьж, үндэсний ямар идээ цагаагаа зочдодоо барьдгийг, яаж нааддагийг тэр хүнд бүрэн утгаар нь үзүүлсэн. Тиймээс Чингис хааны баатруудын үр сад нь ийм байдаг юм байна, энх тунх амьдарч байдаг юм байна, энэ соёлоо хадгалж явдаг юм байна гэдгийг дэлхий харсан байх.
-Үзэгчийн суудлаас харахад уралдаанаас парад нь илүүтэй сэтгэл хөдөлгөж байлаа. Магадгүй морь унаж эдлэх соёл гээгдэн буй энэ үед монгол хүн морио унаад явж байгааг харах илүүтэй сайхан байсан байх л даа?
-Бид чинь бараг л морь унахаа мартсан байлаа шүү дээ. Гэтэл 10000 морьтны жагсаалыг хараад морио унахын хийморьтой сайхныг мэдэрсэн байх. Тэрнээс хойш хүмүүс морьгүй ч гэсэн эмээл бэлдэх ёстой юм байна шүү гэж ярьцгааж байна. Дээлгүй нь монгол дээлээ хийлгэж өмсөж байна. Эмээлтэй хүн яваад очиход хүн адуунаасаа морь бариад өгдөг. Сайхан эмээл тохсон морь унасан хүн, зайдан морьтой хоёр, хүний нүдэнд яаж харагдахав. Монголчууд их алсыг хардаг ард түмэн шүү дээ, хүү нь өлгийтэй байхад эмээл зэхдэг. Ер нь бид морь уралдахыг хамгийн дээд нь юм шиг яриад байгаа. Гэтэл наана нь морь унах, морийг зөв эдлэх морьтой холбогдох өв соёл олон байна. Бид ахуйгаа мэддэг байх ёстой. Морь унах эрүүл мэндэд ямар тустай, нийгэмд ямар ашигтай гээч. Өнөөдөр бид бензиний үнэ өсөөд байна, ядраад байна гэсэн мөртлөө хужаад хөрөнгө оруулалт хийж мотоцикль авч унаад давхиад байгаа. Морь унаад явсан хүн эрүүл болдог, гэдэсний булчин чангардаг гээд олон сайн тал бий. Мотоцикль унасан хүн тохой, өвдөг хоёр нь хүйтэнд хөдөлгөөнгүй яваад үе мөчний өвчтэй болох жишээтэй. Тэгэхээр морио дээдэлдэг дээдсийн уламжлалыг бид ухаарч ойлгох ёстой болов уу. Зөвхөн монголд адуу амьд амьтдаас хамгийн үнэтэй нь байгаа юм биш. Дэлхийн баячуудын хамгийн эрхэмлэдэг амьтан бол морь байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнтэй уулзахад “Дэлхийн том улсуудын улс төрөөс гадна ярьдаг зүйл бол адуу л байдаг юм. Адууны соёл гэдэг бол дэлхийд хөгжчихсөн соёл юм билээ. Тийм учраас бид монгол соёлоо зөв утгаар нь зөв авч явах нь зүйтэй” гэж ярьж байсан.
-Монголчуудын талаас илүү хувь нь хот, суурин газар амьдарч суурин иргэншилтэй болчихсон болохоор хүүхдүүд тэр бүр морь унаж чадахгүй. Тэгэхээр амралтаараа очоод морь унадаг тийм газрыг бэлдэх ёстой ч юм уу гэсэн бодол төрж байна.
-Гадаадын тойруулгуудад очиход дандаа тийм байдаг. Тухайлбал, Япон, Солонгост адуутай айлын жүчээн дээр хагас, бүтэн сайн өдөр хүн дүүрэн байдаг. Дандаа морь унаач нар очиж морь унадаг. Тийм зүйлийг бид бэлдэх ёстой л доо. Сая морьтны жагсаалаас болсон уу хүмүүс хүүхдүүдээ амралтын өдрүүдэд танайд морь унуулж байя гээд ярьж байна. Энэ бол том үйлийн сайн үр дагавар нь.
-Та хэзээнээс уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаа билээ?
-Би сүүлийн найман жил Тод манлай уяач гэдгээрээ тэргүүлэгчээр ажиллаж байна. Миний ярьдаг зүйл бол Монгол Улсын Тод манлай уяач буюу дээд цолтон гэдгээрээ ММСУХ-ны тэргүүлэгч байя. Дэлхийн их спортын зөвлөхүүд, дээд удирдлагуудын ихэнх нь тухайн спортынхоо аваргууд нь байдаг. Ямарваа юмны аварга болж, дээд амжилтыг тогтооно гэдэг түүнийхээ зовлон, жаргалыг нь мэддэг мэдэрдэг байж таарна. Тухайлбал, бөхийн холбоо мэргэжсэн байгууллага учраас өнөөдөр бүх барилдааныг зохион байгуулж байгаа юм. Улсын наадамд бөхийн барилдааныг нийслэлийн Тамгын газрын дарга оноолтыг нь хийгээд, зохион байгуулдаггүй шүү дээ. Баяр наадмын комиссын даргын шууд удирдлага дор бөхийн холбоо барилдаан, оноолт, цол авах зэрэг бүх ажлаа хариуцаж байна. Гэтэл жишээ нь баяр наадмаар уяачдын холбооны төлөөлөл, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахгүй байгаа нь уралдааныг будлиантай болгох нөхцлийг бүрдүүлж, сөрөг үр дагавар, маргаан дагуулдаг байхаа. Чадвартай хүмүүс, мэргэжлийн хэмжээнд уралдааныг зохион байгуулбал тэр сайхан уралдаан болно.
-Уяачдыг уралдаан зохион байгуулах бүрэлдэхүүнд оруулчихвал өөрсдийнхөө морийг түрүүлгэж, айрагдуулах гээд будлиан гаргана гэсэн тайлбар хийдэг шүү дээ?
-Тэр хамгийн сонин хариулт. Уралдааны дүрэмтэй шүү дээ. Зурхайгаас эргүүлнэ, төдөн цагт морь мордоно гээд бүх юмыг заагаад өгчихсөн. Шинжлэх ухаан техникийн ололт гэдэг чинь бүх юмыг шийдээд, зурхай дээр эргэж үү, дундаас эргэж үү гэдгийг жирийн үзэгч ч зурагтаар харж болж байна. Төр тэнд “Мэргэжлийн холбоод шударга ажиллаж байна уу, булхай хийж байна уу” гээд зөвхөн хяналт тавиад оролцож байх ёстой. Тэгвэл зөв явах байх гэж боддог.
-Уяачдын холбоо 2013 оныг уяачийн ёс зүйн жил болгон зарласан. Энэ ер нь хэр зөв зүйтэй алхам байсан бэ?
-Миний байнга хэлдэг нэг зүйл бол морины уралдаан Монголд үлдсэн ганцхан шударга зүйл. Авлигад өртөөгүй ганц юм. Нэг айлын хоёр хүүхэд морь уналаа гэхэд аль нь ч гэсэн би урдаа орно гэж тэмүүлдэг. Тэрнээс биш би чамд чихэр өгье, чи морио татчих гэхэд зөвшөөрдөггүй. Тэр утгаараа ММСУХ-ноос ёс зүйн жил гэж зарласан явдал сайн зүйл гэж би боддог. Нийгмийн ороо бусгаа үед энэ их чухал зүйл гэж бодож байна. Бидний өссөн орчинд айлын аав бол миний аавтай адилхан, намайг сахилгагүйтэж байвал үг хэлэх эрхтэй, загнах эрхтэй, зөв замд ор гэж шаардах эрхтэй байсан. Энэ байдал алга болсон. Орцонд яваад орохоор арван хэдтэй охид тамхи татаад, шүлсээ хаяад зогсож байна. Яаж байгаа юм бэ гэхээр өөдөөс танд хамаагүй гэдэг. Тэгэхээр уяачдаараа дамжуулаад өв соёлоо мэдэх, өвөг дээдсээ хүндлэх, бусдыг хүндлэх, бусдад хүндлэгдэх Монголын том соёлыг ард түмэндээ түгээе л дээ. Монголын уяачдын холбоо 60 мянган гишүүнтэй гэж яригдаж байна. Ямар ч байсан Монголын хүн амын тал нь морь дэмждэг, морины үйл хэрэгт оролцож байгаа гэж би ойлгоод байгаа. Тэр олон хүмүүс бусдадаа ёс зүйгээр үлгэрлэж байна шүү дээ.
Нөгөө талаар наадам будилах болон монгол ёс заншил, өв уламжлалаасаа илүүтэй цолд нь шунасан, айраг, түрүү, бай мөрийг нь сонирхож байгаа уяачид байна уу гэх зэрэг сөрөг явдлууд моринд харагддаг. Тэгж ч нийгэм талаасаа шүүмжилдэг. Тэр болгоныг бид ялгаж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь уралдаан зөв зохион байгуулалттай байх нь уралдагч нарынх нь ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгч байгаа хэрэг юм. Тэгэхээр би морио сайн уячихаад зохион байгуулагчдад морио, хүүхэдтэйгээ хүлээлгэж өгөх ёстой. Өглөө найман цагт их насны морь уралдана гэсэн, морио авчирлаа шүү, та уралдааныг зөв зохион байгуулаарай. Хэрэв та уралдааныг зохион байгуулалтаас буруу болгож эрэг гуу, жалганд машинтай хүн дагуулаад миний морийг унагаасан юм уу, янз бүрийн юм оруулсан байвал та хариуцах ёстой. Ийм л байдлаар уралдаан явагдах ёстой.
-Миний бодлоор морь дагасан машинууд энэ ёс зүйн асуудалд хөндөгдөх ёстой юм шиг ээ?
-Тиймээ. Үнэхээр морины уралдаан уу, машины уралдаан уу гэмээр машинтай хүн дагадаг. Хүн болгон наадам үзэх сонирхолтой, хармаар байгаа. Энэ байдлыг хэн зогсоох ёстой юм гэхээр цагдаагийн хүчээр биш, хүн ухамсраараа зогсоох ёстой. Хүн шахалтаар биш, ухамсартай үйл ажиллагаагаар л нийгмийн харилцаанд оролцдог. Өнөөдөр бид эрх зүйт төрд амьдарч байна. Эрх зүй гэж юу юм бэ гэхээр нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүдийн нийлбэрийг хэлнээ гээд томъёолчихсон байдаг. Монголчууд дээр үеэс цөөхөн хуультай байсан. Ихэнхийг нь ёс зүйгээрээ, заншлаараа зохицуулдаг байжээ. Тухайлбал, аавдаа очиж золгох ёстой, цагаан сараар ууц тавих ёстой гэсэн хууль байхгүй. Ёс зүйгээрээ л явдаг ш дээ. Тэгэхээр зөв үйлээр зөв ёс зүйгээр уралдаан зохион байгуулагдаж байж таны асуусан зүйл зөв дэг жаягтаа орох ёстой болов уу. Ийм ч учраас ММСУХ ёс зүйн жил болгон зарласан байхаа.
-Уяачийн ёс зүйн жилийн хүрээнд хэд хэдэн шийдвэр гарсан. Дүнжингарав дөрвөн түрүүгээ хассан. Улсын баяр наадмын шүдлэнгийн эхний таваас дөрөв нь хасагдсан. Нэг талаар та уяач, нөгөө талаар энэ ажлыг хийж хэрэгжүүлж байгаа хүмүүсийн нэг. Үүнийг та аль өнцгөөс нь харж байна вэ?
-Дүрэм журам, хуулиа дагах нь ёс зүйтэй хүний шинж. Монгол, эрлийз адуу тусдаа уралдана гэсэн бол монгол адууны уралдаанд эрлийз морь уралдаж болохгүй гэдгийг ойлгосон л байх учиртай. Гэтэл монгол адуунд эрлийз адуугаа уралдуулж байгаа уяачийг ёс зүйтэй гэж үзэх үү. Таны морь нэгдүгээр үеийн эрлийз адуу гэдгийг нь хүн мэдээд, урьд өдөр нь бичиг өгөөд байхад уралдаад байхаар хасахгүй өөр яах юм бэ. Хүний юмыг хэлэлгүй авахыг хулгай гэдгийг мэдсээр байж хулгай хийж байгаа хүнийг барьж, хэргийг нь хүлээлгэх ёстой биз дээ. Түүнтэй адилхан мэдсээр байж монгол морины уралдаанд эрлийз адуу уралдуулж байгаа хүмүүсийг би хулгайчтай зүйрлэж байна. Тэд бол хулгайч уяачид.
-Уяачийн хөлс хөдөлмөрийг бодвол хэцүү шийдвэр ч гэсэн хасах нь зөв гэсэн үг үү?
-Хасах нь зөв байлгүй яах юм. Хасахгүй байж болохгүй шүү дээ. Монгол адуу, эрлийз адуу хоёрыг хольж болохгүй гээд заавар журам гаргаад эрлийз адуугаа тусад нь уралдуулж, түүнд нь тохирсон бай шагналыг өгч байгаа. Ийм байсаар байтал эрлийз адуугаа тохирсон уралдаанд нь уралдуулахгүйгээр өөр монгол адуутай уралдуулаад, ирэхээр нь нэгэнт ирчихсэн юмыг барь, барихгүй байсан юм бол яах гэж уралдуулсан юм бэ гэцгээдэг. Уралдаж болохгүй гээд байхад уралдуулаад байгаа юм чинь хасахаас өөр яахав. Дүрэм журмаа барих ёстой бус уу. Тэрийг л ойлгох ёстой. Та нөхөд ч гэсэн ойлгуулж өгөх ёстой юм. Яагаад гэхээр, буруу юм хийчихээд бусадтайгаа адилхан байж болохгүй биз дээ. Эрлийз адуутай зөндөө л хүн байна. “Макс”-ын Ганбаатар эрлийз адуугаа монгол адуутай уралдуулахгүй л байгаа биз дээ. Манай Ганбаа, Цэрэнжээ хоёр бол жинхэнэ ёс зүйтэй, ухамсартай уяачийн жишээ болсон хүмүүс. Тэд эрлийзэд эрлийз адуугаа, монголд нь монгол адуугаа л уралдуулдаг юм. Манай зарим тэргүүлэгч яалаа даа, өөрсдөө хөтлөөд оччихсон хулгайгаар давхиулж байсан түүх бий. Тэгэхээр муу жишээгээр биш сайн үлгэрлэлээр нь явцгаая л даа.
-Аз харина, өм харина гэж уяачид их ярьдаг. Нэгэнт уралдаад түрүүлээд ирсэн морийг хасчихаар өм харьчихвий гэсэн болгоомжлол ч бас уяачдад байдаг байх?
-Тэр бол уяачийн өөрийнх нь асуудал. Аз, өм харина гэдэг монгол ёс заншлын яриа. Намайг жаахан байхад ус авахаар явахад гол руу цагаан юм оруулчихна гээд усны саваа угаагаад явуулдаг байсан. Хүүхдүүдийн гар дээр шарх гарвал чи ус руу хог хийсэн үү, цэцэг зулгаасан уу, хорхой шавьж алсан уу, галд хог хийсэн үү гэдэг байсан. Түүнтэй л төстэй зүйл. Тэрнээс биш онолоор батлагдаагүй шүү дээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэж сайхан үг үүний хариулт.
Тийм учраас эрлийз адуугаа мэдсээр байж битгий монгол адуунд уралдуул гэж хэлмээр байна. Нэгэнт хууль дүрэм нь гарчихсан байхад мэдэн будилж уралдуулчихаар нь “өө хөөрхий, энэ түрүүлээд ирсэн юм” гээд морийг нь хүндлээд барьдаг зарчим байж болохгүй. Урьд нь ийм тохиолдол гаргаж байсан учраас өөгшөөд байна. Яг ингээд ганц нэг айраг, түрүү авчихсан хүн ч байна. Тухайлбал, улсын наадамд Толбот хүрэн үрээ түрүүлчихсэн, бай мөрий шагналаа авчихсан байгаа. Гэтэл дараа жил нь эрлийз нь тогтоогдоод хасагдаж байна. Тэгэхээр аман хүзүүнд орсон морь, морины эзэн жинхэнэ улсад түрүүлсэн байхгүй юу. Зургаад орсон нь хөөрхий айргаас мултарчихсан байж байна. Тэгж олон хүнийг хохироож болохгүй ээ. Наадам нэг л болдог учраас түүнийг буцаах аргагүй. Энэ болгоныг морь сонирхогчид ч ойлгох ёстой.
-Ер нь уяачийн ёс зүй гэдэгт юу юуг хамруулж ойлгох ёстой юм бэ. Та гол гол зүйлийг нь хэлж өгөөч?
-Уяач хүн ёс зүйтэй байна гэдэг нь ММСУХ-ны үйл ажиллагааны удирдлага болсон дүрэм журам, морь уралдуулах зохион байгуулалтын үйл ажиллагааг дагаж мөрддөг, эрх үүргээ зөв эдэлж, хууль дүрмийг зөв биелүүлж, ёс заншлаа дээдэлж байхыг хэлэх болов уу.
-Уяачдын эгнээ бараг өдрөөр тэлж байгаа. Гэхдээ зан заншил, ёс жудгаа мэдэхгүй хүмүүс олноороо орж ирээд дур зоргоороо аашилж байгаа болохоор сөрөг үзэгдлүүд олдоод байна уу гэж би ажиглаад байдаг юм л даа?
-Уяачийн ажлыг би салхи нь баруун хоймортоо яваа хийморилог эрчүүдийн хийдэг зүйл гэж боддог, ярьдаг. Морь руу орж ирж байгаа энэ үйл нь монгол хүний цусанд нь байгаа зүйл. Зах зээлийн нийгмийн үед урьдахаа яая гэж байгаа амьдралд морь уях хүмүүс ховор байлаа. Одоо бол биеэ засаад гэрээ засчихсан хүн өвөг дээдсийн ёс заншил, уламжлалыг дагаж, морь малтай болъё гэж бодоод моринд орж ирж байна. Тэр тусмаа гадаадад хэдэн жил амьдраад ирсэн улс морь руу их орж байна. Бидний хэн ч тэгдэг шүү дээ. Гадаадад очоод дэлхийн соёлыг гайхаад л, долоо хоногийн дараа ялаа байхгүй, монгол ахуй байхгүй болоод ирэхээр түүнийгээ үгүйлээд эхэлдэг. Тэгээд утаатай, шороотой ч монголдоо тоос татуулан давхивал ганц хийморь нь сэргэдэг. Мориныхоо зүсийг сайн мэдэхгүй, морины дэл сүүл засч мэдэхгүй мөртлөө Монгол Улсын том цол авчихаж гээд л нэг хэсэг нь шүүмжлээд байгаа. Би бол шүүмжилдэггүй юм. Тэгээд ороод ирж байгаа хүнийг зөв хүмүүжүүлэх ёстой, зөв ойлголт бий болгох ёстой. Чи моринд ороод ирсэн юм чинь эхлээд малыг хайрлаж мэдэх ёстой, морио өөрөө мордуулах ёстой, морио уяж сур гэж зааж зурж өгөх хэрэгтэй болов уу.
-Таныхаар энэ бүх зүйлийг хэн зааж сургаж өгөх ёстой юм бэ?
-Өнгөрсөн хавар би Ховдын уяачдын холбооны урилгаар очиж, уяачидтай нь уулзсан юм. Тэгэхэд Батсайхан гэдэг залуу ингэж ярьж байна. Морь сонирхож уралдуулдаг болсон чинь мориныхоо хөлсийг авах, хоолыг тааруулах, эдлэх зэргээр монгол ахуйгаа мэдэх хэрэгтэй болдог юм байна. Хүүхдүүддээ зааж өгөхийн тулд өөрөө сурах хэрэгтэй болж байна. Ямар ч байсан сүүлийн жилүүдэд хашаандаа морьтой болсноор бага хүү маань амьд амьтныг хайрладаг сэтгэлтэй боллоо гэж ярьсан. Тэгэхээр үүнийг уяачдын холбоо, дээр нь ёс зүйтэй заншлаа мэддэг ахмадууд нь залуучууддаа зааж сургах л ёстой. Анх орж ирээд морь нь давхиад, морьтойгоо ойр байгаад ирэхээрээ монгол ахуй гэж мундаг юм байдаг юм байна, адууг яагаад монголчууд төрийнхөө сүлдэнд өвөг дээдэс минь дээдэлчихсэн юм, адуу өөрөө яасан ухаантай юм гэдгийг мэдэрч л таарна. Эхийнхээ хээлэнд тээгдсэн унага нутгаа зорьдог дуу нь бодит амьдралд болсон зүйл. Адууны өөрийнх нь ухаантай, чадалтайг, монгол хүний ой тойнд өндөр үнэлэгддэгийг, дэлхийд амьд амьтны үнэлэмж өндөрт гарсныг, тэр хийморийг мэдрээд ирэхээр хүн зөв явах, өөдрөг явах, тэмүүлэлтэй байхын зүй тогтдог юм уу. Морь нь сайхан давхиад ирэхээр уяач нь ч бай, унаач хүүхэд нь ч бай, бусдад хүндлэгдээд явна. Нэгэнт бусдад хүндлэгдсэн хүн бусдыг хүндлэхээс аргагүй болно. Тэгэхээр 100 морь уралдаад тавхан морь айрагдахад тэр тавдаа бусад нь баяр хүргэж чаддаг, тэгээд наадам сайхан боллоо гэж баярладаг монгол үндэсний наадмын өөрийнх нь агуу чанарыг тэр хүмүүст мэдрүүлж байдаг юм. Наадам сайхан уу гэж асуудгаас биш, чиний морь хэр давхив гэж шууд асуудаг хүн байдаггүй. Хариуд нь сайхаан, миний морь лав ороотой, эсэн мэнд сайхан наадлаа гэдэг.
-“Морь уях бол төрийн хэрэг юмаа” гэж таны аав хэлж байсан гэдэг. Магадгүй уяачдын ёс зүй гэдгийг төлөвшүүлэхдээ энэ үгийг уриа болгомоор ч юм шиг?
-Энэ бол 1970 онд миний аавын хэлсэн үг. 1970 он гэдэг бол чанга үе, наадам нь ч тоотой байлаа. Монгол наадам өөрөө төрийн үйл хэрэг мөн үү гэвэл мөн. Долоодугаар сарын 11-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол төрийн их наадам ёслол төгөлдөр эхэлж байгааг тунхаглан зарлаж байна” гээд наадмыг эхлүүлдэг, бас хаадаг биз дээ. Тэр наадам юунаас бүрддэг юм гэхээр бөхчүүдээс, харваачдаас, уяачдаас. Дорж морь уяхгүй юм бол, чи, би морь уяхгүй юм бол монгол наадам бүрдэхгүй нь байна. Тэгэхээр уяачийн үйл хэрэг нь төрийн үйл хэрэгт оролцож байгаа юм. Нэгэнт төрийн үйл хэрэгт оролцож байгаа юм бол зөв оролцох ёстой. Морины сүүл боогоод мордуулах хувь хүндээ сайхан ч гэлээ би төрийн хэрэгт оролцож байгаа шүү гэдгээ ухамсарлаж байх хэрэгтэй.
Хуулиас болоод золгүй явдал гараад байна гэж үзэж байгаа бол тэр өрөөсгөл ойлголт
-Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдал гэдэг асуудал энэ жилийн хурц сэдвүүдийн нэг болсон. Энэ хүрээнд Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм гээд ажлын хэсэг томилогдчихсон. Би хурдан морины хуулийг салбар тусад нь байх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Хуульч хүний хувьд энэ талаарх таны байр суурь?
-Чи хууль гарах үндэстэй юм гэж үзэж байна. Би бол үгүй гэж үздэг. Би Монголын үндэсний баяр наадам хуультай байх ёстой гэж хууль гарахаас арав гаруй жилийн өмнө 1990 хэдэн онд анх ярьсан хүн. Хуульгүй учраас наадам будилаад байгаа юмаа гэж Яармагт далан гэдэг юм барьж морины уралдаан хийж байх тэр үед би сурвалжлагчид ярилцлага өгч байсан юм. Тэр үед амьдралыг ямар зүйлээс ургуулан бодож хэлж байсан бэ гэхээр Улсын баяр наадмыг Хотын захирагч гарч ирээд нээчихэж байсан юм. Улаанбаатар хотын наадам гэж ойлгох уу, Улсын наадам гэж ойлгох уу гэж би ярьж байсан. Ардчиллаас хойш л Төрийн их баяр наадам гэж яригдлаа шүү дээ. Тэрнээс өмнө Ардын хувьсгалын гэж яриад бөхчүүд, уяачид нутаг усаараа дуудуулж бахархах юм байхгүй байлаа. Архангай аймаг гэж цоллуулж болохгүй, заавал Их сургуулийн бөх юм уу, “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн бөх байх ёстой гэж хорьж байсан цаг үе л дээ. Тухайн үед ёс заншлыг хуульчлаад, буцаагаад хариуцлагын тогтолцоо бий болгох нь гэж намайг шүүмжилж байсан цаг үе бий. Түүнээс хойш одоогийн мөрдлөг болгож байгаа баяр наадмын тухай хууль гарсан. Харамсалтай нь энэ хууль бодит амьдралаас хөндий, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хуультай логик утгаараа зөрчилдсөн байдаг юм. Гэхдээ энэ хуулиас болоод морины уралдаан будлиантай болж байгаа ч юмуу, уралдаан дээр золгүй явдлууд гараад байгаа юм биш ээ.
-Таны татгалзаж байгаа шалтгаан юу юм бэ?
-Удирдлага болгоод ажиллуулж чадвал боломжийн дүрэм заавар, хууль тогтоол байгаа гэж би үздэг. Өнөөдөр яриад байгаа нь морин уралдааны хууль яриад байна. Монголын үндэсний баяр наадмын хууль, бооцоот уралдааны хууль хоёр өөр юм. Хуулийг зөв ойлгох, зөв тайлбарлах гэдэг бол өөр асуудал. Бид хөдөөгийнхөө уяачдад боломж олгож, улсын цол олгоно гээд бүсийн наадмуудыг хийдэг. Тэгвэл аймгийн Алдарт гэдэг чинь аймагт болж байгаа бүсийн наадамтай нь дүйх ёстой. Аймгийн уяачдын холбооны зохион байгуулдаг бүсийн уралдаан болох шаардлагатай. Энэ чинь дандаа үндэсний баяр наадмын хэмжээний үйл ажиллагаа. Тэгэхээр энэ үндэснийхээ баяр наадмын хуулийн дагуу явахад ямар ч буруу зүйл байхгүй. Морин уралдааны хууль гэдэг чинь жинхэнэ бооцоот уралдаан байхгүй юу. Бай мөрийний төлөө, төлбөр төлж уралддаг шал өөр зүйл. Бид бол монгол төрийнхөө наадмыг л бүрдүүлж байгаа улс. Монгол төрийнхөө наадамд унаач хүүхдээ бэлтгэчихсэн байх ёстой. Улсын наадмаар л нэг өдөр уралдах юм бол тэр хүүхдүүд хэдүйд нь морь унах юм. Улсын баяраар уралддаг морь бэлтгэлтэй байж амжилт гаргана. Тодорчихсон Бат-Эрдэнийн хүрэн морь шиг, Ерөөлтийн халзан морь шиг, Ононгийн хээр морь шиг морьд уралдаад, тэдэнтэй хамт жирийн нэр гараагүй морьд уралдаж, цолоо авч байх жишээтэй. Тийм учраас би хавар морь уралдаж байх ёстой гэж үздэг хүн. Монголд цагаан сараар битүүний барилдаан болдог. Түүнтэй адил хаврын уралдаан тогтсон өдөртэй болох ёстой болов уу. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд морь уралдана гэдгийг ард түмэн бүгдээрээ мэддэг байх жишээний. Монголчууд “жилдээ сайн явсан нь шинэлэхдээ мэдэгдэнэ, залуудаа сайн явсан нь өтлөхдөө мэдэгдэнэ” гэдэг.
Морь унах асуудлыг хуульчилна гэвэл зургаан настай хүүхэд морь унаад хонь эргүүлэх гээд найзтайгаа уралдаж байгааг, долоон настай хүүхэд сургуульдаа очих гэж морьтой давхиж явааг яаж хуульчлах вэ. Иймээс ёс заншлынхаа дагуу уралдаанаа хийгээд явахад болох байхаа гэж боддог.
-Чухам хүүхэд унадаг, энддэг энэ асуудал л хуулийн төсөл хүртлээ даамжирсан хэрэг шүү дээ?
-Байгальтайгаа харьцаж мэдэхгүйн гай. Гуравдугаар сарын нэгнээс хойш цас хайлж хайлмаг бий болдог. Өдөртөө хайлаад оройдоо мөс тогтчихдог. Тэрэн дээр нь морь халтирч унадаг байхгүй юу. Цагаан сараар шинийн гурванд уралдаад хаана хэний морь ойчоод, хэний хүүхэд унасан юм бэ? Нэг хүн гарч ирээд шинийн гурванд уралдана, нөгөө нь шинийн найманд уралдана гэдэг л буруу юм болов уу гэж би ойлгодог. Тогтсон өдөртөө уралдаад, зам нөхцлийг нь хангачихвал бүх аймаг шинийн тавандаа уралдаанаа хийнэ шүү. Яг шинийн гурванд юм уу, шинийн таванд шуурга тавиад байвал нэг өдөр урагшилж, хойшилж уралдаж болно шүү дээ. Ийм байдлаар зохицуулах эрх зүйн зохицуулалт хийгээд өгвөл зөв юм. Тэгээд гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд морь уралдуулахгүй байх хэрэгтэй. Байгалийн нөхцөл нь тийм юм. Зарим улс намар 10, 11 дүгээр сард уралдаж болно гэж ярьж байна. 10 сард хэн ч морио уралдуулахгүй. Тухайлбал, Даваахүү гуайн Хөдөлмөрийн баатрын мялаалга наадамд хаана давхисан нь хамаагүй гэж би морио аваачиж мордуулж байгаа юм. Дандаа битүү морьд байснаас хурдан хурц, аварга морьд очихгүй байгаа биз дээ. Намар морь уралддаг цаг биш. Яагаад гэвэл адууны хайланги цаг нь. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн гуравнаас гуравдугаар сарын нэгэн хүртэл уралдаан хийж болно гэх байдлаар дүрэмдээ зааж өгөх хэрэгтэй. Хаврын уралдааныг эрс хориглочихоор өнөөдөр морь тэжээж байгаа улс ажлын байргүй болно. Гурван хүүхдээрээ морь унуулаад, хоёулаа айлын морины баас цэвэрлээд амь зууж байгаа айлыг яах юм. Бүтэн нойртой хонож байгаа айлыг ахиад траншейнд гаргах гээд байгаа юм уу. Өнгөрсөн хавар гэв гэнэтхэн морь уралдахгүй гээд хаахад Өлзийт хорооны хоёр дэлгүүрийн архи, пивоны борлуулалт 100 хувь өссөн. Морь тэжээдэг залуучууд уугаад сууж байхтай таараад асуухаар “Дууяа ах аа, бид ажилгүй болчихсон юм чинь тэжээлийнхээ мөнгөөр пиво ууж байна аа” гэцгээж байна . Амьдралд ойр, үндэслэлтэй дүрэм журамтай болмоор байна. Одоогийн хуульд долоон наснаас дээш хүүхэд морь унаж болно гээд заачихсан. Гэтэл үүнийг ес болгоё гээд байгаа. Ямар хууль зүйн үндэс тавиад байгаа юм. Нийгмийн харилцаанд орохдоо эрх зүйн чадамж гэж байдаг юм. Тэгэхээр есөн настай хүүхэд ч, долоон настай хүүхэд ч ялгаагүй эрх зүйн чадамжгүй учраас адилхан аав ээжтэй нь л гэрээ хийнэ. Өнөөдөр морь унаж байгаа хүүхдүүдийн олонх нь дөрөв, таван настайгаасаа морь унаад сурчихсан, морины давхилын хурдаа тодорхойлоод уралдах хэмжээнд хүрсэн байдаг. Хүүхэд багаасаа унахаар зоригтой байдаг юмаа гэж тайлбарлахаар та нар хүүхдийг айж мэдэхгүй үед нь морь унуулж байна гэдэг. Харин ч морь унахгүй удах тусмаа төсөөрч айдаг болдог. Би л лав оюутан байхдаа амралтаараа гэртээ очоод эхний өдөр номхон мориноос хүртэл эмээгээд байдаг. Тэгээд хоёр өдөр мордоод зүгээр болдог байсан.
-Хүүхдийн насыг өндөрсгөөд байх тусам бага насны адуу уралдах боломжийг хааж мэдэх юм гэж хүмүүс ярьцгааж байна?
-Бага насны морьд уралдахгүй болохоор зургаан насны морьд уралдахгүй, наадам болохгүй шүү дээ. Нэгэнт хоёрхон нас уралддаг юм бол монгол наадмыг явуулаад яах юм. Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг бол үндэсний өв соёл, зан заншил. Тэр ч утгаар нь хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёлд бүртгэгдээд байна. Ингэж хамаагүй өв соёлоороо оролдож болохгүй л байх.
-Удирдах ажилтны зөвлөгөөн дээр та хуулийн төслийг анхны байдлаар нь танилцуулж байсан. Та энд ямар, ямар заалт оруулмаар байв?
-Яг саяны зүйлүүд. Үнэндээ тэр хуулийн төсөл гэж манайхан аргаа барсан юм барьсан. За яахав, долоо, найм гээд болгочихъё. Тэгвэл хүүхдээрээ морь унуулж болох уу гээд. Үүнийгээ бүр унуулахгүй гээд шийдчихвэл яах юм бэ гээд байгаа юм. Энэ хуулийн юу нь болохгүй болоод хүүхдэд золгүй явдал тохиолдсон юм. Золгүй явдал тохиолдсоны шалтгаанаа гаргаж ирээгүй. Хуулиас боллоо гээд хууль өөрчлөх гээд байгаа юм уу, үгүй шүү дээ. Тухайн уралдааны зохион байгуулалтаас болсон. Хуулийг сольчихоор дахиад асуудал гарахгүй байна гэж байхгүй. 18 наснаас дээш морь унана гээд хуульчилчихъя. 20 настай хүн моринд мордоод өнхөрч ойчоод үхвэл болох юм уу. Адилхан л хүний амь. Тэгэхээр энэ хуулиас болоогүй юм. Энэ хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж би боддог. Үүнийг би эмэгтэй гишүүдийн сенсаац буюу улс төрд өөрийгөө таниулах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Эсвэл үнэхээр монгол наадмыг бохир бүдүүлэг гэж үздэг, хэдэн баячуудын тоглоом гэж боддог юм бол морины уралдааныг хасчих хэрэгтэй.
-Баяр наадмын тухай хуульд уяачдын хөдөлмөрийг үнэлэх тухай асуудал байсан. Дээд цолоо нэмэгдүүлье, Дархан манлай гэдэг цол нэмье. Аймгийн Манлай уяач гэдэг цолыг шинээр бий болгоё гэсэн байсан?
-Би морины бай мөрийг нэмэх ёстой гэдгийг их ярьдаг байсан хүн. Одоо тэрнийхээ эсрэг болоод байгаа юм. Бай мөрийний төлөө Монголын соёл алга болчихвий гэдгээс айж байгаа. Бай мөрийтэй, албан ёсны спортын төрлөөр уралддаг бол тийм чадвартай улс нь уралдаж болноо. Энэ бол морин спортын төрөл. Унаач нь мэргэжлийн байх ёстой. Би бол монгол наадам талаас нь харж явдаг. Би Монголын үндэсний соёлын өмнө бөхийж явах ёстой гэж үздэг. Би өвөг дээдсийнхээ бий болгосон өв соёлоор Монголынхоо түмэн дотор боломжийн хүндлэл, хайр хүлээж явдаг. Бусдынхаа хүндлэл, хайрыг би дааж явах ёстой гэж ойлгож явдаг.
Цолны төлөө их лобби явагдаж, шударга бусаар цол өгч байсан. Болзол нь биелээгүй байхад нэг морины амжилтыг хоёр хүнд хуваагаад цол өгсөн гэх мэт явган яриа яригдаж байдаг. Энэ байдлууд нь уяач сонирхогчдын хооронд үл ойлголцох явдлыг бий болгодог. Аймгийн уяачдын холбооны тэргүүний хувьд аймгийн манлай гэдэг цолыг дэмжсээн. Бид орон нутаг руугаа анхаарах ёстой. Өнгөрсөн жил би Архангай аймгийн бүх сумаар яваад уяачидтайгаа уулзаад, 60 наснаас дээш сум орон нутагтаа олон түрүү авч байсан бүх хүнд аймгийн Алдарт гэдэг цолыг олгочихъё гээд тодорхойлолтуудыг нь аваад ирэхээр Засаг дарга захирамж гаргаж өгдөггүй юм. Наадах чинь болохгүй, чи хууль зөрчиж байна гээд. Цагтаа сум орон нутагтаа 60-70 айраг авчихсан, нэгдэл нийгмийн мал хуй хаяад тухайн сум, аймгаасаа гарч уралдаж чадаагүй өвөгчүүлд тэр цолыг өгчихмөөр дөө. Цол шагнал биш учраас нийгэмд ямар ч гарз байхгүй. Аймгийн уяачдын холбооны тэргүүн байсан учраас тэрийг маш их хүсч байсан. Нөгөө дээд цол олгоё гэдэг дээр бол нэгэнт Дархан Тод манлай цолны босгыг нь өндөрт тавих ёстой гэдгийг хэлж, ийм цол зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Хэрвээ байлгах бол заавар журмаа нарийн л гаргах хэрэгтэй дээ.
-1995 онд ММСУХолбоо үүсгэн байгуулагдсанаас хойш үзэхэд өнгөрсөн 18 жилийн хугацаанд 17 дээд цолтон төрсөн байх юм. Богино хугацаанд олон хүн дээд цолд хүрсэн болохоор цолны үнэлэмж багасаж харагдаад байна уу. Эсвэл?
-Хэн ч бодоход тийм л дээ. Морь уях хялбар ажил биш. Чиний хэлээд байгаа 17 хүнээс морь уях арга барил, хэцүүг мэдэрсэн хэдэн хүн байгаа юм? Үүнийг товойлгоод ярих юм бол сонин л асуудал гарна. Өө нөгөөдөх чинь эргээд ийм юм ярьж байна л гэж хэлнэ. Бөхийн холбоо янз бүрийн шийдэл, бөөн дэг жаяг гаргаад ирсэн учраас бөхчүүдийг хооронд нь хагаруулсан. Улсын наадамд тав үзүүрлэсэн арслангийн өмнө ганц үзүүрлэсэн арслан ам авч байна гэдгийг хүн ойлгоход хэцүү шүү дээ. Үүнийг амьдрал болгоод ярихаар нөгөө хүн нь энэ намайг тэгж хэлсэн байна гээд хувийн шинжтэй болгоод ярьдаг. Уг нь бол хүнийг нь ярьж байгаа хэрэг биш, тэр тогтолцоо, дүрэм журмыг нь ярьж байгаа юм шүү дээ. Анхнаас нь цол өгөхдөө зөв жаягаараа явсан бол байдал өнөөдөр өөр байх байсан.
-Удахгүй ММСУХ-ны ээлжит VI их хурал хуралдах ёстой. Уяачид дөрвөн жилд нэг удаа ээлжит хурлаа хийж, тулгамдсан асуудлаа шийддэг, цаашдынхаа хөтөлбөрийг гаргадаг. Энэ их хурлаас та ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Бүх л байгууллага тодорхой хугацаатай, дүрэмдээ заасан хуралтай. Тухайн байгууллагын их хурал гэдэг бол эрх барих дээд байгууллага нь. Миний хувьд өнгөрсөн хугацаанд ММСУХ үнэхээр сайн ажилласан гэж үзэж байгаа. Гэхдээ орон нутгийн уяачдад хандсан тодорхой, тодорхой зүйлүүдийг дэвшүүлнэ. Тэр болгоныг би дэс дараалан яримааргүй байна. ММСУХ-ноос баримтлах ерөнхий бодлого бол монгол наадам энэ хуулийнхаа дэг жаягаар явах ёстой юм уу, хаврын уралдаан байх юм уу, морио тэжээх ёстой юм уу, унаач хүүхэд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу, адуу малаа байлах ёстой юм уу, байлахгүй юм уу гээд хүн болгоны эргэлзчихсэн байгаа асуудлыг их хурлаараа хэлэлцэж, монгол уяачдын байр суурийг нэгтгэж тодорхойлох ёстой. Тэгээд энэ байр сууриа дээшээ уламжлах ёстой гэж үзэж байна. Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан, орчин цагийн морин уралдаан хоёрыг ялгаж салгаж ойлгуулах ёстой. Уяачдын үзэл бодлыг нийтэд ойлгуулж байх хэрэгтэй. Ойлгоогүй тэр агшинд асуудал гараад байгаа юм. Хавар аймгуудын уяачдын холбооны удирдлагууд уулзаад зөвлөгөөн болсон. Тэнд хуулийн тухай ярьж байгаад нарийн дотоод журам ярьж чадаагүй. Гэв гэнэтхэн хуулийн төсөл ороод ирсэн. Уралдаан болох, болохгүй гэдэг асуудал дээр яриад л, өдөржин тэрний талаар дураараа ярьж байгаад л өнгөрсөн. Энэ талаар тодорхой ойлголтыг нийт ард түмэнд ойлгуулж, таниулж байх нь ММСУХ-ны хийх ёстой ажил. Уяач, унаач, сонирхогч нь ч бүгдээрээ зөв ойлголттой байх ёстой. Дээр нь спортын сэтгүүлч та бүхэн зөв ойлголттой баймаар байна. Монголын үндэсний морин уралдааны талаар санаа зовдог хүн хэрэгтэй болсон цаг.
-Архангай аймгийн МСУХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Аймгийнхаа МСУХ-ны тэргүүний хувьд тавьсан зорилтот ямар төлөвлөгөө байна вэ?
-Архангайн уяачдын холбооны тэргүүнээр Мөнхбат найман жил ажилласан. Аймгийн уяачдын холбоо гэж аймаг дээр цөөн хэдэн хүний хэмжээнд үйл ажиллагаа нь зогсонгидуу явж ирсэн юм байна лээ. Уяачдын холбооны удирдлагын хэмжээнд “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг Архангай аймагт хийсэн. Тэр үед ММСУХ-ны хүмүүсийн үгийг чагнахын оронд зөвлөгөөнд оролцогчид аймгийн МСУХ-ны ажил урагшлахгүй байна, 8 жил болоход нэг ч удаа хурал зөвлөгөөнөө хийсэнгүй гээд маргаж байлаа. Тэр үед энэ хэдийг эв нэгдэлтэй болгоод, сум болгоныг уяачдын холбоотой болгоод, морь уях, адууныхаа угшил удмыг сайжруулах үүрэг зорилгыг нь тодорхойлж өгөх хэрэгтэй юм байна гээд тэргүүнд өрсөлдчихсөн чинь олонхийн саналаар сонгогдсон. Тэгсэн чинь нэг хэсэг хүмүүсийн явуулга маш их яваад, хутгаад байсан. Гэхдээ тэр нэг их сонин биш. Бүх сумдаа уяачдын холбоотой болгож, бүгдээр нь явж санал хүсэлтийг нь сонсож, ажиллах чиг үүргийг нь өгч, шинэ жилийн баярыг нь зохион байгуулж, шилдгүүдээ тодруулж шагнах зэргээр тодорхой ажлуудыг хийсэн. Дараагийн асуудал бол настай улсад цолыг нь өгөөд хийморийг нь сэргээе гэсэн чинь бүтээгүй. За тэгээд гол нь монгол морь, монгол адуу, монгол соёл, монгол уяачийн ур чадвар нэмэгдэх ёстой.
-Өнөө жил /2014/ Архангай аймаг үүсч байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй?
-Архангайчууд Өвөрхангайд очоод бүх айраг, түрүүг авдаг байсан. Гэтэл нэг хэсэгтээ энэ байхгүй болсон. Өвөрхангай аймгийн уяачдын холбооны хуралд аймгийнх нь дарга “Одоо Архангай байхгүй болсон” гэж яригдах хүртэл хэмжээнд очсон. Энэ жил Архангай сүүлийн хэдэн жил гаргаагүй амжилтаа гаргасан. Арван жилийн өмнө ойгоо хийхэд зургаан насны 30 айраг түрүүний дөнгөж гурвыг нь авч байсан. Харин энэ жил манайхан сайхан наадсан.
-Гэхдээ Архангай аймгийн 90 жилийн ойн бүсийн наадмын зохион байгуулалттай холбоотой эргэлзээ тэнэгэлзээ одоо хэр нь тайлагдаагүй байна?
-Энд нэг зүйл ярихад Архангай аймгийн 90 жилийн ойн наадмын хурдан морины уралдаан үнэхээр гутамшигтай, шившигтэй юм болсон. Аймгийнхаа МСУХ-ны тэргүүн, нарийн бичиг хоёрыг морины комисст оръё гэхэд оруулаагүй. Тэргүүний хувьд комисст орох, уралдааныг будилуулж байхад нь очиж үгээ илэрхийлэх боломжгүй байлаа. Бод л доо, Монголд сүүлийн 20 жилд манай аймаг шиг уралдаан эхлэхэд нийт хэдэн морь уралдаж байгаа, ямар ямар морь мордох гэж байгааг зарлах микрофонгүй наадам гэж үзсэн үү? Сүхбаатар аймгаас очсон нэг залуу “Тод манлай, манай суманд багийн өдөрлөг болсон ч Нансалмаагийн дууг тавиад арван морь мордлоо гэж зарладаг юм шүү дээ” гэж хэлж байгаа юм. Шуудхан хэлэхэд Архангай аймгийн Иргэдийн хурлын дарга Мөнхбат гэдэг хүний увайгүй байдлаас морины уралдаан нь иймэрхүү болсон юм даа. Нэг ч мэргэжлийн хүнгүй морины уралдаан хийсэн.
-Хязаалангийн уралдаан хоёр тасарсныг яаж тооцохоор болж байгаа вэ?
-Хуулийн дагуу тооцох ёстой. Би ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар тэр асуудлыг оруулна. Буун дохиогүй морь уралдсан, эмх цэгцгүй, дүрэм зөрчсөн юм болсон. Торыг нь унагаагаад ямар ч дохио өгөөгүй байхад дайраад гараад явчихсан морьдыг барьчихаж болдог юм уу? Баяр наадмын комиссын дарга Тэрбишдагва очиж үзээд, дохио өгөөгүй байхад дайраад явчихсаныг барьж болохгүй гэсээр байтал шүү дээ. Тэгж дүрмээрээ торны цаана зогсож байсан морьдыг хохироож болохгүй биз дээ. Дохиогоор зурхай дээрээс хөдөлнө гэж дүрэмд тов тодорхой заачихсан байгаа. Нэг хэсэг нь зурхай дайраад гарчихсан, нэг хэсэг нь зурхайд ороогүй зогсчихсон бичлэг нь хүртэл байна. Архангай аймгийн 90 жилд бүсийн наадмын эрх өгчихөөд байхад баярын бичиг, диплом дээрээ баруун бүсийн гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. ММСУХ-ны тэргүүлэгчид наадамд хяналт тавих ёстой гээд дүрэмдээ бий. Гэтэл очсон улсад ямар ч зөвшөөрөл, боломж олгоогүй. Ярихад ч ичмээр.
-Бидний яриа цаг үеийн асуудлаар нэлээд өрнөлөө. Сэдвээ энэ хүрч өндөрлөөд, хувь хүний холбогдолтой цөөн асуултанд хариулт авбал ямар вэ?
-Татгалзах зүйлгүй.
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумтай “Талын хүлэгч” гал уяаныхан шифийн холбоотой ажилладаг. Эрдэнэцагаан сумын гурван их морийг та уяа сойлгыг нь тааруулж төрийн наадамд түрүүлгэж, айрагдуулж байсан.
-Монгол эрчүүдийн хоорондын нөхөрлөлийн том бэлгэдлээр Дүүгүүр саарал морь анх “Талын хүлэгч” галд ирсэн. Яруу найрагч Амартайван, яруу найрагч Лутбаяр хоёулаа Эрдэнэцагааны унаган хүүхдүүд. Энэ хоёр найз нэгэндээ адуу өгсөн. Тэр нь Дүүгүүр саарал морь байсан. Төрийн наадамд Дүүгүүр саарлыг түрүүлгэж Эрдэнэцагааны адуу хурдан юм байна гэдгийг баталж, улсын хэмжээнд алдаршууллаа гээд манай галынхныг урьсны дагуу бид Эрдэнэцагаанд очсон. Бид эндээс 11 хүн очиход тэнд 20 хэдэн хүн их сайхан хүлээж авч уулзсан. Тэгэхэд Егүзэр хээр морийг айлын адуунаас харсан юм. Тэгээд өглөө нь Энхболд бид хоёр давхиад очтол худгаас ус уугаад зөрөөд хөдөлж байна. “За Энхболд оо, чи энэ хээр морийг ав, Дүүгүүр саарлаас дутахааргүй морь байна” гээд авахуулж байсан юм. Дараагаар нь Мөнхбаясгалангийн халтар морийг мөн тэндээс авсан. Өмнө нь Мөнхбаясгалан бид хоёрын дунд ийм яриа болсон юм. “Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулах ганцхан агшин чи бид хоёрт байна. Чи морио ав, би уяя” гэж. Нэгэнт түрүү хийх гэж байгаа бол их насны мориор хийхгүй бол дэмий гээд Баттөмөр ах бид гурав давхиж очоод халтар морийг бариулаад шөрмөсийг нь барьж үзээд шууд авсан. Тэгээд Эрдэнэцагааны гурван морины нэг нь төрийн наадамд түрүүлсэн, нэг нь Дүнжингаравт түрүүлсэн, нэг нь Алтан-Овоонд түрүүлсэн. Егүзэр хээр бол 2009 онд Дүнжингаравын хурдад түрүүлж, улсын наадамд аман хүзүүдэж, Завханы даншигт мөн аман хүзүүдэж, Сэлэнгийн бүсэд тавлаж, нэг жил дөрвөн наадамд түрүүлж, айрагдан, рекорд тогтоосон хурдан адуу. Тэр амжилтыг халзан морь гарч ирж эвдлээ. Миний хамгийн баярлаж явдаг юм бол Бүлтэн халтар морийг Алтан дарь эхийн наадамд түрүүлэхэд нь хоолой зангираад үг ч хэлж чадахгүй байсан. Би зөндөө л олон морь түрүүлгэж, айрагдуулсан. Морь түрүүлгэх болгонд овооны наадам байсан ч баярладаг. Гэхдээ тэр их том наадамд, яг Сүхбаатарын нутагт тэр хүлгийг түрүүлгэнэ гэдэг бүр их онцгой байсан даа.
-Луугийн шарга ч мөн л Эрдэнэцагааны унаган адуу. Мөн л та уяаг нь тааруулж төрийн наадамд жолоо өргүүлсэн байдаг?
-Лутаагийн шарга морь аргагүй сайн их насны морь. Соёолондоо улсад айрагдаад, Завханд очиж айрагдсан. Уг нь бол улсын наадамд түрүүлсэн юм. Морио мордуулчихаад гэртээ хоол ундаа идэцгээж байгаад Лутаад “Чиний байх газар энэ биш, зурхай дээр очоод хадгаа бариад сууж бай. Чиний шарга морь нэг бол түрүүлнэ, нэг бол гуравт орно” гээд явуулсан. Цагаан хөтөл даваад доод утасны мод дагаад морь гарч ирэхэд дурандаад, шарга өнгөлөөд гараад ирлээ гэцгээж байхад ч цаашаа хараад хэвтээд байсан. Сүүлд нь бичлэг харсан чинь бараг түрүүлсэн юм билээ. Түрүүлэхгүй юмаа гэхэд аман хүзүүнд орсон. Гарцаагүй толгой илүү орсон байсан. Лутаа дараа нь “Миний морь аман хүзүүдэж байхад гурвын пайз өгчихсөн байна шүү дээ” гэхээр нь “Миний хөгшин төрийн наадам дээр яах юм, аман хүзүүлэх, гуравлах хоёр яг адилхан” гэсэн дээ.
-Тод манлайн сэтгэлд хоногшсон олон сайхан наадмууд байсан байх. Шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаан тэдний нэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Хүмүүс тэрийг тохиолдлынх гэж ярьж магадгүй. Урьд өдөр нь Баянжаргалдаа “Улсын наадамд аман хүзүүдүүлж үзлээ, маргааш түрүүлүүлэхийн төлөө уралдуулчихна шүү. Хамаагүй явуулж байгаад хойшоо ухарчихвал гомдохгүй биз дээ” гэж хэлсэн. Улсын наадамд шаргын давхилыг уяаныхаа хоёр азарганы давхилтай харьцуулж харж байсан юм л даа. Хоёр азарганыхаа ажлыг хийгээд, мордохынх нь өглөө халтар азарганыхаа унтаж байгааг хараад үнэхээр түрүүлэх байх гэж бодогдоод байсан. Тэгээд уралдааны явцад халтар азарга шаргын араас явж байгаад хоцорсон. Бичлэг үзэх юм бол аймаар ш дээ. Зарим нь хоёр азаргаа шаргатай холбоод тэллээ, гээд л янз бүрийн юм яриад. Энэ бол хүний амьдралд тохиолдсон сайхан түүх. Их хурдад хоёр азарга оруулах ч юм уу, Өндөр гэгээний наадамд таван их насны морио нэгийг нь түрүүлгээд, хоёрыг нь айрагдуулаад, гурван их насны морь оруулах нь хүн болгонд оногдох буян заяа мөн үү. Тэрнээс гоё амжилт гаргасан хүмүүс бас бий. Онон багш Их хурдад гурван их насны морь оруулж байсан. Манай Даваа ах нэг өдөр төрийн наадамд гурван түрүүг нь авсан. Төрийн наадмын түүхийн цуваанд 15 азарга түрүүлгэсэн гээд бидний хүрч чадахгүй оргил. Хүн мөрөөдөлтэй, хүсэлтэй байх юм бол түүнд хүрч болно. Мэдээж тэр өдөр миний амьдралд тохиолдсон аз жаргалтай, сайхан агшнуудын нэг байж таарна шүү дээ. Тэрнээс илүү нь тохиолдохыг би яаж мэдэхэв, давхиулж байсан нь ч магад. Гэхдээ үүнийг хэзээ ч мартахааргүй баяр байхгүй юу. Ийм үйл болчихсон учраас халтар азарга маань мөнхөжсөн. Баянжаргал мөнхөжсөн. Баянжаргалын халтар азарга зүгээр Их хурдад түрүүлээгүй, шарга азаргыг ид босоо байх үед нь дийлж түрүүлсэн. Энэ явдал тэр наадмыг дэлгэр болгож чадсан. Тэр агшинд хүн баярлаж чадсан байх. Үүнд би омогшиж явдаг. Үүнээс илүү сайхан амжилт гаргахын төлөө зүтгэнэ шүү дээ. Амьдралын хамгийн утга учир бол хүслэн биелэх. Сайхан юмыг хүсч, мөрөөдөж явах ёстой. Тэрийгээ биелүүлэх ёстой. Хүсэл мөрөөдлөө биелүүлсэн хүн жаргалтай байдаг.
-Та монгол эрийн гурван наадмын хоёроор нь төрд үнэлэгдчихсэн. Монгол улсын Тод манлай уяач, Монгол улсын начин. Гурав дахь төрөл сурын харваагаар оролдож байсан уу?
-Эрийн гурван наадмаас монголчууд морь, бөхийг илүү сонирхож байна. Сур харвааг сонирхогчдын тоо цөөхөн байна гэдэг. Гэхдээ сур харваа агуу зүйл юм билээ. Үүслийг нь аваад үзсэн ч анхны талдаа орох жишээтэй. Сур харвахдаа харваач хүн оюун ухааны төвлөрлийн дээд цэгт очиж байж харвадаг. Зүрхнийхээ цохилтыг өөрөө мэдэртлээ төвлөрөх ёстой. Энэ утгаараа харвааг сонирхож байгаа. Би хоёр жилийн өмнө хүнээр нум сум хийлгэж авсан. Гэрийнхээ хоймортоо зодог шуудагтайгаа хамт залсан байгаа. Түүгээрээ ганц нэг сум тавьж байгаа. Би сур харваад амжилт олохдоо биш, үүнийг ойлгох ёстой юм байна гэж мэдэрсэн. Тэгээд ганц нэг хүнтэй “би тан дээр очиж бэлтгэл хийе” гээд ярьсан байгаа. Ер нь Монгол үндэсний юм болгоныг ойлгож явах ёстой. Тухайлбал, намайг нэг малгай өмсчихсөн чинь эхлээд хаан малгай, ноёны малгай гээд янз бүрээр л ярьсан. Тийм киноны баатартай, тийм дүртэй адилхан байна ч гэнэ үү. Жанжин малгай, Тод манлайн малгайг би өдөр тутам өмсөөд байх ямар ч боломжгүй шүү дээ. Нөгөө талаар жанжин малгай гэдэг чинь 1921 онд Ардын хувьсгал ялахад Сүхбаатар жанжны өмсөж байсан цэрэг малгай. Тэрнээс өмнө хэзээ ч тийм малгай байгаагүй. Би монгол хүн юм бол монголоороо явъя л даа.
-Бидний урилгыг хүлээн авч, дэлгэр сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Монголын их соёлд мэхийх таны үйлс бүтэмжтэй байх болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна