Бөхчүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 22 -нд

Өнөөдөр улс аймгийн цолтой гурван ч бөхийн хорвоод мэндэлсэн баярт өдөр тохиож байгаа аж.
Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын гарди Жанцангийн Бат-Эрдэнэ өнөөдөр 28 нас хүрч байна. Өсвөр багаасаа олны анхаарлыг татаж “сахал” хэмээх Рагчаа багшийгаа олон ч удаа баярлуулсан Бат-Эрдэнэ хүү 2006 онд сумын заануудын чуулга барилдаанд үзүүрлэж улмаар тэр жилээ бүх цэргийн наадмаас ц.з, аймгийнхаа баяр наадмаас арслан цолд хүртсэн юм. Арслан цол хүртсэнийхээ хойтон жил д.ав Д.Цэрэнтогтохоор 5 давж улсын начин цолд хүрсэн билээ. Улмаар 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойгоор а.х.а Б.Одгэрэл, у.н Ж.Чулуунбат, у.а Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр нарыг дараалан өвдөглүүлж “Монгол улсын гарди” хэмээх эрхэм цолд хүрсэн билээ. Залуу гардидаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж сайн барилдахыг хүсье.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Харганат цамхаг” группийн бөх, Монгол улсын уран барилдаант начин Амарын Батмөнх энэ өдөр 25 нас хүрч байна. Өсвөр бага насандаа улсын аварга шалгаруулах барилдаануудаас удаа дараа медальт байрт шалгарч, улмаар 2009 онд Орхон аймгийн баяр наадамд эдүгээгийн а.х.а Ч.Батчулууныг орхин түрүүлж а.а цолд хүрсэн бол 2011 оны ардын хувьсгалын 90 жилийн ойн наадамд амжилттай сайхан барилдаж а.з /эдүгээ а.а/ Д.Амаржаргал, у.н Л.Наранбаатар, у.ө.и.н Б.Чинзориг нарыг дараалан өвдөг шороодуулж “Монгол улсын начин” цолд хүрсэн билээ. Начиндаа уран сайхан барилдаанаар түмэн олноо баясгаж, улам өндөр цолд хүрэхийг ерөөе.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн арслан Равсалын Дамдин өнөөдөр 34 нас хүрч буй аж. Өсвөр үеийн улсын аваргаас медаль хүртэж бас ч улсын баяр наадамд хоёронтоо дөрөв давж явсан энэ бөх 2002 онд төрөлх аймгийн наадамд Бөмбөгөрийн Л.Мөнхбаяр заанаар давж аймгийн арслан цолд хүрчээ. 2005, 2006 онуудад улсын баяр наадмын начны даваанд даян аварга А.Сүхбат, у.з Д.Бумбаяр нарт шороодсон байна. Арсландаа сайн бүхнийг хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна