Баянхонгор аймгийн Галуут сумын уяачдын холбоо шинэ тэргүүнтэй болжээ

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 11 -нд

Баянхонгор аймгийн Галуут сумын “Том чихт бор” морин спорт уяачдын холбооны ээлжит чуулган саяхан амжилттай болж өндөрлөжээ. Уг чуулганаар уяачдын холбооныхоо дүрэм журмыг шинэчлэн боловсруулж, уяачдад аймаг, сумын Алдарт уяач цол олгох болзолд нэмэлт өөрчлөлтүүд хийсэн байна. Тус сумын уяачид хоёр жилийн өмнөөс Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дорнод зэрэг аймгаас хурдан хүлгүүд маш эрчимтэй худалдан авч эхэлсэн бөгөөд өдгөө сумын нийт уяачдын 95 хувь нь зүүн аймгаас цус сэлбэлт хийсэн байна.  Энэ ч утгаараа хурдан морины уралдааны чанар сайжирч, уяачид нь зэргэлдээх сум, аймгаасаа айраг, түрүү тасралтгүй хүртэх болжээ. Мөн унаач хүүхэд, хурдан морины аюулгүй байдлыг хангах, улсын стандартад ойртуулах үүднээс морин уралдааныхаа газрыг өөрчилсөн нь олны талархлыг хүлээгээд байна. Тус холбооны ээлжит чуулганаар удирдлагын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинэ тэргүүнийг сонгосон. Энэ удаагийн тэргүүний сонгуульд Хайрхан багийн Иргэдийн хурлын төлөөлөгч  Н.Амарсайхан, тус сумын Засаг даргын орлогч Г.Дүүрэнбилэг нар өрсөлдсөнөөс нийт уяачдын 68.9 хувийн саналаар Г.Дүүрэнбилэг тэргүүнээр сонгогдсон байна. 2014 оны хувьд тус холбоо Баянхонгор аймгийнхаа Хангайн бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулах бөгөөд энэ уралдааныг аймгийнхаа жишиг уралдаан болгох зорилго тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна