Шинэ амжилтын эзэн Бүлтэн халтар

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 16 -нд


Морь уях төрийн их хэрэгт шамдан, монгол түмнээ цэнгүүлэх үйлсэд үе дамжин зүтгэж байгаа удамт уяачдын нэг нь бор адуут Донойдоо түүний хүү Засаг төрийн зандан ширээн эзэн МУ-ын Алдарт уяач Д.Гал, ач  МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр, зээ М.Мөнхбаясгалан нар юм.  Удамт уяачдын урмыг нэмж, Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэд болгосон бахдалт наадмыг нэхэн саная.
2008 оны  Улсын баяр наадам, АХ-ын 87 жилийн ойгоор Бор адуут Доноодой түүний дөрөв дэх үеийн зээ хүү Мэндбаярын Мөнхбаясгалангийн Бүлтэн халтар морь айргийн таваар хурдалж, Донойдоон үр сад төрийнхөө их баяр наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан ховорхон тохиолын эзэд болов. Ийнхүү шинэ амжилтыг авчирсан Бүлтэн халтар  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Содоогийн унаган адуу. Дээд удмыг нь хөөвөл Хүүхэн Шүүлэнгийн хээрийн цустай гэдэг хээр морийг 10 настайд нь 2008 оны хавар М.Мөнхбаясгалан авчээ. Тухайн үед хээр морь сумынхаа баяр наадамд хоёр ч удаа гурваар давхисан амжилттай адуу байж.
Хаврын уралдаануудад  мордуулалгүй төрийнхөө их баяр наадамд мордуултал хээр морь айргийн тавд хурдалж, давхар уяагаар Алтан-Овооны тахилга наадамд түрүүлэн алтан жолоо өргүүлсэн билээ. Ийнхүү Эрдэнэцагааны унаган адуу сарын дотор улс, бүсийн чанартай хоёр том наадамд түрүүлж айрагдан, эзнээ Монголын хурдан морины түүхэн дэх шинэ амжилтын эзнээр тодруулж байсан юм.
Бага зэргийн бүлтгэр нүдтэй хээр моринд "Талын хүлэгч" галын унаач хүүхдүүд Бүлтэн гэх нэрийг хайрлаж, эзэд нь хүүхэд өгсөн нэр хэмээн бэлгэшээж түүгээр нь нэрлэсэн гэдэг.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна