Унаач Б.Эрдэнэчимэг: Ээж маань багадаа унаач охин явсан болохоор миний сайн зөвлөх байгаа юм

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 17 -нд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хурдан морины унаач охин Б.Эрдэнэчимэгтэй хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэж байна.

-Хэдэн наснаасаа хурдан морь унаж байгаа вэ?
-Зарим хүүхдүүдийн хажууд би жоохон хожуу унаач болсон. 10 настайгаасаа морь унаад одоо гурван жил болж байна.  Сүүлд зургаадугаар сарын 1-нд болсон “Дэлтэй цэнхэрийн хурд 2013” доод гурван насны морьдын уралдаанд  Нямбаатар ахынхаа морийг унаж 60,70 хавьцаа ирлээ.
-Энэ гурван жилийн хугацаанд ямар ямар амжилт үзүүлж байв?
-Мөрөн сум болон Улааны овоод их насны морь унаж хурдлуулж байлаа. Нэгэнд нь зургаагаар, нөгөөд нь 60-ын дотор л давхисан. Цаашид амжилтаа ахиулна даа.
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу юм бэ?
-Үгээр хэлэхэд хэцүү санагдаж байна. Нэг тийм гоё мэдрэмж төрдөг юмаа. Найз нарын маань зарим нь бас морь унаж хурдлуулдаг. Үеийнхээ хүүхдүүдтэй салхи татуулан барианы зүг хурдалж байх сайхан ш дээ. Гэхдээ манайх Мөрөнгийн төв дээр амьдардаг айл болохоор аминдаа адуу байхгүй ээ. Хөдөө  цөөн тооны хонь, ямаа бий.
-Ингэхэд чи яагаад унаач болсон юм бэ. Аав тань морь уядаг юм уу?
-Манай аав морь уяж байгаагүй  ээ. Бүүр хүүхэд байхдаа ч хурдан морь унаж байгаагүй гэдэг юм байна лээ. Харин ээж маань багадаа морь унадаг байсан гэж ярьдаг. Тиймдээ ч  миний сайн зөвлөх байгаа юм. Уралдааны замд гарахын өмнө аминчлан бас зөвлөнө гээч. Манайх таван хүүхэдтэй. Би дээрээ нэг ах, хоёр эгч, нэг дүүтэй. Биднээс би л хурдан морь унадаг юм.
-Хэддүгээр ангид сурдаг вэ?
-Долдугаар ангид сурдаг. Математик, монгол хэл, биеийн тамирын хичээлдээ их дуртай.
-Дүүгийнхээ хичээл сурлагад амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна