Сайчууд үлддэг сар шинийн заануудын барилдаан

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 23 -нд

Жил бүрийн сар шинийн сумын заануудын барилдаанд сайн барилдсан бөхчүүд улс аймгийн цолд хүрсэн уламжлал гэмээр зүйл бий.
2009 оны сар шинийн барилдаанд эдүгээгийн улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал түрүүлж, Дарханы Сүхбаатар Ерөөлт арслан үзүүрлэсэн билээ. Их шөвөгт С.Ерөөлт Говь-Алтайн Батсуурийн Цэцэнбаатарыг амлаж ардаа алдсан ч тун уран этэж даваад үзэгч олныг гайхшруулж байв. Усникагийн Батгэрэл мөн 4-т үлдээд Б.Сугаржаргалтай тунаж шорооджээ.
Энд үлдсэн залуусаас эдүгээ нэг нь улсын начин хоёр нь аймгийн арслан цолд хүрчээ. Харин Хантайширын Б.Цэцэнбаатар зодоглохоо больсон бололтой.
2010 онд Сугаржаргал начин ахин түрүүлж Жалаа начны хүү эдүгээгийн а.х Баясгалан үзүүр булааж байлаа. Их шөвөгт Увсын Даваасамбуугийн Энхбаяр шалгарсан бөгөөд тэр зунаа аймгийнхаа наадамд түрүүлж арслан болсныг бөх сонирхогчид маань андахгүй мэдэж байгаа биз ээ. Мөн дунд шөвөгт Баянхонгорын М.Батцэнгэл, Булганы Я.Алтантулга, Завханы Б.Ганбаатар нар шалгарч байв. Тэд бүгд аймгийн цолтон болжээ. Мөн Сэлэнгийн Н.Энхжаргал Увсын Дамдины Тогтохжаргалаар, Төвийн Сүхбаатарын Ган-Идэр Их Богдын Эрдэнэмөнхөөр тус тус тав давж байв.
2011 онд Ховдын Дөргөний Очирын Жаргалсайхан түрүүлсэн бөгөөд мөн зунаа аймгийн начин цолд хүрчээ. Үзүүрт үлдсэн Төвийн Энх-Очирхуяг сумын заануудаа манлайлсан барилдсаар байна. Их шөвөгт үлдсэн чөлөөтийн Нацагсүрэнгийн Золбоо а.з болсон бол дунд шөвөгт Төвийн Сүмбэрийн Галсан-Очирын Ганжад, Хөвсгөлийн Цагаан-Үүрийн Намсрайн Баттүвшин, Завханы Идэрийн Оюунбатын Батжаргал нар шалгарчээ. 2012 оны барилдаанд Төвийн Галсан-Очирын Ганжад Хөвсгөлийн Б.Даваа-Очир, Завханы Ё.Улсболд, Хэнтийн Т.Баттулга, Говь-Алтайн Б.Энхсайхан нарын шилдгүүдийг цувруулж түрүүлсэн бол Батсүхийн Энхсайхан Хэнтийн Д.Аззаяа, Сэлэнгийн Б.Уугандаваа, Архангайн Н.Эрдэнэбаатар нарын эдүгээгийн аймгийн цолтнуудыг дараалан хаяж үзүүрлэж байв. Г.Ганжад, Б.Энхсайхан нар тэр зунаа аймаг цэргийн цолд хүрсэн билээ. Мөн их шөвөгт Хэнтийн Т.Баттулга, Архангайн Н.Эрдэнэбаатартай шалгарав. Дунд шөвөгт эдүгээгийн а.а Б.Хишигбаатар, Б.Уугандаваа нарын хамт Хотонтын Гэлиймаагийн Биндэръяа үлдэж байлаа.
2013 онд үзүүр түрүүнд Ховдын хоёр заан үлдэж Мөнххайрханы Бүрнээгийн Баянмөнх түрүүлж, Зэрэгийн Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт Төвийн Баянгийн Доржсүрэнгийн Батсүх шалгарсан бөгөөд Бат-Өлзий хоёул а.х цол хүртжээ.
Дунд шөвөгт Увсын Тодсайханы Мөнх-Эрдэнэ Өвөрхангайн голдуу залуусыг өвдөг шороодуулсаар шалгарсан бол түүний хамт туулай жилийн үзүүр бөх Б.Энх-Очирхуяг ТЭЦ-ийн И.Өлзийбадрах, Таванханы Х.Чинбат, ХЦ-ийн П.Өсөхбаатар нарыг дараалан орхиж шалгарав. Мөн Завханы Шилүүстэйн Доржготовын Батхүрэл 6 давав.
Бага шөвөгт Өвөрхангайн О.Үйтүмэн, З.Баттөмөр, Д.Наранцогт нарын хамтаар Завханы П.Өсөхбаатар, Т.Хайдавдорж, Хантайширын Г.Ганхуяг нар шалгарч байлаа. Мөн Хэнтийн Э.Дарханбат, Булганы Х.Цогтгэрэл нар 4 давж байв.
Өнөө жил хэн хэн үлдэхийг бөх сонирхогчид дор бүрнээ таамаглаж суугаа биз ээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна