Үзэгчдийг өндөлзүүлсэн сар шинийн барилдаанаас ...

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 03 -нд

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярын барилдаан дуулиан шуугиан ихтэй, дурсах барилдаан олонтой сайхан боллоо.
Хүчит бөхийн барилдааныг улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдлаа. Ойрын үед зодоглоогүй у.а Д.Азжаргал, у.г И.Доржсамбуу, у.х Г.Элбэг, Н.Түвшинбаяр нар зодоглолоо.
Бөхийн барилдааны нэгийн даваа эхлэнгүүт Дорнод аймгийн харьяат а.н Ш.Нямсайхан у.г И.Доржсамбууг өвдөг шороодуулав. Төд удалгүй Ховд аймгийн харьяат а.н Б.Тайван у.г Ж.Бат-Эрдэнийг дагуулж мушгиад, а.н Ц.Адьяа у.з Б.Батмөнхийг шахаж татаад, а.х Б.Төмөрбаатар у.х Ө.Бат-Оршихыг тахимдаж дайраад, а.х М.Мэндсайхан у.х Т.Мөнгөнцоожийн хөлд орж дэрлээд давав. Энэ шуугиан намдаагүй байхад Завхан аймгийн харьяат а.н П.Батсүх у.х Л.Пүрэвжавыг, а.х Б.Лхагва-Очир у.х Э.Батбаатарыг, а.х Д.Мөнхболд у.ө.и.н И.Ёндонсамбууг, а.х А.Отгонбаатар у.н Н.Бүрэнбаатарыг, а.х Ш.Мөнх-Од у.н Ду.Батбаярыг, а.х Б.Бат-Өлзий у.ө.и.н Ж.Отгонбаярыг, а.х С.Золбаяр у.н Б.Насандэлгэрийг, а.х Ч.Бүрэнзэвсэг у.н Ш.Тогтохбаярыг, а.з Н.Золбоо у.н С.Багахүүг тус тус өвдөг шороодуулав.
Энэ даваанд у.н Л.Нямсүрэн а.х Д.Тогтохжаргалыг дагуулж мушгиж тонгороод, а.а Л.Шинэбаатар а.з Б.Бадамсүрэнгийн хөлд орж дэрлэж дараад, а.а П.Батхуяг а.а С.Идэрсүрэнг мушгиж тонгороод, а.а Б.Уугандаваа а.а Бо.Батжаргалыг халз хутгаад, а.а Х.Оргилболд а.а Б.Баатарцолыг өмсөөд, а.а Д.Амарсайхан а.а Б.Бат-Оршихыг гар уургалж мушгиад, а.а Ц.Бямбаа а.а Ш.Дарханбатыг солгой хавираад давсан барилдаанууд үзэхэд урамтай, ярихад үнэнтэй байлаа.
Мөн МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар зодоглон барилдсан нь үзэгч олны талархлыг хүлээв. Энэ даваанд у.х Г.Элбэг, у.ө.и.н М.Жамьянпүрэв, у.н Ж.Гансүх нарын ахмад бөхчүүд аймгийн харцага, начингуудаар давлаа.
Хоёрын даваанд у.а Х.Мөнхбаатар а.н П.Батсүх нарын барилдаан тун ойролцоо газардаж дахин барилдахад арслан давхар тохоод давчихав. У.з М.Өсөхбаяр а.х Б.Бат-Өлзийтэй удтал барилдаж барьц сонгож мушгиад а.х давлаа. Мөн а.н Ш.Нямсайхан С.Мөнхбат аваргыг толгой уургалж хөмрөөд тун дөхүүлээд унасан бол у.з Б.Соронзонболд а.х С.Золбаярыг дагуулаад хавирчихав. Мөн у.ө.и.н Ц.Лхагвасүрэн а.а Ш.Пүрэвгарьдыг их холоос давхар тохоод шидчихэв.
Сүүлийн үед барилдаан нь илт сайжирч буй Сүхбаатар а.х Б.Зоригтбаатар у.х Г.Элбэгийг сэжиж эргээд, а.а П.Батхуяг у.ө.и.н Ш.Жаргалсайханд барьц сонгуулсан ч хутгаж түрээд, а.а Ч.Ганзориг у.н С.Батсуурийг тойрч ард нь гарч татаад, а.а Г.Отгонбаатар у.н Р.Пүрэвдагвыг хөлд нь орж цацаад, а.х.а О.Гантулга а.а П.Мөнхбатыг хавираад, у.н Ж.Гансүх а.а Д.Тамирыг давхар тохоод, у.н Ч.Баянмөнх а.а Д.Амарсайханыг тахимдаад, у.н Ц.Одбаяр а.а Ц.Чимэддоржийг хонгодож цацаад давлаа. Мөн а.а О.Хангай а.х.а Ш.Мөнгөнбаатарыг өвдөг шороодуулав.
Бөхийн барилдааны гурвын даваанд у.ав С.Мөнхбат а.а Г.Отгонбаатарыг хөлд ороход сөрж түлхээд, у.х А.Цацабшир а.а П.Батхуягийг давхар хамаад, у.х Н.Батсуурь а.а Д.Болдбаатарыг дүүгүүрдэж эргүүлээд, у.н Д.Цогзолдорж а.х Т.Амартүвшинг тахимдаж түлхээд, у.н П.Ганхүү у.а П.Бүрэнтөгсийг барьц сонгож мушгиад, у.н Ч.Баянмөнх а.х Б.Бат-Өлзийг шахаж татаад, а.а О.Хангай у.н Т.Баасанхүүг тахимдаад, а.а Ч.Ганзориг у.н Л.Нямсүрэнгийн хөлд орж дэрлээд, а.а Ж.Алтаншагай у.з Т.Санчирыг барьц сонгож зайлж хавираад, а.а Н.Жаргалбаяр у.ө.и.н Ш.Уламбаярыг өвдгөөрөө хашиж тойруулж татаад, а.х.а О.Гантулга у.н Б.Сугаржаргалыг мордоход дагуулж зайлаад тус тус орхилоо. У.а Д.Ганхуяг эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул нутгийн дүү у.н Б.Сангисүрэнг амлаж тахимаа өгөв.
Тунасан хоёрын барилдаанд а.х.а Б.Одгэрэл дагаж мордоод а.а Л.Лха-Очирыг давлаа.
Оноолтын онцгой даваанд у.г Б.Гончигдамба а.х.а О.Гантулгыг харцагадаж хавираад, у.з Д.Баасандорж а.х.а Б.Одгэрэлийг мордоод, у.х Т.Өсөх-Ирээдүй у.н Ц.Одбаярыг хутгаад, у.х Ц.Содномдорж у.н Б.Сангисүрэнг сугадаж тахимдаад, у.х Ө.Даваабаатар у.н Ч.Баянмөнхийн хөлд орж дэрлээд, у.н П.Ганхүү у.х Н.Батсуурийг голлож түрээд, у.н Б.Амарзаяа  у.н Б.Пүрэвсайхан у.з Б.Соронзонболдыг шахаж татаад, а.а О.Хангай у.а Д.Азжаргалыг барьц сонгож өргөөд давлаа.
Мөн энэ даваанд у.з Ч.Санжаадамба а.х.а Ч.Батчулуун нар оноолт таарч зааныг мөргөөд хөөхөд арслан дагуулж шидээд тун ойрхон газардаж ахин барилдаад заан өвдөг шороодуулллаа.
Тавын даваанд аварга С.Мөнхбат у.н П.Ганхүүг мордоод, у.г Д.Рагчаа у.з Д.Баасандоржийг мушгиад, у.г Б.Гончигдамба у.х Ө.Даваабаатарыг хонгодоод ард нь гарч сэгсрээд, у.з Ч.Санжаадамба у.н Б.Амарзаяаг тахимдаж дайраад, у.х Ц.Содномдорж у.н Б.Пүрэвсайханыг шуудагдаж мордоход дагуулж хөмрөөд, у.х А.Бямбажав у.ав Г.Эрхэмбаярыг гар уургалж татаад, а.а О.Хангай у.а Х.Мөнхбаатарыг давхар тохоод тус тус давлаа.
Зургаагийн даваа эхлэхийн өмнө А.Сүхбат аварга “Ирээдүйн аварга” шагналаа Увс аймгийн Тэс сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, МУ-ын начин Д.Нэгдэлийн бага хүү, аймгийн арслан Жаргалбаярт олгов.
Мөн “Улаанбаатар хивс” ХК-ий “Цахиур хагалах бөх”-ийн шагнал, мөн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн “Улсын цолд ойрхон бөх” шагналын эзнээр Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан Оргихын Хангай тодорлоо.
Зургаагийн даваа эхлэнгүүт а.а О.Хангай у.ав С.Мөнхбатыг давхар тохоод, у.г Д.Рагчаа у.х А.Бямбажавыг дагуулж мушгиад, у.з Ч.Санжаадамба у.х Э.Оюунболдыг дотуур дан хавираад давлаа. Мөн энэ даваанд у.г Б.Гончигдамба у.х Ц.Содномдоржийг амлаж гар уургалж хөнтрөөд тэр чигт нь мордож улмаар суйлаад давлаа. Гэсэн ч харцага унасан хойноо гардийн гарыг нь холбож хөшсөн нь туйлын буруу үзэгдэл байв. Бөхийн торгон дэвжээнд мөр зэрэгцэн барилдаж буй идэр залуу нөхрөө гэмтээх үйлдэл хийсэн нь харамсалтай.
Долоогийн даваанд у.г Д.Рагчаа у.г Б.Гончигдамбыг амлаж, заан Ч.Санжаадамба аймгийн арслан О.Хангай нар тунав. Тунасан хоёр тун удсангүй, зааныг сугадаад хавирахад хийн дээр нь дагуулж мушгиад аймгийн арслан О.Хангай давлаа. Хоёр гардийн барилдаан хүч шавхсан барилдаан болж Б.Гончигдамба гарди сугадаж мушгиад, давхар тахимдаад дутуудсан бол Рагчаа гарди тойруулж барьсан барьцаа улам лавшруулж мордоод давлаа
Үзүүр түрүүнд гарди Д.Рагчаа барьц сонгож шахаж татаад давснаар сар шинийн барилдаанд 38 насандаа түрүүллээ. Ховд аймгийн арслан Оргихын Хангай 7 давж аймгийн цолтойдоо үзүүрлэсэн гурав дахь бөх боллоо.

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна