Морин жилийн анхны харваа боллоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 11 -нд

Монголын уламжлалт харвааны холбооноос модон морин жилийн анхны харвааг зохион байгууллаа. Морин жилд монгол нум сумыг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлэх ажлын нээлтийн ажиллагаа, Монголын Уламжлалт Олон Улсын Харваачдын Холбоо шинээр үүсгэн байгуулагдсаны баярын энэхүү харваанд 70 гаруй тамирчид оролцжээ. Тэднээс эрэгтэйчүүдийн төрөлд “Хангарьд” спорт хороо, “Гложейкс” группын харваач Б.Ёндон 48 оноогоор түрүүлсэн бол “Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернейшнл” компанийн харваач Ш.Батхуяг  36,  “Бурхан халдун” группын харваач Х.Энхчулуун, “Мон Дэ” компанийн харваач Х.Болдбаатар, “Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернейшнл” компанийн харваач Б.Батбаатар нар 33 оноогоор тус тус удаалсан байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ С.Энхтунгалаг 25 оноогоор тэргүүлсэн бол С.Өлзийжаргал /Төв аймаг “Зуун мэргэн” холбоо/ 16, Х.Оюунчимэг 15, Х.Пүрэвсүрэн /”Алдарт” спорт хороо, “ЖЕМ интернэйшнл”/ 15, Б.Цэцэг /Төв аймаг “Зуун мэргэн” холбоо/ 12 оноогоор удаах байруудыг эзэллээ.
Уг тэмцээний үеэр 2011 онд Солонгос улсад зохион байгуулагдсан дэлхийн уламжлалт харваа тэмцээний аваргаар шалгарсан А.Александрт ОУХМ-ын үнэмлэх, тэмдгийг нь ССАЖЯ-ны Спортын бодлогын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн гардуулсан юм.
Дашрамд сонирхуулахад, ССАЖЯ-ны Соёлын өвийн сайдын зөвлөх, СГЗ Ч.Төмөрбаатар,  Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат ахлагчтай монгол нум сумыг ЮНЕСКО-гийн биет соёлын өвд бүртгүүлэх ажлын бүрэлдэхүүнд МУХХ-ны тэргүүн М.Зоригт, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанжав, Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Археологийн хүрээлэнгийн судлаач н.Эрдэнэ-Очир, Төв архивын захирал М.Эрдэнэбат, МУСГЗ С.Сүхбаатар, МУ-ын Даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү, сум урлаач Д.Мөнхгэрэл нар багтсан байна. Мөн эртний олдвор болох XV зуунаас өмнөх дэлхийг байлдан дагуулж байсан монгол эвэр элэг, шөрмөсөн артай нум сумны хэлбэр хийц, технологийг биет соёлын өвд бүртгүүлэх судалгааны ажлыг явуулж байгаа аж.
Түүнчлэн МУХХ Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран баримтат кино бүтээх бөгөөд зураг авалтын нээлтийн ажиллагаа болсон юм. Энэ баримтат киноны ерөнхий редактороор Л.Цагаандалай ажиллана.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна